Шууд Chart

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлгийн барилгын ажилтай танилцлаа

2013-09-03 17:08:02

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлөөр барих Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн барилгын ажлын явц байдалтай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон БХБЯ-ны газрын дарга Г. Мэргэнбаяр, Б. Цэдэнсамба нар өнөөдөр  танилцлаа.

Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлэг барих саналыг  АНУ-ын Блуумингтон хотын Буддын сүмийн тэргүүн Ажиа Рэнбүүчи гаргаж, түүний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллага хөрөнгө босгох ажлыг хийж байгаа юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” компани ажиллаж,  барилгын ажлыг эхлүүлжээ. Тус компанийн захирал Б.Ундрахбаяр хүүхдийн эмнэлгийн барилгын онцлог байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ зарим тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлыг сайдад хэлэв. Халаалт дулаан авах, шугмын ажил гүйцэтгэхэд зарим хөрш газрууд хүндрэл учруулж байгаа юм байна. Иймд саад бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийг  сайд газрын дарга нартаа хэллээ.

Цусны эмгэгтэй хүүхдүүдэд туслах буяны энэ ажил хэрэгжиж, эмнэлэг үүд хаалгаа нээхэд цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх эмнэлэгтэй болно.

ЭХЭМҮТ нь  0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг  байна.

Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй цусны хавдартай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тоо бий.  2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн байдаг.

Монгол хүүхдүүдэд туслах Хүүхдийн эмнэлгийн барилгын ажилтайгаа танилцахаар бурханы шашны гэгээнтэн Ажиа Рэнбүүчи манай улсад ирээд байна.  Тэрбээр буяны энэ ажлаа аль болох хурдан хэрэгжүүлэх чин хүсэлтэй явна.


Хүүхдийн цусны эмгэг-хавдрын эмнэлгийн барилгын ажилтай танилцлаа  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй