Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ч.Ганжавхлан: Хүчирхийлэлд өртсөн таван хүний нэг нь цагдаад ханддаг

2013-09-05 09:02:58
Error loading player: No playable sources found

Манай орны хувьд хүн худалдаалах гэмт хэргийн тухай хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага хуруу дарам цөөн байна. Эдгээр байгууллагын нэг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлантай уулзаж ярилцлаа.

-ТББайгууллагаа анх хэрхэн байгуулах болов?
-2012 онд хүний наймаанд охиноо алдсан Н.Ганзориг гэгч хөл, гаргүй хөгжлийн бэрхшээлтэй ахын үхлээс үүдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монголд ийм төрлийн ТББ хэд хэд байдаг ч дандаа эмэгтэй гишүүдтэй. Бид эрчүүдийн дуу хоолой хүний наймааны эсрэг гэсэн утгаар  үйл ажиллагаа явуулж байна.

-Жил орчим үйл ажиллагаа явуулахад хичнээн хохирогч хандсан бэ?
-ТББ байгуулахаасаа өмнө би хэвлэл мэдээллээр өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Тийм учраас надад хандах хандалт цөөнгүй байлаа.  Тэр үед хүний наймаанд өртсөн хүмүүсийн ар гэр, найз нөхдөөс  200 гаруй мэйл, мэдээлэл ирсэн.  Биеэрээ ирж уулздаг хүмүүс ч байсан. Гэхдээ энэ хүмүүсийн гол онцлог нь нэр, ажил, хаягаа хэлэхгүй зөвхөн мэдээлэл өгье гээд л бараг нуугдаж ирдэг. Манайх цагдаагийн газар биш.  Бидэнд худал ярих шаардлага байхгүй. Эдгээр хүмүүсийн ярианаас дүгнэхэд зарын дагуу эсвэл хүчээр  хүчирхийлэлд автсан  тохиолдлоор өртсөн байдаг.

-Ихэвчлэн ямар тохиолдолд олзлогдсон байх уу?
- Дотоодод үйлдэгдэж байгаа хүний наймаа ихэнхдээ хүчирхийллийн шинжтэй. Ямар нэгэн байдлаар өрийн дарамтанд оруулах, шууд хулгайлах, хорьж хүчээр биеийг нь үнэлүүлэх гэх мэт. Харин гадаадад үйлдэгдэж байгаа  хэрэг нь шууд үйлдэгдсэн нь ховор. Бараг ихэнх нь хууртагдаж өртсөн байдаг. Хууртагдсан гол шалтгаан нь мэдээлэл дутуу авснаас болдог. Малайз улсад л гэхэд 800 гаруй охид биеэ үнэлдэг тухай  бодит мэдээлэл байна. Эдгээрийн ихэнх нь сайн дураараа биеэ үнэлдэг гэдэг ч хүчээр бэлгийн мөлжлөгт өртөж байгаа хохирогч олон бий.

-Энэ тоог яаж гаргасан бэ?
-Албан ёсны мэдээ гаргахад хэцүү. Гэхдээ үүнийг бодитой эх сурвалжтай гэж бид үзэж байгаа. Макаод л гэхэд 400-500 охид байна.

-Манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хичнээн байгууллага байна. Харилцаа уялдаа ямар вэ?
- “Лантуун дохио” ТББ  таван сард хүний наймааны эсрэг залуусын хөдөлгөөн зарлаж энэ төрлөөр үйл ажиллагаа явуулдаг найман ТББ -ыг оролцуулсан. Тэгээд хамтарч дуу хоолойгоо өргөе , эрсдэлтэй хэцүү салбар болохоор хамтран ажиллах санал тавьсан. Энд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, зөвхөн хүчингийн эсрэг үйлчилдэг “Гүнж” төв, Хүний эрхийн хөгжил төв гэхэд л хүний наймааны биеэ үнэлдэг хохирогчдод өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг. Дээрээс нь хүний аюулгүй байдлын судалгааны төв,  “Ах эгч дүүсийн холбоо”  гэх мэт байгууллага байна.

-Танайд хандсан хүний наймааны хохирогчдын ерөнхий мэдээллийг өгөөч?
-Бидэнтэй холбоотой хүмүүс  бүгд л эмэгтэйчүүд бөгөөд ихэнхдээ дотоодод худалдагдсан байдаг. Шууд хулгайлна. Тухайн хүний ар гэрийг сайн судалж цагдаа сэргийлэхэд хандах чадалгүй гэж үзсэн хүнээ хулгайлдаг. Тэгээд шууд бэлгийн хүчирхийлэлд оруулдаг. Бидний судалснаар Шар хадны эцэс, Хөдөө аж ахуйн буудал, Саппоро гэх мэт тодорхой цэгүүдэд хэрэг үйлдэгдэж байна. Гэмт хэрэгтнүүдийн арга их нарийн. Хохирогчдыг биеэ үнэлэгч гэсэн бүртгэл хийлгэчихдэг. Тэгээд сайн дураар биеэ үнэлсэн гэдэг шалтгаанаар хууль эрх зүйн хамгаалалтанд орж чаддаггүй. Дээр дурьдсан Ганзориг ахын охин бол ийм хэргийн бодит жишээ юм.

-Ер нь ихэвчлэн хэдий насны охид байх вэ?
-18-27 насныхан.

-Танайд гадаадад худалдагдсан хохирогчид хандсан уу?
-Байгаа. Жишээ нь Малайзад худалдагдсан хүн байна.  

-Гадаадад зарагддаг ихэнх нь тохиолдол, нөхцөл шалтгаан нь?
- Эдийн засгийн боломжгүй байдал маш их нөлөөлдөг. Тэгээд сургуульд сургана, өндөр цалин өгнө  гэсэн зараар очоод бүртгүүлчихнэ. Цаад газар нь онгоцных нь тийз, бүх юмыг нь бүрдүүлээд өгнө. Гэтэл  онгоцны буудлаас огт танихгүй хүн тосоод, харанхуй өрөөнд хорьж биеийг нь үнэлүүлчихсэн тохиолдол бий.  

- Ер нь жилд ойролцоогоор хичнээн хүн худалдаалагдаж байна?
-Албан ёсны судалгаа хаа ч байхгүй байх. Харин манайд хүчирхийлэлд өртсөн таван хүний нэг нь цагдаад ханддаг гэсэн судалгаа бий. Эргээд хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин манайд их сул. Яагаад гэхээр ямар нэгэн байдлаар дарамтад орж өөрсдөө эргээд асуудалд ордог.

- Та манай уншигчдад хандаад юуг хэлэх вэ?
- Ямар ч тохиолдолд бид өөрсдийгөө хамгаалах хэмжээний мэдээлэлтэй байвал хүний наймааны золиос болохгүй. Мэдээлэл гэдэг өөрөө хүний амь болоод байна. 2010 оноос хойш  мэдээлэлгүй байсны хор уршгаар олон хүн амь насаа алдлаа. Хүний наймаачдын арга ухаан, мэдээлэл  өндөр түвшинд оччихсон шүүдээ. Энэ аймшигтай хар сэдэв. Аюулыг таньж мэдсэнээр бид аюулаас сэргийлж чадна.

Ярилцсан:Б.Саруул


Ч.Ганжавхлан: Хүчирхийлэлд өртсөн таван хүний нэг нь цагдаад ханддаг   
Үзсэн: 2858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2013-09-05 14:44
Amjilt husie dee...

Бидэнтэй нэгдээрэй