Шууд Chart

Бид ингэж амьдарч чадахгүй

2015-09-08 11:06:25

Монгол Улсын Маршал Юмжаагийн Цэдэнбал... 
 
I хэсэг

Тэнгэр цэлмэж байлаа... Бүхэл бүтэн хоёр зуу гаруй жил, төв Ази төдийгүй, дэлхий дахиныг хураан захирч, олон улс орнуудыг нэгтгэж өгсөн монголчууд зүүн зүгт орших их Хянганы нурууны цаагуур нутагтай зальхай, хомхой Манж, Түнгүс, Зүрчид нарт эв нэгдэлгүй, задгай бутархай байснаасаа болж дарлуулан доройтсоны дараа тэнгэр цэлмэж байлаа. Гэвч хэзээ нэгэн цагт үхэр шиг байсан нүүдэлчдийн эзэнт гүрэн тухайн үед элэг шиг болтлоо агшин доройтсон байв. Сибирийн өргөн тайга, Байгаль нуур, Урианхайн хязгаар оросуудын мэдэлд ороод он удаж байсан бол өмнө зүгт орших Өвөр Монголын өргөн уудам нутаг, Шинжаань Уйгарын шинэ хязгаар, Тэнгэр уулын сав газрыг хятадууд эзлээд мөн олон арван жил өнгөрчээ. Монгол Улс хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага мэт болсон ажгуу. Ардын хатан зоригт хөвгүүд харийн дайсны эсрэг хатгалдан тулалдаж, эцэг дээдсээс өвлүүлсэн газар шороог энэ бидэнд мөн тэгж үлдээхээр тэмцсэн ч, тэдгээр зоригт хөвгүүдийн ихэнх нь цаг бусаар хорлогдож байв.

Коминтерны улаантнууд Монголын хувьсгалчид, ирээдүйн удирдан жолоодогчдыг нэг нэгээр нь хөнөөж, дараа нь коммунизмын эсрэг үзэлтэн байсан мэтээр нийгэмд зарлан, тэдний гавьяа зүтгэлийг амьгүй болсон бие цогцтой нь булж байлаа. Энэ бүх үймээн тэгж улс Монголын төв Их хүрээнээс халин байтал тэртээ баруун хязгаарт нэгэн билэгт хөвгүүн ирсэн нь 1916 оны гал луу жилийн есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр байжээ. Тухайн үед Монгол Улс хараахан шинэ засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтад ороогүй, аймаг сум, баг гэх мэтээр хуваагдаагүй байсан тул тэр билэгт хүү Үнэн зоригт хан аймгийн Зоригт хан хошууны мэргэн ард Юмжаа, гэргий Заяа нарын өргөө гэрт, айлын тав дахь хүү болж мэндэлсэн ажгуу. Үнэн зоригт хан аймаг гэдэг нь одоогийн баруун хязгаарт байх дөрвөд ястаны хоёр аймгийн нэг болой. Бүр тодруулан өгүүлэх аваас Увс аймгийн Давст сумын Хандгайтын цагаан бургас хэмээх газар тэр хүү тэнгэрээс бууж ирсэн юм. Нялх биетэй гэргийгээ тэнхрүүлэхээр шинэ шөл гаргаж, дөнгөж төрсөн тохойн чинээ үрээ үзэн баяссан эр гадаа, гэрт энэ тэрийг амжуулна.

Юмжаагийн даруухан орд өргөө алсын алаас бүдэгтэн харагдах хийгээд тэднийх рүү нэгэн хуварга тэмүүлэн, тэмүүлэн алхах нь учир битүүлэг. Өрнөөс борооны хөх үүлс нүүж ирэн, хорсон хонь шиг хэсэг хотолж байснаа шингэн ширхэгтэй цагаан бороо зүсэрлээ. Аясын салхинд хийсч байсан хуваргын улаан орхимж норж, шаргалтан уйтгарлах өвс ногоон дээгүүр чирэгдэхэд ганц нэг дэвхрэг түүн дээр гарч суугаад амрах нь үзэх нүдэнд нэн тааламжтай. Хуварга тийн зүсрэх бороон дундуур явсаар Юмжаагийн гэрийн гадаа ирж, “нохой хорь” хэмээн дуу өгөв.

Гэрээс дунд эргэм насны зүс царайнд нь гэрэл тодорсон эр шалавлан гарч ирээд, бүтээсэн аргалын дэргэд боргож байсан бяруу шиг том биетэй хулан халтар Монгол банхарыг барьж хорилоо. Хуварга гэрт залрав. Эхнэр Заяа зүүн талын орон дээрээс босч ирэн, хуваргыг угтаад, өөдөө суухыг хүсэв. Хуварга гэрийн хойморт сууж, мөнгөн аяганд цай зооглохдоо хөдсөн өлгийд байх нялх үрийг ширтэн, ширтэн байснаа түүний ээжий, аав хоёрт хандан ингэж хэлэв. “Би танай тоонон дээгүүр таван өнгийн солонго татаад байхыг үзэж, баясан, бурханы номыг хурав. Танай хөвгүүн өсч өндийн алс холд явж, эрдэм номыг сурсаар удахгүй Монгол Улсын хаан ширээнд заларч, ард олныг амраан жаргаах хувьтай төржээ” гэлээ. Энэ билэгтэй сайхан үгсийг сонсон цэнгэсэн Юмжаа, Заяа хоёр хуваргаас адис авч ерөөл хүртэв.

Цэдэнбал хүү цовоо сэргэлэн, зөөлөн дөлгөөхөн зантай нэгэн болж торнилоо. Нутаг усныхан нь Юмжаагийн энэ хүүд ам сайтайг хэлэх үү, хэрвээ энэ янзаараа улирах он цагийг угтах аваас эрдэм, номтой хүн болно гэдэгт нь өчүүхэн ч үл эргэлзэнэ. Чингэтэл Цэдэнбал арван нас хүрлээ. Тухайн цаг үе бол буддын шашны нөлөө Монгол Улсаас хараахан арилаагүй байсны дээр харийн дарлалд зуун зууныг үдсэн нүүдэлчид энэ л шашны ном судраар боловсрол эзэмшдэг байсан нь нууц биш. Тиймийн учир 11 хүүхдийнхээ тав дахь хүү Цэдэнбалыг ээж Заяа нь номтой сайн лам болгохоор хийдэд шавилуулах гэсэн боловч шар торго, улаан орхимж үл олдов. Арван зүгт мордож байгаа ахан дүүст ховрын тэрхүү эдийг захиад нэмэр тусыг эс олов. Учир явдал нэгэнт ийм болсон тул гэргий Заяа арван настай хүүгээ  Давст сумынхаа бага сургуульд хөтөлж хүргэв. Цэдэнбал ээжийнхээ “Төр түмэндээ хэрэгтэй хүн болоорой миний хүү” гэсэн эрхэм захиасыг цаг мөч бүхэнд санаж бичиг үсэг тайлагдан, алсын алсыг мөрөөдөж сурлаа.

Сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх, дэвшин суралцахад үеийн нөхдөө манлайлах болсон Цэдэнбалд төдөлгүй аймгийн гэгээрлийн газраас сайхан боломж олгов. Тэр Зөвлөлт Холбоот Улс руу эрдэм сурахаар мордох БНМАУ-ын хамгийн шилдэг хүүхдүүдийн тоонд орсноор барахгүй, Улаан-Үд хотын Рабфакын сургуулийн сурагч болжээ. ЗХУ тухайн цаг үед ид бүтээн байгуулалтыг өрнүүлж, ард нийтээрээ коммунист засаглалыг бэхжүүлэхийн төлөө унтах нойр, идэх хоолыг умартан байв. Цэдэнбал энэ сургуульд 1929-1933 оны хооронд онц суралцан төгсөж, улмаар 1934-1938 оны хооронд Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн суралцлаа. Ингэхдээ тэр ачит ээжийнхээ захиасыг л санаж явсан юм. Үе, үе цэл залуухан Цэдэнбалын зүрх сэтгэл дотор төрсөн нутаг, уул ус нь тодорч, төрөлх Монгол эх орных нь дээгүүр дүүлэн, дүүлэн ирэх шувууд нүдэнд нь харагдана.

1936 оны тэр нэгэн өдөр БНМАУ-ын Маршал Чойбалсан Эрхүү хотын Санхүү эдийн засгийн сургуулиар айлчилж, тэнд суралцаж байгаа монгол оюутнуудын хичээл сурлага, байр байдал ямар байгаатай танилцлаа. Орос, Монгол, Казак, Тува, Киргиз гээд бүхий л оюунтнууд Маршалыг ирж байгаа сургаар гялалзтал нь зүлгэсэн анги танхимдаа улс Монголын цагийг эзэлсэн их хүмүүнийг угтан золгоход бэлхэн сууна. Маршал орж ирлээ. Оюутнууд цөм ярсхийтэл босч, Маршалтай мэндлэхэд нэгэн Монгол оюутан сурах бичгээ улам шимтэн уншаад, эргэн тойронд юу болж байгааг эс мэдэн байжээ.

Маршал оюутнуудын дундуур алхахад түүний хромон гутал чихарч, гялалзана. Ном уншигч оюутан ажлаа үргэлжлүүлсээр байтал маршал түүний дэргэд очоод “Сайн хүү. Би чамд итгэж байна. Сайн хүү” гэж хэлэв. Улсынхаа удирдагчийг ирэхэд ном сурах бичгээ үзсээр байсан Цэдэнбал Маршалаас уучлалт гуйсанд Маршал “Энэ бол сүртэй зүйл байсангүй. Харин би чамайг хараад баяртай байна” хэмээн арван рублиэр шагнаж, ихээхэн итгэл найдвар хүлээлгэлээ. Энэ хооронд багш нар Цэдэнбалыг сурлага сайтай, сахилга бат өндөртэй, манай тэргүүний оюутан гэж магтан, түүний тухай үргэлжлүүлэн ярисаар байлаа.

1938 оны тэр нэгэн бүлээн салхитай үдэш Юмжаагийн Цэдэнбал өөр  шилдэг хоёр Монгол оюутны хамт Москва орох галт тэргээр довтолгож явлаа. Ой тайга, тал хөндий, гол мөрөн дээгүүр Алтан Москваг зорин давхих галт тэрэгний төмөр дугуй модон дэрэн дээгүүр тачигнана. Цэдэнбалыг онц сайн сурч, улс эх орныхоо шинэ залуу, шилдэг сэхээтэн болж чадсан болохоор Маршал Чойбалсан түүнийг хоёр нөхрийн хамт Зөвлөлт Холбоот Улсын нийслэлийг үзэж, цаашаа зорчин Хар далайд амрах эрхээр шагнажээ. Галт тэрэг хурдалсаар... Цэдэнбал жаахан бухимдалтай явж байлаа.

Учир нь түүний өөдөөс харж Японы зэвсэгт хүчний генерал Шого Хасебе сууж явсан юм. Шого Хасебе харин ор мөргүй, бүр байж боломгүй зүйлс ярьж, Цэдэнбалын омог, зүрхийг асаачихжээ. Тэр “Чингис хаан бол Япон хүн. Тийм болохоор Солонгосын хойгоор дамжиж, Монголд очоод, дэлхийг хураасан гэж дайрчээ. Цэдэнбал гэтэл “Үгүй ээ, Чингис хаан бол Монгол хүн. Та байж боломгүй зүйл ярьж байна. Тэр бол манай хаан” гэж удтал мэтгээд ийн чимээгүй суух. Энэ талаар түүний өдрийн тэмдэглэлд тодоос тод бичээстэй бий. Ямартай ч ирэх цагийн хүчирхэг удирдагч, Монголын ард түмний хайртай хүү Юмжаагийн Цэдэнбал Японы армийн генерал Шого Хасебе гэгчтэй Москва орох замд бүтэн долоо хоног Чингис хааныг булаацалдан, мэтгэлцсэн байдаг. Худалч генерал Шого Хасебе харин 1953 онд Зөвлөлтийн цэргийн хорих лагерьт нас баржээ.

1939 онд нөхөр Ю.Цэдэнбалд яаралтай эх орны зүг гэдрэг буцах цахилгаан ирлээ. Дэлхийн хоёрдугаар дайны голомт БНМАУ-ын зүүн хязгаарт асч, манай хилийн цэргийнхэн баатарлагаар газар шороогоо өмгөөлөн хамгаалж, далайн чандаас ирсэн дайсныг торгоон тогтоож байлаа. Маршал Чойбалсан өрөөндөө сууж, манан будант бодолд автжээ. Одоо түүнд өмөг түшиг болох, улс эх орноо итгэж, найдан үлдээх хүн юу юунаас илүү чухал байв. Аугаа их хүмүүний сэтгэл дотор Эрхүү хотын Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан байсан Юмжаагийн Цэдэнбал тодоос, тодоор гэрэлтэнэ. Чингэтэл хэн нэгэн хаалга тогших чимээ гарч, нөхөр Маршалын хариуцлагатай нарийн бичгийн дарга нөхөр Шагдарсүрэн орж ирлээ. Тэр нөхөр Цэдэнбалыг Зөвлөлтөөс хүрэлцэн ирснийг мэдэгдэв. Маршал, Цэдэнбалыг шууд оруул гэв. Шагдарсүрэн Маршалын албан өрөөний хаалгыг гаднаас нь хаав.

1939 оны гуравдугаар сард Цэдэнбал Сангийн яамны дэд сайдаар томилогдон удалгүй жинхэнэ сайдын албыг хашсаны зэрэгцээ Халх голын дайны Цэрэг улс төрийн үзэл суртал дайны бүх төрлийн хангалт, санхүүжилтийг хариуцан, маш чадварлаг ажиллаж, хэдий заналт дайсантай улаан нүүрээрээ тулж, тэмцээгүй ч, ялалтанд асар их шаардлагатай нөөц бололцоог бий болгож байлаа.

1940 онд нөхөр Цэдэнбал Намын их хурлаар Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. Энэ бол тухайн цаг үед томоохон албан тушаал байсан төдийгүй, улс орны чухал асуудлыг шийдвэрлэхэд өөрийн санал бодлыг шууд илэрхийлэх, улмаар бодит ажил болгоход нөлөөтэй байр суурь байв. Цэдэнбал энэ үедээ ердөө 24-хөн настай байсан юм.

1940 он бол гал гарч, газар хөдлөхийн өмнөх чимээ аниргүй цаг хугацаа байв. Гэвч энэ онд Маршал Чойбалсангийн Зөвлөлт Холбоот Улсад хийсэн албан ёсны айлчлалын багт нөхөр Цэдэнбал багтжээ. Энэ түүхэн уулзалтын талаар тэр үеийн Зөвлөлтийн Гадаад яамны сайд Вячеслав Молотовын өдрийн тэмдэглэл өмнө минь байна. Эл тэмдэглэлд өгүүлснээр дэлхий дахины тэн хагасыг мэдэж, захиран тушааж байсан нөхөр Сталин тэргүүтэй умард хөрш 1940-өөд оны эхээр хүний, өөрийн гэж ангилдаг байсан. Харин Монголчууд бол өөр хэрэг. Тэд чухамдаа Зөвлөлт Холбоот Улсын цорын ганц холбоотон мэт байх хийгээд, тэдний удирдагчдыг хамгийн өндөр түвшинд хүлээж авдаг байсан гэжээ.

Нөхөр Сталины өргөөнд, Монгол Зөвлөлтийн удирдлагууд зоог барьж, элдэв шог яриа ярихын зэрэгцээ, улс эх орны өмнө тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож байлаа. Цэдэнбал хамгаас аймшигтай энэ удирдагч өөр рүү нь хандаж ямар нэгэн зүйл хүсэхийг мэдэж байв. Гүрж эр хүнийг тандан мэдэхдээ нэн гарамгай тул тэрний дэргэд сул хөдөлгөөн хийж үл болно. Түүгээр ч барахгүй нөхөр Сталины дэргэд Гадаад явдлын сайд Молотовоос гадна ГКБ-ын махны машин Берия байлцав. Түүний харц машид хүйтэн бөгөөд, шиншилж, шинжих нь хязгааргүй.

Энэ нөхөр хүсэх юм бол хэнийг ч тонилгож бүрэн чадна. Цэдэнбал тайван байлаа. Нөхөр Сталин Маршал Чойбалсантай удтал хөөрөлдсөний эцэст Цэдэнбал руу уйгар хутга шиг харцаар ширтлээ. Тэр “нөхөр Маршал Чойбалсанг бид мэднэ. Тэр бол шалгарсан хүн. Харин Цэдэнбал бол шинэ хүн. Тэгэхээр түүнийг өөрийгөө хэрхэн таниулахыг харцгаая. Тэр бидэнд өөрийн хүссэнээрээ хундагалаг” гэж хэлэв. Түрүүнээс хойш намуухан суусан Цэдэнбал босч тансаг оройн зоогны ширээн дээр өрсөн дарс, архи, пиво, виски зэргээс огтхон ч эргэлзсэн зүйлгүйгээр Гүрж конъякыг том болор хундагнуудад дүүрэн, дүүрэн хундагалаж, Сталин, Чойбалсан, Берия, Молотов нарт барив. Залуухан сэхээтний энэ үйлдлийг үзсэн Сталин “Маш сайн, Цэдэнбал бидний нөхөр юм байна. Лаврентий чи түүнийг битгий оролдоорой” гэж хэлэв. Оройн зоог сайхан болж, удирдагчид сэтгэл хангалуун амрав. Сталины хэлсэн үг энгийн атлаа цаанаа маш их зүйлийг агуулсан байсан юм. Учир нь Лаврентий гэдэг нь өнөөх Зөвлөлтийн нийгмийг аюулаас хамгаалах яамны махны машин, түмэн жилийн нүгэлт хүмүүн Берия байлаа. Берия хэзээ ч Цэдэнбалд халдаж чадаагүй. Учир нь сахал Сталин тэгж хэрхэвч болохгүй гэдгийг хатуу анхааруулсан болохоор тэр...

Зөвлөлтийн Гадаад явдлын яамны сайд Молотов харин үүнийг батлаад “Цэдэнбал бидэнтэй их сайн харилцаатай байсан. Тэр их хатуужилтай, хүнлэг хүн” хэмээх “Молотовтой хийсэн 140 яриа” номд ярьжээ.  


1943 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр... Маршал Чойбалсангаар ахлуулсан БНМАУ-ын тусламжийн баг Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москвагийн ойролцоо, Нома Поминск тосгон руу ойртож байлаа. Галын шугам дэргэд байх агаад их бууны сум унах нь энүүхэнд сонсогдож, газар доргино. Газар доргихдоо гаслана. Гитлерийн нүгэлт цэргүүд тулаад иржээ. Цэдэнбал гуниглан явлаа. Хэдхэн жилийн өмнө тэр яг энэ замаар явж орчлонгийн сайхан хотуудын нэг болох Ижил мөрний эрэгт манай Батхааны байгуулсан Сарай бат хотыг зөөж ирээд барьсан Москваг анх удаа үзэж байсан юм.

Японы тэр хуурамч үгтэй генералыг бараг л цохиод авах шахаж явахад, галт тэрэгний цонхоор жирэлзэн байсан гайхамшигт сайхан газар шороо одоо танихын эцэсгүй болжээ. Аялгуу шиг орос тосгонууд бүхэлдээ газартай тэгшрээд, хуучин дүнзэн байшингуудынх нь тоосгон пийшингүүд л аймшигт үйл явдлын гэрч болон үлдсэн байлаа. Энд тэнд Зөвлөлтийн бас дайсны эвдэрхий буу, шатсан танк, үрэгдсэн цэргүүдийн цогцос, унасан онгоцны сэг. Цэдэнбалын харцанд нулимс цэлэлзэн явлаа.
Монголын удирдагчид Зөвлөлтөд хоёр дахь удаагаа тэгж бэлэг хүргэхдээ өөрсдийн хүч хөрөнгөөр байгуулсан, бүр тодруулах аваас 2.5 сая төгрөгөөр бий болгосон “Хувьсгалт Монгол” танкын бригадыг хүлээлгэн өгөх, 300 кг алт, 90 мянган алтан долларыг бэлэглэх, хоёр сая төгрөгөөр “Монгол ард” нисэх скадрилыг байгуулах зорилготой очсон, тэр бүх зорилгоо тушаал шиг биелүүлсэн юм.

Үргэлжлэл бий...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Бид ингэж амьдарч чадахгүй  
Үзсэн: 6447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
129.127.113.xxx [129.127.113.xxx] 2015-09-08 13:39
Unique
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-08 12:42
Ямар сайхан удирдагч байлаа даа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-08 11:57
Augaa xvn yum daa

Бидэнтэй нэгдээрэй