Шууд Chart

Бид эхлээд үндэстнийхээ, дараа нь олон улсын эрх ашгийг бодно

2015-09-09 12:29:07

"Бид эхлээд үндэстнийхээ эрх ашгийг бодно. Дараа нь олон улсын эрх ашгийг бодно"

Монгол Улсын Маршал Юмжаагийн Цэдэнбал...

II хэсэг 

Цэдэнбалын нуруун дээр уул хангай шиг ачаа ирлээ. Нөхөр Маршал Хорлоогийн Чойбалсан 1952 он 1 дүгээр сарын 26-ны өдөр Москвад таалал төгслөө. Аугаа их Маршалын намуухан, үүрд нойрссон цогцын дэргэд Цэдэнбал сүүлчийн үгийг хэлж зогсоно. Маршал Чойбалсангийн биед хийсэн мэс заслаар түүний өрөөсөн бөөрийг нь авчихжээ. Улаантнуудын улам сайн болгож эмчилдэг арга нь угаасаа ийм. Умард зүгт Мао Цзэдун гэх шинэ удирдагч гарч ирэн, америкчуудын дэмжлэгээр Хятадад хөрөнгөтний нийгэм цогцлоох оролдлого хийж байсан Чан Кай Ши-г хөөж, улмаар нангиад үндэстэн тэр аяараа коммунист нийгмийн тогтолцоогоор замнах боллоо. Зөвлөлтүүд уг нь Чан Кай Ши-гийн үед Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх талаар нааштай хариу өгч байсан ч өөр зүйл өгүүлэх болов. Умардад тэгтэл нөхөр Сталин хэмээх гүрж эр махир гаансаа зуусан чигтээ наашаа хараад байх. Нэг л буруу гишгэх аваас хаашаа л бол хаашаа унаж мэдэх тийм зовлонтой цаг үед Цэдэнбал улсынхаа жолоог атгалаа.

Гэвч үүнээс өмнө 1947 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Зарячи дахь нөхөр Сталины зуслангийн дэргэд байсан Маршал Чойбалсангийн өргөөг зорин Зөвлөлтийн Засгийн газрын хар тэрэгнүүд цувсан юм. Тэр үдэш мөн ч яруухан байж, Маршал Чойбалсан залуу хосуудад аз жаргалыг хүсэн ерөөгөөд, болор тунгалаг хундагнууд олонтаа харшиж зарим нь газарт бут үсэрч байлаа. Монгол төрийн залуу удирдагч Юмжаагийн Цэдэнбал Анастасия Филатова хэмээх орос бүсгүйтэй ханилан сууж, үүрд хамт байх тангарагийг Монгол, Зөвлөлтийн нам төр, цэрэг армийн бүхий л шилдэг сэхээтнүүдийн өмнө амлан тангараглалаа. Маршал Чойбалсан хүүгээ гэрлүүлсэн эцэг шиг л аз жаргалын харцаар хүн бүхнийг ширтэнэ. Ингэж Цэдэнбал Филатова Монгол Улсын тэргүүн хатагтай болох, Монгол Улсын төлөө, Монголын үр хүүхдүүдийн төлөө зүтгэх тэнгэрлэг амьдралаа эхэлсэн юм.

 Маршал Чойбалсангийн байр суурийг Цэдэнбалтай далдхан булаацалдах хүмүүс нэг биш байв. Гэвч мэдлэг боловсрол, удирдах чадвараараа Цэдэнбал аргагүй онцгойрч байсан тул, тэгээд нөхөр Маршал Чойбалсан түүнийг чимээгүйгээр бэлдэж байсан болохоор ёстой юм ёсоороо болов. Цэдэнбал заяа ихтэй Монголын замын өргөсийг түүж эхэллээ. Чан Кай Ши Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүнд оруулах гэж үхэн хатан зүтгэж байсан бол Мао Цзэдун ч бас ийм санаатай байв. Нөхөр Сталин Цэдэнбалыг Маршал Чойбалсангийн хэмжээнд хүлээж авахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэр залуу хүн. Гэхдээ Цэдэнбал бол амархан боорцог биш гэдгийг Сталин мэднэ.

Цэдэнбал 1956 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Зөвлөлт Холбоот Улсын дээд зөвлөлийн дарга, нөхөр Анастас Микоянтай уулзлаа. Энэ уулзалтын үеэр Микоян хэлэхдээ “Мао Цзэдун БНМАУ-ыг, БНХАУ-тай нэгтгэх саналыг хоёр удаа тавьсан. Эхнийх нь 1949 онд намайг Хятадад очиход, дараах нь 1954 онд нөхөр Хрушев биднийг айлчлахад бид хариуд нь “Энэ асуудлыг монголчууд өөрсдөө мэднэ” гэж хариулсан. Хятадууд та нарт энэ асуудлыг тавьдаг уу гэсэнд Цэдэнбал “Үгүй” гэж хариулав. Энэ талаар Цэдэнбалын бүхэл бүтэн 47 жил хөтөлсөн өдрийн тэмдэглэлд ил тодорхой бий. Хэрэв тухайн үед Орос, Хятад хоёрын харилцаа өөр тийшээ хандсан бол Монгол Улсын хувь тавилан хэцүүхэн хадны завсар хавчуулагдах байлаа. Ийм зовлонтой он жилүүдэд БНМАУ чадварлаг, жинхэнэ удирдагчгүй байсан бол мөн ч хэцүү болох байжээ гэж бодохоос нуруугаар хүйт оргино.

Гадаад байдал маш түгшүүртэй. Сталин хэдий догшин ширүүн, ааш нь буруудвал аргадаж болдоггүй хүн ч гэсэн Монгол Улсыг өмгөөлөх үедээ өмгөөлж, хамгаалах үедээ хамгаалж байсан. Гэтэл 1953 оны гуравдугаар сарын 01-нд түүнийг нас барсны дараа Зөвлөлтийн шинэ удирдлагуудтай хэл амаа ололцох нь Цэдэнбалд амаргүй ажил болж хувирлаа. Цэдэнбал энэ тухай ихэд эргэцүүлж, 1930-1960-аад оны хооронд бичсэн өдрийн тэмдэглэлдээ тэр үеийн хүнд хэцүү эгшин хормуудыг мөнхөлж үлдээжээ. Гадаадаас БНМАУ-ыг эрхшээлдээ оруулах гэж цаг ямагт улайран зүтгэж байхад арай гэж хамгаалж байсан эх орныг нь дотоодын зарим нэг урвагчид хүний хүнд бэлэг болгон, улмаар тэгж зусардаж, бялдуучлан төрийн том албан тушаалд суухаар завдаж байв.

1950 оны наймдугаар сард Авирмэд, Бадарч, Галбадрах, Төмөр-Очир, Дүгэрсүрэн, Цэнд нарын нэр бүхий сэхээтнүүд Маршал Чойбалсан, Цэдэнбал нарт захидал бичиж, Монгол оронд коммунизмыг улам баттай хөгжүүлэн цэцэглүүлэхийн тулд шуудхан ЗХУ-д дагаар орж, тэдний мэдэлд хөгжин цэцэглэх нь зүйтэй гэсэн захидал ирүүллээ. Маршал ч тэр, Цэдэнбал ч тэр энэхүү байж боломгүй зүйлтэй хатуу тэмцэж, тохирсон хариултыг нь өглөө. Гэтэл 1953 оны 3 дугаар сард нөхөр Сталиныг сүүлчийн замд нь үдэх ёсыг гүйцэтгэхээр Цэдэнбалыг Москва руу нисэх гэж байтал Цэнд, Төмөр-Очир нарын зургаан хүн ЗХУ-д дагаар орох хүсэлтийг хоёр дахь удаагаа ирүүллээ. Цэдэнбал үүнд ямар ч хариулт өгсөнгүй. Хэрэвзээ чингэхэд Цэдэнбалаас өөр удирдагч Монгол Улсын хамаг хэргийг мэдэж байсан бол ах, дүү Зөвлөлтүүдэд Монгол эх орноо найр тавин өгөх байсан гэх газар үгүй. Онгоц өндрөө аван хөөрөхөд Юмжаагийн Цэдэнбалын зүрх сэтгэл дотор үймж байлаа. Эцэг дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хожмын үрс бидэндээ өвлүүлэн үлдээсэн эх орноо гадаадын улсад найр тавин өгнө гэдэг байж боломгүй зүйл. БНМАУ бол машид эртний түүхтэй орон. Тиймийн учир энэ тэнгэрлэг гүрэн миний үед унах ёсгүй гэж бодох Цэдэнбалын харц, өрнөөс дорно руу нүүх үүлсийг онгоцны цагираг цонхоор ширтэж явна.

Монгол Улсын анхны Маршал Хорлоогийн Чойбалсан өөрийн залгамж халаа болгон, ихэд итгэж, найдан бэлдсэн чадварлаг залуу удирдагч Цэдэнбалд эх орныхоо тусгаар тогтнолыг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх, улмаар энэхүү даян дэлхийн эв хамтын хамгийн том байгууллагад гишүүн болон элсэхийг захиж үлдээсэн болой. Үнэнийг хэлэхэд 1960-аад оныг хүртэл энэ талаар бодитой ажил хийхэд хэцүү байлаа. Гадаад ертөнц түгшүүртэй, дотор бас үймээнтэй. 1960 он гарахад БНМАУ НҮБ-д гишүүнээр элсэх саналаа хэдэнтэй ирүүлж, нөлөө бүхий улс орнуудаас дэмжлэг авахыг чухалчилж байлаа. Ихээхэн хүчин чармайлт, зүтгэл хөдөлмөр гаргасны үр дүнд монголчууд 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дэлхий дахины НҮБ-ын гишүүнээр элсэж, ертөнц даяар тусгаар тогтнолоо зарлан тунхаглалаа. Энэ баяртай мэдээг дуулгахаар нөхөр Цэдэнбал руу утас цохиход өвдөж, шаналсан Монгол төрийн тэргүүн ямар их баярласныг үгээр хэлж яахан гүйцнэ. Цэдэнбал яг тэр үед авто машины осолд орж нэлээдгүй хүнд гэмтэлтэй байсан ч эмнэлгийн цагаан орон дээр элдэв эм, тариа шахуулж хэвтэхийн оронд хөл дээрээ босч, улс Монголынхоо хувь заяаны төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байв. Цэдэнбалын эрүүл мэндэд багагүй хохирол учруулсан энэ авто тээврийн ослыг хэн нэгэн этгээд урьдчилан захиалсан байхыг үгүйсгэхгүй.

Уг нь Цэдэнбал хамгийн анх 1946 он зургаадугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын НҮБ-д элсэх хүсэлтийг өвөртөлсөөр Нью-Йорк хотноо ирж байсан юм. Маршал Чойбалсангийн хамгаас эрхэм хүсэлтийг биелүүлэхийн тулд, Монголын ард түмнийг бүрэн тусгаар тогтносон гэдгийг батлах бас нэгэн чухал нотолгоог Юмжаагийн Цэдэнбал ингэж бий болгосон юм. БНМАУ-ыг НҮБ-д элсэхэд Энэтхэг тэргүүтэй бусад улс орны Жавахарлал Неру тэргүүтэй хорьдугаар зууны шалгарсан удирдагчид “Эртний түүх Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон” хэмээн дэлхий даяар цуурайтуулж байсан нь их тусыг үзүүлсэн гэдгийг энд мартах ёсгүй.

Нэг жилийн дараа буюу 1962 онд Цэдэнбал тун эгзэгтэй бас нэгэн үйл явдлын босгон дээр тулж ирлээ. Тэр нь БНХАУ-д албан ёсны айлчлал хийх, нөхөр Мао Цзэдунтай нүүр нүүрээ харж уулзах явдал байлаа. Маршал Цэдэнбалд энэ урилгыг тэр үеийн Хятадын Ерөнхий сайд Жу Эн Лай уламжилсан билээ. 1962 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр, Бээжин хот. БНМАУ-ын төрийн тэргүүн Цэдэнбал, БНХАУ-ын дарга Мао Цзэдунтай машид чухал сэдвээр ярилцаж, хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагааны тухай ярилцав. Мао бол 20 дугаар зууны туйлдсан Хятад орныг эгэмнээс нь татаж босгосон их удирдагч. Түүнтэй хэлэлцээр хийж байх үед “гэнэ” алдаж огтоос болохгүй. Мао Цзэдун бие томтой, өөртөө итгэлтэй, үсээ хойш нь самнасан, өргөн духтай, хурц харцтай хүн байх.
Мао Цзэдун “Нөхөр Цэдэнбал, манайх танай улсад хоёр зуун жилийн өртэй. Тийм болохоор бид энэ өрөө төлж, өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах хүсэлтэй” гэсэн утгатай үг хэлэхэд Цэдэнбал “Үгүй ээ, Мао дарга аа. Бид харин танайд түүнээс өмнөх хоёр зуун жилийн өртэй. Тийм болохоор бид хэн хэндээ өргүй хүмүүс болж байна” гэсэн нь ямар ч мэргэн удирдагчийн санаа бодлоос тийм ч амархан гарахгүй дэндүү ухаалаг үгс байлаа. Мао Цзэдуны царай ер бусын төв болов.

Харин энэ айлчлалын үеэр Цэдэнбал БНХАУ-ын Ерөнхий сайд Жу Эн Лайтай хоёр улсын хилийн зурвасыг эцэслэн тогтоож, баталгаажуулах ажлыг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол Улсын тусгаар тогтнолд агаар, ус болсон юм. Хил тогтооно гэдэг зовлон. Тэр тусмаа өмнөд хилийн асуудлыг цаасан дээр үзэглэсний дараа газар дээр гүйцэтгэх ажил ямархан хүнд хэцүү байсныг мэдэх хүн өнөөдөр харамсалтай нь цөөрчээ. 1962-1964 оны хооронд БНМАУ, БНХАУ хоёрыг бүр мөсөн зааглах  4700 км урттай хилийн зурвасыг эцсийн байдлаар тогтоох ажил ид өрнөв. Заримдаа хоёр улсын төлөөлөгчид үл ойлголцож, энэ байдал нь хэтэрхий хурцдахын өмнөхөн очиж байв. Чингээд бүтэн хоёр жил зүтгэсний үр дүнд БНМАУ-ын өмнөд хилд 639 тэмдэгт багана сүндэрлэлээ...

    Үүний дараа Цэдэнбал 1979 онд Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг эцэслэн шийдэж, БНМАУ хэлтэй, хилтэй, туг сүлдтэй, тусгаар тогтнолтой бүрэн  бүтэн болсон юм. Гэхдээ Зөвлөлтүүдтэй хилийн шугамаа тогтоох ажил бас амаргүй байлаа. Яагаад гэвэл ах, дүүгийн найрамдалт холбоо харилцаатай тухайн үеийн ЗХУ-тай илүү нарийн, уран аргаар хэлэлцээр хийж, өөртөө ашигтайгаар шийдүүлнэ гэдэг хүний ухаан шаардсан ажил. Хил бол хамгийн эмзэг, чухал сэдэв. Тиймээс хилийн маргаан дэгдээх аваас Зөвлөлт Монголын найрамдалт харилцаа салхинд хийсч мэдэх байлаа. 
Цэдэнбалыг өөрийн төрсөн нутаг, унасан ус Давст уулыг Тувагийн талд шилжүүлсэн гэдэг үгийг ам мэдэн ярих, тэгж буруутгах хүмүүс чөлөөт энэ нийгэмд цөөнгүй.

Эх сурвалжаас үзэхэд Давст уулыг 1932 онд хилийн цаана гаргасан гэсэн байна. Чингэхэд Цэдэнбал ердөө 16 настай байжээ гэдгийг бид мэдэх ёстой. Тэгээд бодох ёстой. Ямар ч эрүүл ухаанаар бодсон 16 настай өсвөр үеийн хүүхэд улсынхаа газар нутгийг бусдад тасдаж өгөх эрх мэдэлгүй байна. Харин Цэдэнбал Давст уул орчмын газрыг дахин эргүүлж авахаар 1958 оны орчимд хэсэг судалгаа хийлгэсэн боловч ЗХУ-тай хурц маргаан дэгдэж мэдэхээр байсан тул Цэнд зэрэг төлөөлөгчид хилийн цаана хэвээр нь үлдээжээ. Энэ мэдээг авсан Цэдэнбалын санаа амарсангүй. Тэр ондоо өөрийн биеэр умард хөршийн нам төрийн удирдагчидтай удаа дараалан уулзаж, хэлэлцсэний үр дүнд Давст уул орчимд байх 85 км квадрат газрыг Монголын талд эргүүлэн авлаа. Үүний дараа 1975 онд болсон Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн хэлэлцээрийг нааштайгаар ашиглаж Давст уулыг эргүүлэн авах тухай асуудлыг Цэдэнбал дахин сөхлөө. Энэ хэлэлцээр амжилттай болж 702 км квадрат газрыг Монгол Улс өөрийн мэдэлдээ эгүүлэн авч чаджээ. Цэдэнбал алдагдсан газар шорооныхоо 85 хувийг буцааж олсны дараа үлдсэн “15 хувийг бид мартахгүй” гэв. 

    1961 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанталбай. Цугласан олны баяр хөөр дөрвөн зүг, найман зовхист түгж, хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагаринийг угтаж байв. БНМАУ-ын төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбал сүүлчийн тамхиа татаж орхиод, дэлхий дахины коммунист улс орнуудын хоёр дахь томоохон удирдагч гэдгээ баталж, ертөнцийн татах хүчээс анхлан тасарсан эрхэм хүмүүнд хүндэтгэл үзүүлэв. Ерөөс Цэдэнбал БНМАУ-ын төрд зүтгэсэн 44 жилийн хугацаандаа социалист ертөнцийн хоёр дахь удирдагч гэдгээ олон үйлдлээр баталж байсны дээр нөхөр Сталины дараах Зөвлөлт Холбоот Улсын бусад удирдагчид энэ эрхэм хүмүүнд халдаж эс чаддаг байв. Түүнд халдаж чадахгүй байгаа юм чинь Монгол Улсад бүр ч үгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын баатар, Армийн генерал, БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Юмжаагийн Цэдэнбал  уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс эхлээд, одоогийн Монгол Улсад голлох үүргийг гүйцэтгэсээр байгаа бусад томоохон бүтээн байгуулалтыг хийж, газар тариалан, аж үйлдвэржилтийг цэцэглүүлэн үлдээсэн юм.   

    1984 оны наймдугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбалыг албан тушаалаас нь авч хаялаа. Монгол, Зөвлөлтийн дээд удирдлагуудын хуйвалдааны золиос болсон нөхөр Маршалын байр суурийг Жамбын Батмөнх эзэлж, Цэдэнбалыг Москва руу цөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж эхэллээ. Энэ бол тас хар өнгөтэй зүйл болсон юм. Цэдэнбалыг огцруулах болсон гол шалтгаан нь урдын цагт БНМАУ-ын тэргүүн хатагтай Цэдэнбал Филатовад бөхөлзөж явсан Кремлийн эмч Евгений Чазовын дүгнэлт байв. Чазов огтын ор үндэслэлгүй хуурамч эмнэлгийн магадлагаандаа “Цэдэнбалын эрүүл мэнд муудсан тул цаашид ажил хийх чадваргүй болсон. Тийм болохоор Москвад удаан хугацаанд эмчлэх шаардлагатай” гэсэн зааврыг хүссэн хүмүүст нь гаргаж өглөө. Чазовын өөр нэг нэрийг “Кремлын алуурчин” гэдэг. Чазов Цэдэнбалыг зайлуулахын тулд түүний ой санамж нь хэвийн биш болсон, түүгээр ч барахгүй тархины судаснуудад нь том асуудал үүссэн мэтээр худал нотолгоо бүрдүүлжээ.

Цэдэнбал 1984 оны наадмын дараа Москва руу амрахаар нисэхдээ удалгүй эргэж ирэн Халх голын 45 жилийн ойд оролцоно гэж бодож явжээ. Гэтэл түүнийг Москвагийн онгоцны буудал дээр баривчилчихлаа. Эндээс Монгол төрийн мэргэн түшээ, хорьдугаар зууны манлай удирдагч Юмжаагийн Цэдэнбал тамд тарчилж эхэлсэн юм. Түүнийг эмчилж байгаа нэртэй эмнэлэгт цагдаж, дараа нь гэрийн хорионд оруулж, тэгээд үхэх өдрийг нь хүлээв. Бүхэл бүтэн долоон жил үргэлжилсэн энэ аймшигт үйл явдлын үеэр хэн ч Цэдэнбалын төлөө юу ч хийгээгүй юм. Яг л хэзээ ч Цэдэнбал гэдэг хүн байгаагүй юм шиг... Түүнийг Монголын төр нийгмийн дараагийн удирдагчид мартаж, зарим нь нулимж орхисон.

Монгол Улс ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийн замналаар замнаад ч Цэдэнбалын гавьяа зүтгэлийг үнэлж чадаагүй юм. Тэгэхийнхээ оронд харин их Маршалын бүх цол тэмдэг, гавьяа шагналыг хурааж, түүнийг хэн ч биш хэмээн түмэн олонд ухуулан сэнхрүүлж орхисон. Монгол Улсын Маршал Юмжаагийн Цэдэнбал эх орондоо амьд мэнд эргэж ирж чадсангүй. Хөөрхий Маршалыг хальчихаад байхад хөсөр хаях тухай ярьж байсан хүмүүс ч бий.

Энэ бол Монголын ард түмний хайрт хүү Цэдэнбалын хүний газар долоон жил тарчлахдаа хэлж байсан үнэн хүслийн үгс:

    “Миний бие их турж байна. Ходоодон дотор нэг л юм байна. Энэ л миний насыг хөнөөж мэдэхээр байна. Эртхэн шиг л нутаг буцаж, ясаа тавьж, санаа амармаар байна. Холбогдох хүмүүст миний хүсэлтийг дамжуулаач... Юмжаагийн Цэдэнбал 1989 он...”, “Нөхөр минь чи намайг хэзээ эмнэлгээс гаргах гэж байна. Би маш их зовж байна. Намайг энэ сэтгэлийн тамаас ангижруулж, эх оронд минь аваачаач...  Юмжаагийн Цэдэнбал 1989 он”

Юмжаагийн Цэдэнбал: Одоо хэдэн сар болж байна?
Сэтгүүлч: 3 сар болж байна.
Юмжаагийн Цэдэнбал: Би тэгвэл 5 сар болохоор Монгол руугаа буцна аа.
Сэтгүүлч: Төрсөн нутагтаа очих уу?
Юмжаагийн Цэдэнбал: Очно. Бүх аймгаараа явна. Би чинь шөнө их сууж ажилладаг байсан. Одоо завтай болчихсон болохоор нутгаа их санаж байна...  

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Бид эхлээд үндэстнийхээ, дараа нь олон улсын эрх ашгийг бодно  
Үзсэн: 8280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-09-11 12:41
Muu teneg guilgachinguud marshaliig ni bas avah gesen chin Jadamba general tsergiin huraahgui geed hodloogui gesen
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-11 12:38
Jadambaa general jinkhene hunleg Hun baij de .zalruulj unshina u?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-11 12:36
Odoo uldsen 15 hubiig hi orcooc avchikh chadaltai aavin huu baina u? Ene huniig zovoocon humuuciig Burkhan shuukh bah oo!ta neg ikh tuukh meddeg Hun bolj tom rood yak ve? Jadambaa genaral jinkhene hung Hun bail de!!! Bi zaluu Hunii huvid Tsedenbal guaig hundelj Mohgol ulsin button baiguulalt tusgaar togtnold ikh zuiliig hiisen augaa tuukhemn Hun garamgai udirdagch gej boddogoo.
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2015-09-10 18:55
“Миний бие их турж байна. Ходоодон дотор нэг л юм байна. Энэ л миний насыг хөнөөж мэдэхээр байна. Эртхэн шиг л нутаг буцаж, ясаа тавьж, санаа амармаар байна.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-09-10 17:47
Энэ сэтгүүлч Цэдэнбалд долигноод юу хожих юм бэ? Харин ч бол ёстой энэ цагийн тэнэг улс төрчдөд хангалттай бөхөлздөг баагий байгаа даа. Цэдэнбалыг бүтээсэн жаахан юман дээр одоо ч гэсэн амьдарч байж, ийм тэнэг юм ярьдаг хүмүүс цөөхөн л байгаасай билээ
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-09-10 16:18
orosyn tald bichig barimt ni baigaa shuu dee? bitgii doldigono za?
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-09-10 16:17
Orosyn gar holbolj yavsan huniig bid martah tsag ni bolson shuu dee? tuuh tuuheeree l uldene bid uguisgej chadahgui shuu?

Бидэнтэй нэгдээрэй