
Висконсин муж улсын амбан захирагч Скотт Уокер АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанаас гарч байгаагаа зарлалаа. Удахгүй тэрбээр мужийн амбан захирагчийн албандаа эргэж орох бөгөөд эндэх бүрэн эрхийн хугацаа нь 2018 онд дуусах юм.
Тэрбээр сунгааг одоо тэргүүлж яваа Дональд Трампын эсрэг Бүгд найрамдах намын хүчийг бэхжүүлэх үүднээс өөр хэд хэдэн нэр дэвшигчийг сунгаанаас татгалзахад уриалсан байна. Үүний өмнө Бүгд найрамдах намын өөр нэг нэр дэвшигч, Техас муж улсын амбан захирагч асан Рик Перри бас сонгуульд оролцохгүй болсоноо зарласан юм. Шуугиан тарьсан мэдэгдлүүдээрээ голлож олон нийтийн анхаарлыг өөртөө татаж байгаа Трамп сонгогчдынх нь үлэмж хувийг намаас нүүр буруулахад хүргэнэ гэж бүгд найрамдахчууд болгоомжилж байна. Энэ зуур этгээд авиртай тэрбумтан Трамп Латин Америк гаралтай иргэд, эмэгтэйчүүд, цагаачид, ахмад дайчид, сүүлийн үед мусульман шашинтнууд гээд нийгмийн бараг бүх давхаргад өөртөө дайсан хураагаад байгаа юм. Харин консерватив үзэлтэй, хууль бус цагаачлалын эсрэг хатуу байр суурьтай Скотт Уокерийн рейтинг сүүлийн үед эрс унасны дээр сонгуулийн дансан дах мөнгө нь ч бараг дууссан нь түүнийг нэрээ татахад гол нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2016 оны 11 дүгээр сард болно. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохын төлөө 20 гаран улстөрч өрсөлдөгч байгаа бөгөөд хоёр намын албан ёсны нэр дэвшигчдээ ирэх оны долдугаар сард тодруулах юм.
Скотт Уокер Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татав | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.