Шууд Chart

Орос Японтой хэлэлцээр хийхэд бэлэн гэв

2015-09-22 16:34:12

Орос улс Японтой энхийн гэрээний асуудлаар цаашдын яриа хэлэлцээнд бэлэн байна. Харин хоёр улсын газар нутгийн маргааны асуудлаар буулт хийхгүй гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров японы ижил зиндааны сайд Фумио Кишидатай уулзахдаа мэдэгдлээ.

Сүүлийн жил хагасын хугацаанд анх удаа Москвад айлчлалаар хүрэлцэн очоод байгаа Кишидатай Лавров өчигдөр яриа хэлэлцээ хийсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын Японоос авсан Курилын арлуудын асуудлаархи маргаанаас болж хоёр улсын харилцаа үе үе хурцаддаг бөгөөд тус хоёр улс энхийн гэрээ байгуулж чадалгүй өнөөг хүрсэн юм. “Манай хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энхийн хэлэлцээр байгуулах тухай бий. Гэхдээ Япон улс түүхэн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн нь тодорхой болсоны дараа л энэ асуудал цааш урагшлах боломжтой болно” гэж Оросын гадаад хэргийн сайд хэлсэн байна.

Кишидагийн тухайд, Лавров сайдтай хийсэн уулзалтынхаа үеэр Курилын арлууд гэж оросуудын нэрлэдэг умар зүгийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи дөрвөн арлын талаар Орос улсын зүгээс сүүлд дангаар авсан арга хэмжээнүүд болон хийсэн мэдэгдлүүдийн талаарх японы байр суурийг тодорхой ойлгуулж, тэдгээр үйлдэлд нь гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн хоёр улсын сайд нар дараа сард энхийн гэрээний асуудлаар хоёр талын зөвлөлгөөн хийхээр тохирсон байна. Мөн Оросын ерөнхийлөгч Владимир Путины Японд хийхээр удаан хугацаанд яригдажбайгаа айлчлалын талаар хэлэлцсэн байна. Лавров энэ тухайд, Кремль урилгыг хүлээж авсан, тодорхой товыг Токиод зарлах болно гэж мэдэгдсэн байна. Кишида сайдын айлчлал өнөөдөр хоёр орны худалдаа-эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын хуралдаанд оролцсоноор өндөрлөх юм байна.
 


Орос Японтой хэлэлцээр хийхэд бэлэн гэв  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй