Шууд Chart

ОХУ дангаараа Исламын улсад цохилт өгч болзошгүй

2015-09-26 15:57:00

ОХУ-ын нисэх хүчин АНУ-тай зөвшилцөлгүйгээр дангаараа Сири дэх “Исламын улс” бүлгийн байрлалуудад цохилт өгч магадгүй гэж Кремль болон Оросын Батлан хамгаалах яамны эх сурвалжуудаас иш татан америкийн “Блумберг” агентлаг мэдээллээ.

Энэ агентлагт ярилцлага өгсөн хүмүүсийн үзэж байгаагаар, “Москва болохоор  Орос, Америк, Иран, Сирийн засгийн газрын цэргүүд хамтарч үйл ажиллагаа явуулахыг хамгийн зохистой хувилбарт тооцож байгаа. Ийм тохиролцоонд хүрэхгүй нөхцөлд Орос улс дангаараа хөдлөх болно” гэжээ. “Эрүүл саруул сэтгэлгээ давамгайлж, Обама Путины сунгасан гарыг атгана гэдэгт Орос улс найдаж байгаа, гэхдээ ийм зүйл болохгүй байсан ч Путин ямар ч тохиолдолд хөдөлж эхлэх нь гарцаагүй” хэмээн Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн Төв Ази, Ойрхи дорнод судлалын төвийн захирал Елена Супонина “Блумберг” агентлагт ярьжээ.

Энэ оны наймдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Катарт айлчлах үеэрээ “Исламын улс” бүлэгтэй тэмцэх оросын зарим санал санаачилгыг дэлгэсэн байдаг. Энэ хүрээнд Москва сирийн засгийн газрын арми, иракийн цэргүүд болон курдуудыг оролцуулсан “терроризмын эсрэг өргөн фронт” нээхийг санал болгож байсан. Харин Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаарддаг өрнөдийн орнууд энэ хувилбарыг нь зөвшөөрөөгүй юм. Үүний зэрэгцээ Сири дэх оросын цэргийн оролцоо нэмэгдсэн тухай мэдээлэл сүүлийн долоо хоногуудад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа гарч байгаа.

Латаки дахь нисэх хүчний баазад оросын цэргийнхэн ажиллаж байна гэдэг мэдээллээс гадна оросууд Сирид өөр хоёр цэргийн бааз барьж байгаа нь хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас ил болсон талаар “Уолл стрит жорнэл” сонин энэ мягмар гаригт мэдээлсэн юм. Москва ч Дамаскт цэргийн тусламж үзүүлж байгаагаа үгүйсгэхгүй байгаа, гэхдээ энэ нь урьд өмнө байгуулсан гэрээ хэлцэлүүдийн дагуу хийгдэж байгаа ажил гэж нотолсон хэвээр байгаа юм.


ОХУ дангаараа Исламын улсад цохилт өгч болзошгүй  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй