Шууд Chart

2015 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-09-29 10:59:33

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг.

Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0-аас бага хэм болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээний таарц температурын хувьд 65-70%, тунадасны хувьд 60-65%  байдаг.


Уур амьсгалын тойм

10 дугаар сарын агаарын температурын дундаж нь олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулсаар 0-4 хэм хүйтэн, Алтайн чанад говь болон говийн нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-4 хэм дулаан байдаг.

Гэвч жил бүр адил байдаггүй. Тухайлбал: 1982, 1990, 1995, 2001, 2005, 2006, 2014 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан, өдрийн үнэмлэхүй их температур 20-25 хэм хүрч дулаарч байсан бол 1981, 1987, 2000 онд ихэнх нутгаар, 2002 онд төв болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 18-24 хэм хүрч хүйтэрч байжээ.

Хур тунадас олон жилийн \1981-2010 оны\ дунджаар Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 12-17, Их нууруудын хотгор, Алтайн чанад говь болон дорнод говиор 0-5, бусад нутгаар 6-11 мм  ордог. Гэвч 1947, 1964, 1975, 1987 онд ихэнх нутгаар, 1953, 1972, 2002 онд төв ба зүүн, 1968, 1983 онд баруун ба төвийн нутгаар олон жилийн дунджаас 2-5 дахин их хур тунадас орсон бол 1967, 1970, 1989, 1991, 1997, 2003, 2004, 2005 онд ихэнх нутгаар тун бага хур тунадас орж, зарим газраар огт ороогүй байна.

Олон жилийн дунджаар сарын сүүлчээр 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон жил уулархаг нутгаар 3-13 см-т хүрдэг. Харин говийн аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг.

Салхины хурд 16 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр Ховд, Өмнөговийн нутгаар 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1985, 1986 онд Өмнөговь, Дорноговийн нутгаар 20-24 м/с, 2000 онд Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар 34-40 м/с, 2002 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 28-34 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.

 


2015 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ


Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан буюу Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн эхээр Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс  3 хэм дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмдулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын зүүн, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд  хэсэг, Говь-Алтайн  ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эх ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар  16-18 м/с,  зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.    

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Гуравдугаар дунд үеэс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Энэ сард Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар,  сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 


Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 хэм дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 14-19 хэм дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Бусад хугацаанднутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байх төлөвтэй.

Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр,  сүүлчээр нь зарим газраар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эцсээр ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.


Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан байна /3 дугаар зураг/.                   

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн бусад хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхээр бүх нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун, Дорноговийн зүүн хэсгээр  олон жилийн дунджаас бага, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эцсээр бүх нутгаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

 


2015 оны аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй