Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

2015-11-19 14:13:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНФУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, аж үйлдвэр, тоон технологийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мартин Пинвил тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (11 дүгээр сарын 18) Парисын Дайнд нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ордонд албан ёсоор угтлаа.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тэргүүтэй албаны хүмүүс, харин БНФУ-ын талаас Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, Парисын Хүндэт харуулын орлогч дарга, генерал Пьер Грего, Францын Гадаад хэрэг, олон улсын яамны Ёслолын газрын дэд дарга Фредерик Биеэ нарын төлөөлөгчид байлцлаа. Угтах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Монгол, Францын төрийн дуулал эгшиглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт харуулын цэргүүд хүндэтгэл үзүүлсэн юм.

Тус улсын парламентын дээд танхим- Сенатын Ерөнхийлөгч ноён Жерар Ларше Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Сенатын ордонд угтан авав. Уулзалтын үеэр ноён Ж.Ларше алан хялах цуврал халдлага болсны дараах хүнд үед хүрэлцэн ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНФУ-ын Сенатын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж буй түүхэн уулзалт болохыг онцоллоо. Түүнчлэн тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрчим хүч болон соёлын салбарт эрчимтэй тэлж буйг тодотгосон.

Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд олон зуун жилийн түүхэн уламжлалтай Францын хууль тогтоох дээд байгууллагад зочлон Сенатын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаад таатай буйгаа тэмдэглээд өнгөрсөн долоо хоногт болсон алан хядах цуврал халдлагын үеэр олон зуун хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын харилцаа уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, аялал жуулчлалын салбар болон олон улсын олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжиж буйг дурдаад хөдөө аж ахуй, мал аж ахуй, ялангуяа малын үүлдэр, селекцийг сайжруулах чиглэлээр Францын талтай хамтрах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Сенатын ерөнхийлөгч Ж.Ларше нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд БНФУ-ын Сенатын ерөнхийлөгч Ж.Ларшег Монголд айлчлахыг урьсан УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжиллаа. Уг уулзалтад Сенатын гишүүн, Сенат дах Франц, Монголын парламентын бүлгийн дарга Ф.Пиле, Сенатын Гадаад бодлого, батлан хамгаалах, зэвсэгт хүчний Байнгын хорооны дэд дарга К.Камбон, Францын парламентын доод танхим- Үндэсний хурал дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартье, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсак болон албаны бусад хүмүүс байлцав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй