Шууд Chart

Ханиадны шинэ төрлийн вирус дэгдээгүй

2015-11-23 18:14:55

Огцом хүйтэрсэн сүүлийн өдрүүдэд ханиад томуугийн дэгдэлт харьцангуй эрт идэвхжиж эхэлсэн байна. Шинж тэмдгийн хувьд ханиад гэхээргүй илэрдэг шинэ төрлийн вирус дэгдсэн гэсэн мэдээлэл тархаад байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 200 орчим хүүхэд үзүүлдэг. Тэдний 70 хувь нь ханиадаа хүндрүүлж, томуу, томуу төст өвчнөөр халдварласан байдаг. Хүүхдэд дөнгөж эхний шинж тэмдэг илрэхэд л өрхийн эмчдээ хандаж, мэргэжлийн тусламж авах ёстой. Гэтэл эцэг, эхчүүд дур мэдэн эмчилж, зарим тохиолдолд  хайхралгүй явсаар өвчнийг хүндрүүлдэг байна.

Эмчийн бичсэн жороор зааврын дагуу эмчилдэггүй. Эмийн эмчилгээгээ дуустал тууштай хэрэглээгүйгээс эмэнд дарагдахгүй хүндрэх тохиолдол олон гардаг. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 125 ортойгоос өнөөдрийн байдлаар 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон эмнэлгүүдэд томуугийн дэгдэлтийн үед эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор төсөв гаргаж өгсөн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэхэд томуугийн үед ачаалал авна гэж тооцоод тогтмол хэрэглэх зардал дээр нь 180 сая төгрөг суулгаж өгчээ.

Томуугийн вирус бол хүйтэнд маш тэсвэртэй. Өөрөөр хэлбэл, хүйтний эрч чангарах тусам вирусын идэвхжил нэмэгддэг гэсэн үг. Тиймээс хүүхдээ дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих, гараа тогтмол угааж хэвших, ханиад хүрсэн тохиолдолд бүрэн эмчилж цэцэрлэг, сургуульд нь хүргэж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханиадны шинэ төрлийн вирус дэгдээгүй  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй