Шууд Chart

Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-12-01 10:38:23

Уур амьсгалын тойм


Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 22-29, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр  орчмоор 9-15, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байсан бол 1973, 1977, 1987-1990, 1995-1999 онуудад 2-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор 9-15, бусад нутгаар 1-7 градус хүрч дулаарч байжээ. Зарим жилд шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр 44-52, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар 29-34, бусад нутгаар  37-42 градус хүрч хүйтэрдэг.

Олон жилийн дундаж байдлаар Увс, Завханы хойд, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4-6, бусад нутгаар 0-3 мм цас ордог /2 дугаар зураг/. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998 онд тун бага цас оржээ.

Олон жилийн дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил уулархаг нутгаар 24-30, бусад нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1986, 1989, 1991-1993 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с, ялангуяа 1986, 1991, 1993 онд Арц богдын хөндийгөөр 34-40 м/с, 1987, 1989 онд Баян-Өлгийн зарим нутгаар 34 м/с хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.


2015 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ


Баруун аймгуудын нутгаар:  Энэ сарын агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 23-28 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад хэсгээр 17-22 градус хүйтэн байх ба  Увс, Завханы нутаг, Ховдын өмнөд,Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх, Ховдын зүүн, Завханы баруун өмнөд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хагаст  цас орж цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 24 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.  


Төвийн аймгуудын нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 22-27 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр  10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Хөвсгөлийн хойд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар  уг дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэс  хүйтний эрч суларч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна. Харин сарын эх болон хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус өдөртөө 27-32 градус хүйтэн, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Өвөрхангайн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсэг, Архангайн хойд, Булганы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

Сарын эхэн болон нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн ихэнх хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр зарим газраар  цас орж явган шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байна (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэс хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин сарын эхэн болон хоёр ба  гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.  Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  цас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

Сарын эхэн болон нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй.


Говийн аймгуудын нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин сарын эх болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Энэ сард Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар,  гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлч,  хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.


Арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй