
Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Гранд Экспо-2015" санал асуулгын нэгдсэн дүн гарлаа. Энэ удаад бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчдийн санал асуулгаар өрсөлдүүлэн салбар тус бүрийн шилдгүүдийг шалгаруулжээ. Хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ-ийн MNB.MN сайт шилдгүүдийн нэгээр тодорлоо. Үндэсний олон нийтийн гэх тодотголтой MNB.MN сайт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол дахь өндөр хандалттай топ мэдээллийн сайтуудын нэг болж чаджээ. Тус сайтад дотоодын уншигчдаас гадна дэлхийн 173 орны 8160 хотоос хүмүүс хандаж, мэдээ, мэдээллийг тогтмол авч байна.
Энэ долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Тэрбээр гадаад харилцааны салбарыг сонгуулиас сонгуулийн хооронд биш, урт хугацаанд тогтвортой ажиллах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа энэ үеэр онцолсон. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Монголын эрдэмтэд эх орондоо ургадаг 60 төрлийн ургамлыг судлан ноосон эдлэлийн эко будаг гарган авчээ. Зарим жижиг, дунд үйлдвэр энэхүү будгийг ашиглан ноос, ноолууран бүтээгдэхүүнээ будаж эхэлсэн байна. Мэдлэг шингэсэн энэ нээлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын Инновацийг дэмжих нийгэмлэгээс 7 сая вонын өртөг бүхий шинэ лаборатори суурилуулж өглөө.
Байгалийн гаралтай энэ будгаар будсан ноос, ноолууран эдлэлийг цагаан эрвээхэй зэрэг хортон шавж идэхгүйгээс гадна хүний биед сөрөг нөлөөгүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн химийн технологитой үйлдвэрт ашигладаг хэд хэдэн шат дамжлагыг ч хөнгөвчлөх боломжтой юм байна.
Хаа сайгүй ургаж байдаг луулиас эхлээд хорт хавдар эмчлэх чанар бүхий эмийн ургамлаас бүрдсэн 60 төрлийн ургамлыг лабораторийн орчинд судалсан. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн ургамлыг будаг гарган авахад ашиглаж байна.
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс энэ долоо хоногт Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулах хүсэлт өргөн барилаа. Хүсэлтэд Засгийн газарт хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдыг дэвшүүлж байхаар тохиролцсон гэдгийг дурдаад Шадар сайдад Н.Энхбаярыг, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Монголын улс төрийн намууд Сонгуулийн хар машин болон Сонгуулийн хуулийг гацааж байгааг эсэргүүцэн энэ долоо хоногт Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Дорноговь аймаг нутгийн улаан ямааныхаа үүлдэр угсааг сайжруулж чанар сайтай нарийн ноолуур гарган авчээ. Сүүлийн таван жилийн судалгаа, туршилтын үр дүнд Дэлгэрэх сумынхан ноолуурын чиглэлийн улаан ямааны шинэ омогтой болоод байна. Тус аймгийн хөдөө аж ахуйн газар таван жилийн өмнөөс мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Дэлгэрэх сумын улаан ямааг омгоор баталгаажуулах судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ хугацаанд сумын бүх ямааг ангилан цэвэршүүлж тохиромжтой хэвшлийн ямааны тоо 13.000-д хүрсэн байна. Улаан ямаа нь говийн эрс тэс цаг уурт дасан зохицсон, амьдрах чадвартай, амьдын жингээрээ бусад үүлдрийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой, жигд урт ноолууртай нь олон жилийн судалгаагаар батлагдсан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
12-нд нутгийн баруун хагаст, 13-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.