
Өвөрмонголын хамгийн том хот Бугатын багийн зарим хэсэг Хайнан дахь хөлбөмбөгийн өвлийн цугларалтыг (2015.12.14) орхисон нь гунигтай мэдээ болов. Учир нь Югослав, Хорватын алдарт хөлбөмбөгч, дасгалжуулагч Милош Христич тэдэнтэй хамт явсан юм. Хүн бүхэнтэй эелдэг мэндчилж, том, бага хэмээн гололгүй заавар зөвлөгөө харамгүй хайрладаг энэ эрхмийн тухай товч танилцуулъя.
1978 онд 23 хүртэлх насныхны ЕАШТ-д түрүүлсэн Югославын шигшээ багийн сольшгүй тоглогч нь Милош байв. Балканы хойгийн баг Европ тив даяар өнөөгийн "Аваргуудын лиг"-ийн системээр болсон тухайн тэмцээний хэсгийн тоглолтод Испани, Румынийг орхиж, хасагдах шатанд Унгар, Англи, Германыг ялж аваргалсан түүхтэй. Германтай хийсэн хоёр тоглолтод Боснийн хожмын мундаг хөлбөмбөгч Вахид Халилхожич гялалзаж, багийнхаа таван гоолын дөрвийг нь хийснээр од болох эхлэлээ тавьсан.
Милош насанд хүрэгчдийн шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо 1979 онд Белградад Аргентины эсрэг хийсэн. Талбайн эздийн 4:1-ээр хождог тэрхүү тоглолт Хрстичийн хувьд анхных, суут Драган Жаичийн хувьд сүүлийнх байв. Югославын шигшээ баг дараа жил нь ЗХУ-ын нийслэл Москвад болсон зуны олимпийн ХХ наадмын хагас шигшээд үлдсэнээр хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин нотолсон. Гэсэн ч Испанид болсон 1982 оны ДАШТ тэдний хувьд хар дарсан зүүд мэт байлаа. Дөрвөн жилийн өмнө залуучуудын Европын аварга болсон тоглогчдын ихэнх нь эрийн цээнд хүрсэн, цөөнгүй нь хилийн чинадад тоглож байсан ч Хойд Ирландтай тэнцэж, Испанид хожигдсоны дараа Хондурасыг хожоод ч нэмэр байсангүй. Милош үүнээс хойш шигшээ багтаа тоглоогүй юм.
Тэр клубийн хэмжээнд ч хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй нэгэн. Хорватын "Риека" хэмээх даруухан клубээс гараагаа эхлүүлж, улмаар бүх цаг үеийнх нь хамгийн агуу хөлбөмбөгч болсон байдаг. Түүн дээр суурилсан гайхалтай хамгаалалттай "Риека" өнгөрсөн зууны 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр Евро цомын тэмцээнүүдэд тун боломжийн тоглолт үзүүлж, ялангуяа өөрсдийн "Кантрид" цэнгэлдэх хүрээлэнд ялагдал хүлээгээгүй.
1979-1980 оны цомтой багуудын цомын тэмцээний 1/4 шигшээгийн эхний тоглолтод Италийн алдарт "Ювентүс"-тэй хуурай тэнцэж, 1984-1985 оны ЕХБХ-ны цом (Одоогийн "Европын лиг")-ын хоёрдугаар шатанд Испанийн домогт "Реал Мадрид"-ыг 3:1-ээр буулган авсан нь хамгийн том жишээ. Дээрх хоёрын энд хүрэхгүй ч өөр олон сайн баг "Кантрид"-аас таагүй үр дүнтэй буцаж байсан юм билээ. Даруухан "Риека" энэ үед дотооддоо "Црвена Звезда", "Партизан", "Хайдук Сплит", "Динамо Загреб" гэсэн томчуудтай хүчтэй өрсөлдөж байлаа. Югославын цомыг 1978, 1979 онд дараалан хүртсэн ч лигтээ хүчтэй өрсөлдөөн дундаас цухуйж чадаагүй. Алтан боломж 1983-1984 оны улиралд гарсан ч сүүлийн тойрогт "Црвена Звезда"-д хожигдсоноор аваргын цомоо "Аваргуудын цом" (Одоогийн "Аваргуудын лиг")-т орох эрхтэйгээ алдсанд Милош одоо ч харамсдаг. Францын алдарт "Олимпик Марсель"-д гялалзаж, бүх цаг үеийнх нь хамгийн агуу тоглогч алдрыг хүртсэн Йосип Скоблар "Риека"-гийн дасгалжуулагчаар ажилласан анхны улиралдаа Югославын аварга болох шахсан түүх ийм буюу.
Тэрхүү ялагдал Милошт их хүнд туссан юм билээ. Түүнд олон багаас санал ирдэг байсан ч "Риека"-даа үнэнч зүтгэсээр явсан. Гэсэн ч тэр хүүхдийн багаас нь эхлээд 16 жил зүтгэсний эцэст 1985 онд хайртай багтайгаа салах ёс хийсэн юм. Тэрбээр "Риека"-гийн түүхэнд дэх хамгийн олон цом, шагнал хүртсэн, Европын тавцанд хамгийн олон тоглолтод оролцсон, басхүү тэнд харьяалагдаж байхдаа шигшээ багийн төлөө хамгийн их тоглосон тоглогч билээ. "Европын лиг"-т үе үе оролцдог тус клуб Хорватын дээд лигт өнгөрсөн улиралд аман хүзүүдсэн, өдгөө хүснэгтийн дэд байрт яваа. Магадгүй бид Загребын "Динамо"-г бус итали эзэнтэй болсноос хойш амжилт нь тогтворжиж яваа энэхүү клубийг ойрын жилүүдэд "Аваргуудын лиг"-т харж болох юм.
Милошийн дараагийн зогсоол нь Испани байв. Хөгшрөхөөсөө өмнө гадны лигт тоглож үзэх хүсэл нь түүнийг "Депортиво Ла-Корунья"-гийн тоглогч болгосон юм. Тэрбээр Испанийн дээрээсээ хоёр дахь лигт тун дажгүй тоглосон ч харийн улсад нэг улирлаас илүү байж чадсангүй. Хэл мэдэхгүйн зовлон их нэрмээс болов. Ингээд Югославт буцан ирж, Любляна хотын "Олимпиа"-д (Өдгөө Словенийн клуб) хэсэгхэн тоглоод 1988 онд 33 настайдаа зодог тайлсан билээ.
Милош шууд л дасгалжуулагчийн ажилд орсон. Түүнээс хойших 27 жилийн хугацаанд Хорват, Оман, Бахрайн, АНЭУ, Саудын Араб, БНХАУ-ын олон клубтэй ажиллажээ. Өдгөө Бугатын хүүхдүүдэд хөлбөмбөг зааж байна. Тэдэнд нэлээн ирээдүй бий.
Хайнан дахь хөлбөмбөгийн өвлийн бэлтгэлийн баазын тамирчдын тосгоны үүдэнд орой жаахан хүүхдүүдтэй манайхны "Илжигдэх" гэж ярьдаг тоглоомоор наадах өвгөнийг харсан хэн ч ийм гайхамшигтай замнал туулсныг нь төсөөлөх ч үгүй биз ээ.
Милош Христичийг танина л биз дээ | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.