Шууд Chart

Хагас шигшээд оролцох цорын ганц эрхийг “Арвис” баг авав

2015-12-17 15:18:56

МХБХ-оос зохион байгуулдаг футзалын шинэ улирлын хоёр дахь тэмцээн буюу охид эмэгтэйчүүдийн УАШТ энэ сарын 14-нд эхэлсэн. Тэмцээн U-11, U-13, U-15, U-17, 18-аас дээш гэсэн нийт таван насны ангиллаар үргэлжилж, 33 багийн тамирчин өрсөлдөж байна. Зарим насны ангилалд хагас шигшээд өрсөлдөх багийн нэрс тодорчээ.

Тодруулбал, хамгийн бага нас буюу 11 хүртэлх насанд дөрвөн баг оролцож тойргийн журмаар өрсөлдөж байна. Одоогоор “Монголын тэмүүлэл” клуб нэг хожиж, нэг тэнцсэнээр хэсгээ тэргүүлж байгаа бол “Сансар” клуб гурван оноотой удаалж байна.

13 хүртэлх насны ангилалд зургаан баг оролцож хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас “Туулын том тулнууд” А хэсгийг тэргүүлж, “Хараацай” баг удаалан хагас шигшээд шалгаран үлдэв. Тэгвэл “B” хэсгээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм Хужирт” баг зургаан оноотой хэсгээ тэргүүлэн гарч, хагас шигшээд “Хараацай” клубын тамирчидтай өрсөлдөхөөр болов. “Монголын тэмүүлэл”, “Туулын том тулнууд” багтай оноолт таарлаа.

Тэмцээний 15 хүртэлх насны ангилалд долоон багийн тамирчин оролцож байна. А хэсэгт “Титэм Хужирт” болон “Монголын тэмүүлэл” багийн охид тус бүр хоёр тоглохдоо алинд нь ч ялагдаагүй тул хэсгээс гарах нь нэгэнт тодорхой болсон. Одоо эдгээр багийн хоорондын тоглолтын үр дүн хэсгийн тэргүүлэгч багийг шийдвэрлэх болно. “Баянзүрх дүүрэг”, “Архангай” аймгийн баг харамсалтай нь тэмцээнээ өндөрлүүлэх болоод байна.

Тэгвэл нөгөө хэсэгт байдал тун сонирхолтойгоор үргэлжилж буй. “Хоромхон” клубын охид хоёр тоглож гурван оноотой байгаа бол “Туулын том тулнууд” ердөө нэг тоглож гурван оноотой ижил бичигдэж байна. Сүүлийн тоглолтоо тэд “UB United” багийн эсрэг хийж хэсгээс тэргүүлэн гарах давшилтаа хийнэ.

Ширүүн өрсөлдөөн үргэлж гардаг 17 хүртэлх насны ангилалд тус тэмцээний хамгийн олон буюу 10 багийн охид эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа. “А” хэсгийг одоогийн байдлаар “Хад” клубын тамирчид зургаан оноотой тэргүүлж байгаа бол “Баянзүрх” баг таван оноотой “Дэрэн” клубын охид дөрвөн оноотойгоор шил шилээ даран бичигдэж байна. “Хад” болон “Баянзүрх” багт одоо хэсгийн ганцхан тоглолт үлдсэн. “B” хэсгийг “Монголын тэмүүлэл” зургаан оноотой тэргүүлж, “Дархан сити” дөрөв, “ИНХ” болон “Туулын том тулнууд” тус бүр гурван оноотойгоор хоёр тоглолтын дараагаар хүснэгтийн дунд бичигдэж байна.

Тэмцээний хамгийн сүүлийн буюу 18-аас дээш насны ангилалд зургаан багийн эмэгтэй тамирчин хоёр хэсэгт хуваагдлаа. Одоогийн байдлаар хагас шигшээд оролцох цорын ганц эрхийг “Арвис” багийн тамирчид аваад байгаа бол бусад таван багийн хувьд тодорхой бус байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хагас шигшээд оролцох цорын ганц эрхийг “Арвис” баг авав   
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-17 15:28
amjilt

Бидэнтэй нэгдээрэй