
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Япон улсын нийслэл Токио хотноо “United World Wrestling” нэртэй дасгалжуулагчдын эрчимжүүлсэн дээд сургалтыг зохион байгууллаа. Үүнд дэлхийн 12 орны 30 дасгалжуулагч оролцсон бөгөөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, АНУ-ын үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнер, Болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов нар удирдсан байна. Тэдэнд Германы бөхийн холбооны Техникийн захирал Жаннис Замандюридс, Мексикийн дасгалжуулагч Давид Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн, ДБНХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Туркийн иргэн Ибрагим Кикоглю нар туслалцаа үзүүлсэн байна.
Сургалтын гол зорилго нь тус тусынхаа улсын тамирчдын бэлтгэл сургуулилтыг боловсронгуй болгож, олон талын судалгааг хийж байх замаар улам өндөр техникийг эзэмшүүлэхэд оршсон аж. Энэ үеэр өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс олимпийн наадмын эрх авсан 108 бөхийн 400 орчим барилдаанд дүн шинжилгээ хийхэд олон мэхийг угсруулан хийж төгс техник гарган барилдсан хэмээн дүгнэсэн байна.
Сургалтыг онолын болон дадлагын гэсэн хоёр хэсэгт явуулж дадлагын хичээлд Японы 16 эмэгтэй бөхийг оролцуулсан аж. Тэдний дотор дөрөв дэх удаагаа олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн, олимпийн гурав, дэлхийн 11 удаагийн аварга Каори Ичо байжээ.
Түүнчлэн Япон улсын Засгийн газрын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хироши Хасе, Японы бөхийн холбооны ерөнхийлөгч Томиаки Фукуда, ДБНХ-ны Товчооны гишүүн Хидияки Томияма нар санал бодлоо солилцсон байна. Сайд Хироши Хасе нь 1984 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцож байснаа дурсан ярьж бөхийн спортыг сэргээшээс ангид байлгах талаар санал бодлоо хуваалцжээ.
Дараагийн сургалт Гүржийн Тбилис хотод болох бөгөөд тус сургалтыг Англи, Португалийн дасгалжуулагчид Гүрж, Азербайжан, Армяны дасгалжуулагчидтай хамтран явуулна.
Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр Японд болсон дамжааг удирдлаа | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.