Шууд Chart

“Бөртэ чоно-2015”-ийн эзнээр дэлхийн хошой аварга С.Батцэцэг тодорлоо

2015-12-26 00:29:09

Оны шилдэг тамирчин шалгаруулдаг “Бөртэ чоно-2015” наадмын эзнээр Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ийн хошой аварга С.Батцэцэг тодорлоо. Шилдэг тамирчдыг спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 110 сэтгүүлч саналаа өгсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, гран-при хүртсэн тамирчинд цомыг нь гардуулснаас гадна өмнөх жилүүдэд шилдэг 10 тамирчинг тодруулдаг байсан бол энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин тодруулснаараа онцлог болов.

Наадмын эхэнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит шагнал болох “IOC Trophy” цомыг МЖБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш О.Балжинням гардлаа.

Тус наадам 2002 оноос уламжлал ёсоор зохион байгуулагдаж эхэлснээс МҮОНРТ-ийн “600 студи”-ээс түмэн олонд зургаа дахь удаагаа ийнхүү шууд хүрлээ.

Шилдэг эмэгтэй тамирчид

Шилдгийн шилдэг тамирчнаар ДАШТ, Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлж, "Рио-2016" зуны олимпийн эрх халаасалсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг.

Шилдэг эмэгтэй тамирчнаар ДАШТ-ий хүрэл,  "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При"-ийн алтан медаль зүүсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа.

Шилдэг эмэгтэй тамирчнаар ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээний алтан медальт ОУХМ Ц.Мөнхзаяа тодорлоо.

Шилдэг эрэгтэй тамирчид

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" Олимпийн эрх авсан Э.Бэхбаяр. Тэрбээр гадаадад тэмцээнд оролцож буй тул Монгол Улсын гавьяат тамирчин, түүний багш А.Энхээ гэр бүлийн хүний хамт гардсан юм.

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан П.Өнөрбат.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Б.Номин.

Шилдэг дасгалжуулагчид

Шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр.

Шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн эмэгтэй шигээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од.

Шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин.

Шилдэг холбоо

Шилдгийн шилдэг холбоогоор Лас Вегас хотод болсон ДАШТ-нд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, олимпийн зургаан эрх өвөртөлсөн Монголын чөлөөт бөхийн холбоо шалгарав.

Шилдэг холбоогоор Монголын жүдо бөхийн холбоо тодорлоо.

Шилдэг холбоогоор Монголын буудлагын холбоо шалгарав.

Шилдэг холбоогоор Монголын хөлбөмбөгийн холбоо тодров.  

Шилдэг баг

МХБХ-ны "Үндэсний Хүрхрээ лиг", "Цомын тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд аваргалсан хөлбөмбөгийн “Эрчим” баг.

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий VIII байр эзэлж, Улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн Мөнхжанцангийн Анхцэцэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бөртэ чоно-2015”-ийн эзнээр дэлхийн хошой аварга С.Батцэцэг тодорлоо   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй