Шууд Chart

М.Золзаяа: Бүх асуудалд ёс суртахууны учир холбогдол бий

2015-12-30 14:00:00

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарын бичгийн дарга, доктор М.Золзаяатай нийгмийн ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлт, хандлага сэдвээр ярилцлаа. 

-Сүүлийн үед хариуцлагын тогтолцоо сул, шударга бус байдал хэрээс хэтэрсэн гэж ярьж, бичих нь ихэслээ. Ер нь манайд нийгмийн ёс суртахууны төлөв байдлын талаар хийгдсэн судалгаа байдаг уу?   

-Хүмүүс манай нийгэмд ёс суртахууны хямрал, доройтол, уналт боллоо гэж ярьдаг. Хямрал, доройтол, уналт гэдэг ойлголтыг нийгмийн харилцааны тодорхой асуудал, хүрээнд буулгаад үзэхээр түүнийг тогтоох шалгуур, үзүүлэлт байх хэрэгтэй. Судалгааны байгууллагуудын боловсруулсан өдий төдий хувилбартай шалгуур үзүүлэлт байна. Зарим салбарын тодорхой асуудлыг судлахад нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзан боловсруулаад дүгнэлт гаргаад явдаг. XIX зууны дунд үед ёс суртахууны социологи гэж ойлголт үүссэн. Нийгмийн ёс суртахууны төлөв байдлыг ёс зүйн социологийн судалгаагаар шинжилж байна.  

1990 оноос хойш нийгмийн ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтийг бүхэлд нь тусгайлан судлаагүй ч дашрамд тодруулсан цөөн судалгаа бий. ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2010 онд “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс” экспертийн судалгаа явуулсан. Энэ судалгаанд оролцсон экспертүүдийн олонх нь ХХI зууны идеал, оюун санааны агуулга нь бүх нийтийн хүмүүнлэг боловсрол, ёс суртахууны дэвшил болохыг онцлон, үүнийг нийгмийн хөгжлийг тодорхойлох үндсэн шалгуур гэж үзсэн байсан. Бид тухайн үед энэ судалгааны зөвлөмжийг эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлээд холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэргэжил нэгтнүүдийн дэмжлэгээр БСШУЯ-аас 2014-2015 оны бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд ёс суртахууны боловсрол олгохоор болсон. Их, дээд сургуульд “Хүний хөгжил, харилцааны ёс зүй” хичээлийг заавал судлахаар баталсан байгаа. Сурагчид хичээл дээр багшийн заасныг сонсоод ойлгож болно. Харин дадал хэвшил болоход гэр бүлийн орчин, хэвлэл мэдээлэл, насанд хүрэгчдийн харилцааны нөлөөлөл ямар байгаа билээ. Олон нийт санаа зовинож, бухимдаж буй зүйл нь нийгмийн бүх давхаргынхны ёс суртахууны доголдол болсныг судалгааны дүнгүүд харуулж байгаа. Мэдээллийн нийгэмд хувь хүн өөрийгөө илэрхийлэх хандлага ч өөрчлөгдөж байна.

-Хувь хүний ёс суртахуунаас аливаа зүйл эхлэлтэй байх. Гэтэл манайхан нийгэм л болохгүй байна гээд яриад байдаг?

-Аливаа үнэлэмж ёс суртахууны үүднээс сайн уу, муу юу гэсэн шалгуурыг чухалчилдаг. Ёс суртахуун бол өөрийн болон бусдын зан байдал, төлөвшил, хандлагад үнэлгээ өгдөг утгаараа үнэлэмжийн шинжтэй. Хүн бүр ёс суртахууны хууль, зарчмыг удирдамж болгох нь зайлшгүй. Ёс суртахууныг эрхэмлэж, хэм хэмжээний дагуу үйлдвэл сайн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Мөн ёс суртахуунлаг байх нь өөрийн болон нийгмийн, улмаар ертөнцийн оршихуйн шалтгаан нөхцөл гэдэгтэй хэн ч маргахгүй. Нийгмийн ёс суртахуун хувь хүний ёс суртахуун хамт яригдана. Хувь хүний ёс суртахууны төлөвшилд соёлын чиг хандлага, боловсрол, шашин шүтлэгийн байдал, нийгмийн орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. Хувийн хүсэл зориг нь нийтийн шинжтэй болж, бусадтай харилцахад хүргэж, улмаар нийгмийн шинжтэй үүрэг хүлээдэг. Ингэхээр тухайн нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүс хэр зэрэг ёс суртахуунлаг байна, тийм л нийгэм байна. Нийгмийн ёс суртахууны өөрчлөлтөд институцийн төлөвшил, нийгмийн сүлжээ, мэдээллийн технологийн хөгжил, соёлын олон янз байдал зэрэг олон хүчин зүйл бас нөлөөлж байна. Иймд ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтийн тухай ярихад эдгээр хүчин зүйлсийг харгалзах шаардлагатай.

-Ёс зүйг  философийн гол салбар гэдэг. Ёс зүйн судалгааны онцлог нь юу вэ?

-Ёс зүйн салбар нь хамгийн чухал болохыг философийн түүх өгүүлдэг юм. Философийн талаар хэдэн зүйрлэл байдаг. Нэг дэх нь философийг цэцэрлэгтэй зүйрлээд доторх ургамал нь физик, үр жимс нь ёс зүй, хашаа нь логик гэжээ. Нөгөө нь философи өндөгтэй адил. Түүний шар нь ёс зүй, цагаан нь физик, хальс нь логик гээд, гурав дахь нь хүний биетэй зүйрлэж, яс нь логик, булчин эд эс нь физик, сэтгэл нь ёс зүй гэдэг. Мөн шинэ үеийн Францын математикч, философич Р.Декарт философийг модтой зүйрлэн үндэс нь метафизик, их бие нь физик, үр жимстэй салаа мөчир нь ёс зүй гэсэн байдаг. Ёс зүй нь авч үзэж буй асуудлын хүрээгээрээ ямар чухал, үнэ цэнэтэй болохыг ийнхүү зүйрлээд байгаа юм. Философийг ёс зүйгүйгээр төсөөлөх боломжгүй л дээ.

Хүмүүсийн олонх нь ёс суртахууны асуудал энгийн ойлгомжтой, бидний хором мөч бүрийн харилцаа учир бие даасан салбар ухааны түвшинд хөгжиж, мэргэшсэн эрдэмтэн судлаачид байдаг гэж тэр бүр мэддэггүй. Ёс зүйн судалгаа нь олон салбар ухааны уулзвар дээр дүн шинжилгээ хийхийг шаарддаг юм. Өнөө үед био ёс зүйн асуудлыг өндөр технологи ашиглан судалж байна. Манайд ёс зүйн чиглэлээр ном бүтээлүүд гарч байна. Гэхдээ онолын судалгаа хангалтгүй гэж хэлж болно. Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын санхүүжилт харьцангуй бага. Тэр дундаа философийн салбарын хувьд дэмжлэг байхгүйтэй адил философич эрдэмтэд бор зүрхээрээ л судалгаа хийж ирсэн.

-Эдийн засгийн хямралын шалтгаанд улс төрчдийн ёс суртахуунгүй үйлдлийг холбож үзэж байна. Судлаач хүний хувьд та үүнд ямар хариулт өгөх вэ?  

-Хүн бүх юмны хэмжүүр гэж мэргэн үг бий. Бидний ухаалаг, зөв сонголт хийх чадвар, бүтээлч, хариуцлагын мэдрэмжээс нийгмийн институцийн төлөвшил ямар байх нь хамаарна. Эдийн засгийн амьдралын өөрчлөлт, эерэг, сөрөг үзэгдлийг зөв оношлоход нийгмийн ёс суртахуунтай холбон судалж болно. Зөвхөн өөрийнхөө төлөө зорилго тавьж, явцуу ашиг сонирхолдоо автсан хүмүүс олширсноос бусдын эрх ашгийг хүндэтгэхгүй, нийтлэг зорилгод нийцэхгүй шийдвэр гаргаж байна. Улс орны, олон улсын хэмжээнд нийтлэг зорилго, эрх ашгийг бодсон шийдвэр гаргахад юуны өмнө шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатай байхыг эрхэмлэх чухал. Хүн төрөлхтний хувьд цаг хугацаа, хувийн явцуу ашиг сонирхлоос үл хамаарах эрхэмлэл нь шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлах юм. Эрхэмлэн дээдлэх зүйлийг хэрэгжүүлэх, зөрчихөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэм хэмжээг хуульчлан тогтоодог байгаа. Нийтийн эрх ашиг, зорилгыг умартан улс төрийн явцуу бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргах нь нийгэмд шударга бус үйлдэл, хууль дүрэм зөрчихийг жирийн зүйл мэт үзэх хандлага тогтоход ихээхэн нөлөөлж байна.  

-Манай улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр нийгмийн ёс суртахууны сөрөг үзэгдэл давамгайлдаг гэж хэлж болох юм. Үүнийг засаж залруулах ямар арга зам байна вэ?

-Нийгмийн тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг эрэлхийлсэн янз бүрийн хувилбарыг бид хэвлэл мэдээллээр сонсож байна. Бид ёс суртахууны хүмүүжил олгох сурган хүмүүжүүлэх ухааны арвин их өв сантай ард түмэн. Зөв амьдрал, сайн үйлийн тухай хаанаас ч сайхан сургаал уншаад өөртөө хэвшүүлэх бүрэн боломжтой. Талх, гоймонгийн уутан дээр ч зөв сайхан харилцах ёсны тухай сургаал бичээстэй байна. Хамгийн гол нь бидний ухамсарт дадал, хэвшил болж үйлдэхэд асуудал үүсээд байдаг юм аа. Өнөөдөр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харилцааны соёлын орон зайг бий болгож, иргэдийн ёс суртахууны боловсролын түвшинг дээшлүүлэх, тэдний оролцоонд тулгуурласан хүмүүнлэг санаачилгыг өрнүүлэх боломжтой. Нөгөө талаар төр засгийн бодлогын түвшинд анхаарах зүйл бий. Тухайлбал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын ёс суртахууны зарчим нь тэгш байдлыг хангах шударга ёс, оролцоо ба үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хайрлан хамгаалах зэрэг байгаа юм. Тогтвортой хөгжил нь шударга ёс, нийгмийн эрх тэгш байдал, сайн сайхан амьдрах бололцоог бүх нийтэд хүртээх замаар тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, түгээхийг зарчим болгодог. Мөн өнөө үеийнхний боломж, бололцоог хангахдаа ирээдүй үеийн боломжийг золиослохгүй байхыг эрхэмлэдэг учир улс төрийн шийдвэрт ёс суртахууны өндөр хариуцлага шаарддаг. Эдгээр зарчмыг манай шийдвэр гаргах түвшинд баримталж ажиллавал нийт хүмүүст үлгэр дууриал болоод л явна.

-Оны сүүлээр бүх байгууллага ажлаа дүгнэдэг. 2015 онд ШУА-ийн Философийн хүрээлэн нийгэм, эдийн засгийн амьдралын ямар асуудлыг анхаарч судалсан бэ?

-“Гэрэл төв” ТББ-тай хамтран архи, согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдлэг хандлага, хэрэглээ, дадал, хууль эрх зүйн зохицуулалтын талаар социологийн судалгааг гүйцэтгэж, тайлан зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргэхээс гадна олон нийтэд өргөн сурталчилсан. Социологичид хөдөөгийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлтийг тодорхойлох, түүний шалтгаан, төлөв байдал, цаашдын хандлагыг судалж үр дүнг боловсруулсан. Энд хөдөөгийн хүмүүсийн соёл, хүмүүс хоорондын харилцаа, гэр бүлийн харилцааны уламжлал шинэчлэл, малчдын хэрэглээ ба аж байдал, тэдний эрүүл амьдралын хэв маяг, хөдөө, орон нутгийн иргэдийн нийгмийн тэгш бус байдал ба нийгмийн ялгарал, шилжих хөдөлгөөн, нийгмийн мобиль хөдөлгөөний шинж, онцлог зэргийг авч үзсэн. Хуульчид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, зохистой харьцааны асуудлаар экспертийн түвшний судалгаа хийж, орон нутгийн бие даасан байдлын шалгуур үзүүлэлтийг боловсруулан таван аймгийн 31 суманд туршилт хийсэн судалгааны үр дүн гаргаад байна. Мөн философийн түүх, ёс зүй, нийгэм, улс төрийн философийн чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, товхимлыг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон.

-Ярилцсанд баярлалаа. Ирэх онд таны ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай. 

 

 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

М.Золзаяа: Бүх асуудалд ёс суртахууны учир холбогдол бий   
Үзсэн: 9483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.237.88.xxx [178.237.88.xxx] 2016-01-06 22:51
Uneheer unen chuu , niigmiin baidal huvi hun burees uheehen chaltgaana

Бидэнтэй нэгдээрэй