Шууд Chart

Сахилга баттай байж сур

2016-01-05 11:42:52

Хөвгүүддээ,

Хүнээс бүү хэл өөрөөсөө харамладаг цаг хормыг хөөсөрсөн зугаацал, хөсрий ховонд бүү үрээрэй хүү минь. Нэг хүнийг хүн шиг хайрлаж чадахгүй бол хэнийг ч хайрлаж чадахгүй гэсэн үг. Хэнийг ч хайрлаж чаддагүй хүн хүний хайрыг хүртэж чадахгүй. Нэг хүнийг хүн шиг хайрлаж чадсан хүнд мянган хүнийг энэрэх сэтгэлийн тэнхээ суудаг. Цаг хугацаа, үнэн сэтгэл хоёр бүхний шалгуур бол хайр түүнийг утга учиртай болгодог зүг чиг бололтой. Цагаа дэмий бүү үр, сэтгэлээ хэлбэрээр бүү дүүргэ. Бодолдоо алсын харууцтай гэгээн зорилго тогтоо. Бусдын хэмжүүрээр хээнцэрлэж бус өөрийн зүрхээр ухаажиж амьдар. Хүний хүслээр жаргаж бус өөрийн тархиар зовж хүчирхэгж. Өөрөөс харамлах нандин цагийг өөрийг чинь хайрладаг хүмүүст харамгүй зориулж чад. Хүнийг бүрэн таних боломжгүй, оронд нь өөрийгөө байнга чагнаж бай. Өөртөө хатуу хандаж сур. Дэглэм, сахилга баттай байж занш. Эдгээрийн олонхийг нь би чаддаггүй л байх, гэвч чи сонсох ёстой үгээ сонсох ёстой цагтаа сонсож байгаа нь чухал, хэнээс гэдэг нь чухал биш.

Олон хүн үгийг минь үл хэрэгсэж болно. Харин хүн өөрийг нь бий болгосон эцэг, эхийнхээ үгийг бүрэн шингээж байх ёстой. Учир нь тэдний үг хоёргүй сэтгэлээс чиний төлөө гарсан байдаг. Сайн нэртэй яв, хүнийхээ хувьд. Алдар цолны төлөө биш, амьдралд эгэл мөртэй хүн байхын төлөө яв.

Ааваас нь

 


Сахилга баттай байж сур  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй