Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг манай улсад өнгөрөгч 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн бөгөөд 28-ны өдрөөс С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байгаа.
Харвони эмийн эмчилгээнд хамрагдсан иргэд ямар журмаар эмээ авч болох талаарх зөвлөгөөг хүргэе.
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт Нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгож байгаа. Өвчтөн эмчдээ үзүүлээд жороо бичүүлсний дараа эмч жорыг цахимаар "Омбол" ХХК-д илгээж, улмаар холбогдох эмийн сангаас нь утсаар өвчтөнтэй ярина. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмчээс цахим жор ирсэн өвчтөнтэй л утсаар холбогдоно.
- Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан 1 сарын эмчилгээнд хэрэглэх нэг савтай Харвони эмийг өгнө. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгүй, хуваахгүй, зөвхөн өөрөө ууна.
- Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж өгнө.
- Сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлнэ.
Харин эмийг худалдан авах төлбөрийг бэлэн мөнгөөр хийхгүй. Эмийн санд төлөхгүй, зөвхөн Худалдаа Хөгжлийн банк дахь "Омбол" ХХК-ийн дансанд шилжүүлнэ. Дансны дугаарыг мөн утсаар хэлж өгнө.
- Утсаар хэлсэн дансанд эмийн төлбөрийг төлснөөс хойш Улаанбаатар хотын хүн бол 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас өөрийн биеэр, иргэний үнэмлэхтэйгээ ирж эмээ авна. Хөдөө орон нутгийн өвчтөнүүдийг төлбөрөө хийсний дараа тухайн орон нутгийн эмийн сан руу явуулна. Аймгийн эмч нартайгаа холбогдож асууж болно.
- Эмийн төлбөрийг 1 сараар эсвэл 3 сар буюу курс эмчилгээний бүтэн хэмжээгээр төлж болно. Төгрөгөөр төлөх ханшийг утсаар ярихдаа хэлж өгнө. Тухайлбал, нэг сарын төлбөр өнөөдрийн байдлаар долларын ханштай уялдан 800800 төгрөг байна. Дараа сард эмээ авахын өмнө дахиад төлбөрөө төлнө. Мөн 3 сар буюу курс эмчилгээний бүтэн төлбөрөө нэг дор төлж болно.
- Төлбөр хийгдсэний дараа эмийг эмийн санд хүргүүлнэ.
Үүнээс гадна Харвони эмийг хэрэглэж байгаа өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтөнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтөнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтөнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон хепатитийн С вирусын архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна.
Хэрэв шинжилгээнд хамрагдаж амжаагүй хэдий ч эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд байгаа бол нэн түрүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээ өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.
Одоогоор аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийгдэхгүй байгаа тул иргэн Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгууд эрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө, эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.
Эх сурвалж: Эрүүл мэнд, спортын яам
| Харвони эмийг хэрхэн худалдаж авах вэ | ||
| Үзсэн: 1432 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.