
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнийг МЖБХ, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран зохион байгуулж байгаагаас гадна Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.
Өчигдрийн хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон ДАШТ-ий хүрэл медальт, хэдхэн хоногийн өмнө гавьяат тамирчин цол хүртсэн Д.Сумъяа, ОБЕГ-ын тамирчин Л.Энхрийлэнтэй оноолт таарсан. Барилдааны үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Д.Сумъяа боолтонд оруулсан ч цаг дууссан. Нэмэлт цаг эхлээд хоёр дахь минутад Д.Сумъяа юүко үнэлгээ авснаар өрсөлдөгчөө ялж хэсгийн аварга болов. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин "Боржин" клубын тамирчин Д.Намсрайдоржийг цэвэр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Баттулга юм.
Эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ О.Жавзмаа Спортын дунд сургуулийн тамирчин Ш.Сэржмядагийг барилдаан эхлэнгүүт цэвэр ялсан. Энэ жинд 13 тамирчин хүч үзэж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОБЕГ-ын тамирчин Ц.Цогтбаатар Спортын дунд сургуулийн тамирчин Ч.Чинхүслийг цэвэр ялсан. Түүний хувьд дараагийн өрсөлдөгч "Аравт" клубын тамирчин О.Батбаяр.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий алтан медальт, “Хангарьд” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Г.Болдбаатар, Хан-Уул дүүргийн тамирчин Ц.Төгсболд оноолт таарч яллаа.
Энэ жилийн тэмцээнд 32 багийн 286 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.
Жүдогийн УАШТ үргэлжилж байна | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.