Шууд Chart

“ЭБАТ”-ууд чуулж байна

2016-01-08 17:25:48

ЭБАТ... Уншигч танд энэ үг сонирхолтой санагдаж болох юм. Мэдээж энэ бол товчилсон үг. Эрх бүхий албан тушаалтан гэдэг үгийн товчлолыг АТГ-ынхан бараг өгүүлбэр бүрийнхээ дунд хэлэх аж. Нэг хэсэг нь үүгээр нэршитлээ, нөгөө хэсэг нь энэ үгээр овоглон дуудах хүртлээ хоногшсон энэ нэр томьёо АТГ-ын ажлын салшгүй нэг хэсгийг гүйцэтгэдэг  хүмүүсийг хэлдэг. АТГ орон нутагт харьяа салбаргүй. Тиймээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ажлыг ЭБАТ-уудаар хийлгэдэг юм.

Монгол Улсад 38 мянга гаруй төрийн албан хаагч байдаг. Тэдгээрийн ХОМ-ийг энд цугларсан ЭБАТ-ууд хянаж АТГ-т ирүүлдэг бол АТГ-ын мэргэжилтнүүд төрийн өндөр дээд албан тушаалтай 270 гаруй албан хаагчийн ХОМ-ийг авч, хянаж шалгадаг юм байна.

ЭБАТ-ууд жилд нэг удаа цугларч сургалтад хамрагддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу тэдэнд зориулсан сургалтыг өчигдөр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Цонжинболдогт зохион байгуулж эхэллээ. Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо тухайн оны хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй байдаг. Хуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 110 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгч байна.


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бидэнд хийх ажил багагүй байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар АТГ-т ирж байгаа өргөдөл гомдлын 30 орчим хувь нь нийтийн болон төрийн албаны томилгоотой холбоотой байдаг. Энэ жил ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/-ийн  бүрдүүлэлт эрх зүйн онцлог орчинд явагдана. Саяхан УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор мэдүүлэг гаргах хүмүүс та бүхнээс ямархуу байдлаар мэдүүлэх ёстойг асууж лавлаж байгаа байх. Та бүхэн асуулт бүртээ манай мэргэжилтнүүдээс хариулт аваарай” гэдгийг онцолсон.

Сургалт, семинарын үеэр Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Баатарсайхан “Төрийн албан хаагчийн ёс зүй ба ашиг сонирхлын зөрчлийн харилцан хамаарал”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа “Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх 2015 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн үнэлгээний тухай”, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны ажилтан, комиссар Ц.Баасандэлгэр “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал” зэрэг сэдвээр  илтгэж тавьж хэлэлцүүллээ.


Сургалтын ач холбогдол хийгээд тулгардаг бэрхшээл, ЭБАТ-уудын туршлагыг нь хуваалцан зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

Зам тээврийн яамны ЭБАТ н.Жавхлан: -Би төрийн албанд 10-аад ажил ажиллаж байна. Сүүлийн 6-7 жил АТГ-ын ЭБАТ-аар ажиллаж байгаа. АТГ-тай хамтран ажиллахад таатай байдаг. Эрх бүхий албан тушаалтнуудыг давтан сургах, мэргэжүүлэхэд чиглэгдсэн энэ сургалт үр дүнтэй болж байна. Хэдийгээр жил бүрийн эхэнд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, хянаж авдаг ч хууль шинээр батлагдсантай холбоотойгоор мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх ёстой.

Энэ жилийн хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль шинээр батлагдсан. Тиймээс ЭБАТ-ууд хянамтгай ажиллах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Энэ сургалтаас би цаашид ажиллах зарчим, чигээ авчихаад өмнө нь ажиллаж байсан амжилтаасаа бууруулахгүй ажиллана. Орлогынхоо хэмжээг гаргаж мэдэхгүй байх, хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг оруулах, нэг гэр бүлийн гишүүд гэдэгт хэнийгээ багтаахыг ч мэдэхгүй хүн байдаг. Мөн хувь хүн, хуулийн этгээдтэй холбогдсон хамаарлаа ялгаж салгаж чаддаггүй. ЭБАТ-ууд албан хаагчдад энэ бүхнийг танилцуулж, ойлгуулж өгдөг.


Дорнод аймаг хариуцсан ЭБАТ Э.Нандин-Эрдэнэ: -Эрх бүхий албан тушаалтны ажлыг 2007 оноос хойш хийж байгаа. Анх Хууль зүйн байнгын хорооны 5-р тогтоолын дагуу нийт 480 гаруй албан хаагчийн ХОМ-ийг авдаг байсан.

2015 онд Хууль зүйн байнгын хорооны 20-р тогтоол батлагдсан. Одоо 192 төрийн албан хаагчийн ХОМ-ийг авч, хяналт ажиллаж байна. Давхар алба хашдаг учир ажлын ачаалал их байдаг. Ялангуяа хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа тохиолдолд орон нутагт тайлан мэдээ авах, дараа оны ажлаа төлөвлөх гээд олон ажил давхацдаг гэлээ.

Тэрбээр Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж эхэлж байх үед хүндрэл бэрхшээл их гардаг байсныг дурдаад, одоо энэ байдал харьцангуй цэгцэрснийг онцолж байлаа.  Э.Нандин-Эрдэнэ “Хүмүүс анх хуулийнхаа цар хүрээг ойлгодоггүй. Мэдүүлэг өгөх  үүрэгтэйгээ мэддэггүй, зарим нь хөрөнгө орлогынхоо зарим хэсгийг нуудаг гээд асуудал их байсан. Одоо албан хаагчид өөрсдөө ХОМ гаргана гэдгээ ухамсарлаад эхэлчихсэн.  Цахимжсан болохоор бидний ажил илүү амар болсон. Олон хүн зэрэг орвол програм жаахан ачаалал өгдгийг эс тооцвол хүндрэл бэрхшээл үүсэх нь багассан” гэлээ. Эрх бүхий албан тушаалтны ажлын бас нэг гол чиглэл нь Сургалт, мэдээлэл түгээх байдаг аж. Э.Нандин-Эрдэнэ  өнгөрөгч онд Төрийн албаны зөвлөлтэйгээ хамтраад найман сумын 300 гаруй албан хаагчид Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг болон Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг таниулсан сургалт хийжээ. Харин харьяа ЭБАТ-дад оны эхэнд болон дундуур сургалт хийдэг туршлагаасаа бидэнтэй хуваалцав.


Сүхбаатар аймгийн ЭБАТ П. Жаргалсайхан: -2012 оноос ЭБАТ-аар ажиллаж эхэлсэн.  Аймаг, сумын бүх шатны ИТХ-ын 336 төлөөлөгчийн ХОМ-ийг доод шатныхаа ЭБАТ-дын бүрдүүлсний дагуу хянадаг.

ЭБАТ-ны ажил нь төрийн албан хаагчдыг авлигын халдлагаас хамгаалахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, тэдний нэр төрийг хамгаална гэсэн үг. Янз бүрийн тохиолдолд хүмүүс төрийн албан хаагчдыг хардаж сэрдэн, байнга тэдэн рүү довтолж байдаг. Нэг ёсондоо бид албан хаагчдад албан хаагч гэх нэр төрийг хамгаалахад нь тусладаг юм.

Өнгөрсөн хугацаанд манай аймагт томоохон зөрчил гарч байгаагүй. Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт янз бүрийн боловсролтой байдаг учраас ХОМ-ийн ач холбогдлыг ойлгохгүй, мэдүүлгээ дутуу, буруу гаргаж, эсвэл гаргахгүй байх тохиолдол гарч байсан. Хүмүүс өөртөө хэрэгтэй хууль тогтоомжуудаа судалдаггүй. Энэ нь бидний ажилд их хүндрэлтэй.  

Тэдний сэтгэгдлийг сонсоход ийм байна. Сургалтын семинарын үеэр мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем”-ийн ашиглалт, цахим бүрдүүлэлтийн талаар танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлсэн. Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд ажлын арга барил, туршлагаа хуваалцан харилцан санал солилцлоо. Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт семинар хоёр өдөр үргэлжлээд өнөөдөр өндөрлөнө. Тус сургалтаас зөвлөмж гаргах юм.

ЭБАТ-ууд идэвхтэй байж асуулт бүрийнхээ хариултыг олсон үр дүнтэй сургалт болж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“ЭБАТ”-ууд чуулж байна   
Үзсэн: 2887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй