Шууд Chart

"Монголын Мэдээ" суваг нээлтээ хийлээ

2016-01-11 11:38:58

2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:11 цагт мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг нээлтээ хийлээ. “Түүхэн хаалга”-ны өмнө болсон тууз хайчлах ёслолд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа, “Монголын Мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхтөр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр нарын олны танил эрхмүүд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

МҮОНРТ-ийн ММ агентлаг, “Хурд” агентлаг, MNB.MN сайт, Спортын мэдээний алба, Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэснээр “Монголын Мэдээ” сувгийг байгуулж байна. Ингэснээр МҮОНТ дэлхийн бусад улс орнуудын үндэсний олон нийтийн телевизүүдийн жишгээр төрөлжсөн сувгуудтай болох эхлэл тавигдаж байгаа юм. Эхний ээлжинд МҮОНТ хоёр сувагтай болж, нэгдүгээр сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ. Харин хоёрдугаар сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагуудыг үзэгчдэд хүргэнэ.

Мэдээний төрөлжсөн суваг байгуулах төслийг 2013 онд эхлүүлсэн. Ингээд 2014 оны долоодугаар сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэл таван сарын хугацаанд туршилтын эфирийг нэвтрүүлсэн юм.

Нээлтийн арга хэмжээг МҮОНТ-ийн нэг, хоёрдугаар суваг, MNB.MN сайт шууд дамжуулж байна.  

 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Монголын Мэдээ" суваг нээлтээ хийлээ   
Үзсэн: 2345 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй