Шууд Chart

“Монголын Мэдээ”-г уншиж, сонсож, үзэж болно

2016-01-11 16:52:17

МҮОНРТ-ийн ММ агентлаг, “Хурд” агентлаг, MNB.MN сайт, Спортын мэдээний алба, Нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийг нэгтгэж “Монголын Мэдээ” сувгийг үүсгэн байгуулаад байна. Мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮОНТ хоёр сувагтай болж, нэгдүгээр сувгаар үндэсний соёл уламжлал, зан заншлыг таниулан сурталчлах, хүүхэд залуусын хөгжил, хүмүүжилд нөлөөлөхүйц танин мэдэхүйн, хөгжөөнт цэнгээнт уран сайхны нийтлэл, нэвтрүүлэг үзэгчдэд хүрч байна. Харин хоёрдугаар сувгаар нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, шууд ярилцлагууд үзэгчдэд хүрнэ. “Монголын Мэдээ” уншиж, сонсож, үзэж болдог мэдээллийн төрөлжсөн суваг юм.  

“Монголын Мэдээ” сувгийн нээлтийн үеэр зарим зочны сэтгэгдлийг сонслоо.  

Ц.Мөнхтөр: МҮОНРТ мэдээллийн дагнасан агентлагтай байх ёстой

МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнхтөр:  

Үзэгч, уншигч, сонсогч та бүхэнд энэ түүхэн өдрийн мэндийг хүргэе. Аливаа улсад үнэт зүйл гэж бий. Манай улсын хувьд МҮОНРТ энэ үнэт зүйлийн нэг. Би 1996 онд РТХЭГ-ын даргаар ажиллаж эхлэхдээ МҮОНРТ мэдээ мэдээллийн дагнасан агентлагтай байлгах үүднээс энэ санааг дэвшүүлсэн. Ийнхүү анxны заxирлаар өдгөө “Гараг” студийн захирал, сэтгүүлч Г.Бадамсамбуу томилогдсон. Бидэнтэй одоогийн УИХ-ын гишүүн, сэтгүүлч Д.Сарангэрэл, сэтгүүлч Б.Сарантуяа, Д.Цондовдорж, Ц.Сүхбаатар, бурхан болооч С.Мөнхцэрэн, Д.Энхтайван нарын зэрэг сэтгүүлч, уран бүтээлч ММ агентлагийн үүдийг нээж байв. Түүнээс хойш олон ажил өрнөж, өнөөдөр мэдээ мэдээллийн дагнасан суваг нээлтээ хийж байгаад их баяртай байна.  

Б.Бямбадорж: Миний сонгосон нэрээр мэдээллийн суваг овоглосоор байгаад баярладаг

МҮОНРТ-ийн найруулагч Б.Бямбадорж:   

Миний хувьд ММ агентлагт хоёр жил ажилласан. Тэр үед “Цаг үеийн үйл явдал” нэртэй байсан мэдээллийн сувгийн нэрийг өөрчлөх тухай уралдаан зарлахад би “Цагийн хүрд” гэж нэрлэснээр өдгөө үзэгчдэд хамгийн дотно, танил үг болжээ. Тухайн үед би урт нэртэй байснаас оновчтой бөгөөд богино нэр өгсөн нь зөв гэж бодсон. Хамт олон маань өдөр бүр миний сонгосон нэрээр мэдээллийн сувгаа нэрлэж, цаашид ч нэрлэх гэж байгаад баяртай байна. Хоёрдугаар сувгаа өлгийдөж буй уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье.   

Г.Бадамсамбуу: Төрсөн өдрөө тэмдэглэж буй юм шиг сайхан сэтгэгдэл төрж байна

“Гараг” студийн захирал, сэтгүүлч, аялагч Г.Бадамсамбуу:  

Шинэ суваг нээгдэж байгаад баярлаж байна. Энэ ажилд олон ч хүн талархаж байгаа нь мэдээж. Бидний энэ хүсэл мөрөөдөл олон жилийн дараа албан ёсоор биелэж байгаа нь цаг үеийн тохироо нь бүрдсэнийх байх. Тухайн үед МҮОНТ нэг сувагтай байсан болохоор ММ тусдаа агентлаг болон гарсан ч өөрийн суваггүй учраас үндсэн сувгийн xөтөлбөрт орсон мэдээ мэдээллийн xөтөлбөрүүдийг тогтсон цагт нийлүүлэxээс өөр дорвитой ажил бүрдээгүй байсан. Тиймээс бид ажиллах хүч, тоног төхөөрөмж батлуулж үндсэн ажлаа эхэлсэн. Намайг захирлаар ажиллахад хүмүүс “Г.Бадамсамбуу МҮОНТ-ийг хоёр хувааж байна” гэх зэргээр олон сөрөг мэдээлэл гарсан. Харин одоо ийм сайхан ажлын хойноос зүтгэж байсныг хараад ойлгож байгаа байх. Энэ өдөр хоёрдугаар суваг нээгдэж байгаа нь миний төрсөн өдөр тохиож байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрүүлж байна.  

Б.Чулуунбат: Шинэ суваг шигээ шинэлэг байхыг хүсье

МҮОНРТ-ийн анхны нэвтрүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Чулуунбат:   

1967 оны есдүгээр сарын 27-нд Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нэгэн үйл явдал тохиосон нь МҮОНТ үүдээ нээсэн мөч байлаа. Ард иргэд өмнө нь радиогоор л мэдээллээ хүлээн авдаг байсныг телевизээр дамжуулсан нь том алхам болсон. Түүнээс хойш өдгөөг хүрэхэд олон арван гэр бүл, залуусын амьдралтай нэн холбоотой болжээ. Ахмад уран бүтээлч бидний ажлыг залуус маань өвлөн авч үйл явдлын халуун цэгээс, яаралтай, бахархалтай, шуурхай, найдвартайгаар хүргэсээр байна. Тиймээс цаашид ч улам төгөлдөржиж, шинэ суваг шигээ шинэлэг байна гэдэгт итгэлтэй байна.

Ц.Дамдин: Шинэ бүтээл, ажил үргэлж өнгөтэй, ирээдүй нь гэрэлтэй харагддаг

Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин:   

МҮОХ, МҮОНРТ-тэй үргэлж хамтран ажилладаг. Спорт гэдэг агуу үйл явдал биднийг ийнхүү холбодог юм. Ирэх наймдугаар сард “Рио-2016” зуны олимпийн наадам эхэлнэ. Үүнийг улс орон даяар хүргэж, үзэгчдээсээ томоохон үнэлгээ авна гэдэгт итгэлтэй байна. Шинээр байгуулагдаж буй сувгийнх нь ажилд өндөр амжилт хүсье. Шинэ бүтээл, ажил үргэлж өнгөтэй, ирээдүй нь гэрэлтэй харагддаг. Тиймээс энэхүү сувгийг нээсэн хамт олон анх бодож, тунгааж ажлаа зөв эхлүүлсэн шигээ үнэн зөв мэдээллээр үзэгч биднийгээ хангаж байгаад баяртай байна.  

Ж.Батбаяр: Шинэ сувгаа нээж, залуучуудаар хүрээгээ тэлсээр байгаа нөхөддөө баяр хүргэе

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр:  

УБИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсч, УДЭТ-т “Эдип хаан” жүжгээр дипломынхаа ажлыг хамгаалсан би МҮОНРТ хэмээх их айлд ажилтан болохоор ирж байлаа. Тэр том жүжгээр дипломоо хамгаалсан болохоор тухайн үед би өөрийгөө их л том хүн болсон мэт ойлгож байсан. Гэвч намайг нэг жил дагалдангаар ажиллуулсан. Учир нь энэ байгууллага маш өндөр шалгууртай болохоороо тэгсэн хэрэг. Тухайн үед багш маань намайг “Батбаяр аа, чамд уран сайхны удирдах чадвар байдаг болохоор энэ талд заах шаардлага алга. Харин улстөрөөр мэргэших хэрэгтэй шүү” гэж хэлж байсан. Тэр цагаас хойш би олон зүйлийг энэ том айлаас сурсан. МҮОНРТ бол шуурхай, бодитой, тэнцвэртэй байдгаараа онцлогтой. Өдий зэрэгтэй яваа минь ч үүнтэй холбоотой. Шинэ сувгаа нээж, шинэ залуучуудаар хүрээгээ тэлсээр байгаа нөхөддөө халуун баяр хүргэе.   

Б.Галаарид: Үздэг, сонсдог, уншдаг төрөлтэй болгосон нь сайн хэрэг

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид:   

МҮОНРТ-ийн хоёрдугаар суваг нээгдэж байгаа нь тухайн байгууллагын хувьд бас нэгэн томоохон үйл явдал боллоо. Мэдээллийн хувьд олон жилийн туршлагатай болохоор материаллаг бааз, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай. Тиймээс мэдээллийн дагнасан суваг нээж байгаа нь бүр ч их итгэл төрүүлж байна. Гэхдээ зөвхөн мэдээллийн суваг биш. Өнөө цагийн шаардлагыг хангасан үздэг, сонсдог, уншдаг төрөлтэй байлгахаар тогтсон нь сайн хэрэг. Хэрэглэгч буюу ард түмэн энэ гурвын алийг нь ч өөрсдөө сонгож, мэдээллээ бүрэн хүлээн авч чадахаар боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголын Мэдээ”-г уншиж, сонсож, үзэж болно   
Үзсэн: 1585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2016-01-11 18:05
Ард түмэн,улс орныхоо намтар түүхийн хуудас болсон МҮОНТВ-ийн мэдээлэлийн суваг нээгдэж байгаад ахмадын хувьд тун баяртай байна.49 жилийн түүхтэй анхны телевиз шүү дээ...Анхны курст суралцаж,зураглаачаар ажилласан Ч.Баярааг хамт байсан дотны нөхдөө энэ уаг хугацаанд хамт байгаагүйд элэг нь эмтэрч баяр,харууслын нулимс унагахад аргагүй л дагаж мэлмэрэв.

Бидэнтэй нэгдээрэй