Шууд Chart

Л.Месси тав дахь удаагаа оны шилдэг тамирчин болов

2016-01-12 11:53:17

ФИФА-гийн оны шилдэг тамирчныг тодруулах ёслолын үйл ажиллагаа Монголын цагаар өчигдөр шөнө Швейцарийн Цюрих хотноо болж, оны шилдэг хөлбөмбөгчөөр Аргентиний шигшээ баг болон Испанийн "Барселона" клубын довтлогч Л.Месси шалгарлаа. Санал асуултад 200 гаруй улсын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч болон ахлагч нар оролцож 41.3 хувийн саналыг Л.Мессид өгсөн байна. Түүний ард Испанийн "Реал Мадрид" клуб, Португалийн шигшээ багийн тамирчин К.Роналдо 27.7, Испанийн "Барселона" клуб, Бразилийн шигшээ багийн тамирчин Неймар 7.8 хувийн санал цуглуулжээ. Л.Мессигийн хувьд 2009, 2010, 2011, 2012 онд энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж байсан билээ.

Энэхүү шагналыг 2007 онд тухайн үеийн Италийн "АС Милан" баг болон Бразилийн шигшээ багийн тамирчин Кака хүртсэнээс хойш найман жил Л.Месси, К.Роналдогийн наадам болоод байна.

Эргэн дурсахад, Л.Месси өнгөрсөн жил 61 тоглолтод оролцохдоо 52 гоол оруулж, Испанийн лигийн аварга, Испанийн  лигийн цом, УЕФА-н Аваргуудын лиг, УЕФА-н Супер цом болон ФИФА-гийн Клубуудын ДАШТ-ий цомыг тус тус хүртсэн. Мөн Неймар, Л.Суарез нарын хамтаар календарын бүтэн жилийн турш 180 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан.

Оны шилдэг тамирчнаар тодорсон тоглогчид:

Л.Месси – 2009, 2010, 2011, 2012, 2015 он

К.Роналдо – 2008, 2013, 2014 он

М.Платини – 1983, 1984, 1985 он

Й.Кройф – 1971, 1973, 1974 он

М.ван Бастен – 1988, 1989, 1992 он

Мөн Цюрих хотноо болсон ёслолын үйл ажиллагаанд бусад шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа болсон. Оны эмэгтэй шилдэг хөлбөмбөгчний шагналын төлөө АНУ-ын шигшээ багийн Карли Ллойд, Германы шигшээ багийн Селиа Сашич, Японы Аяа Мияма нар өрсөлдсөн ч санал асуулгаар 35.2 хувийн саналаар АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Карли Ллойд сонгогдсон юм. Түүний ард Германы С.Сашич 12.6, Японы Аяа Мияма 9.8 хувьтайгаар зогссон. Тэгвэл оны шилдэг гоолын эзэнд олгодог Пушкашын цомыг Бразилийн Вила Нова багийн довтлогч Венделл Лира хүртсэн юм. Түүнтэй хамт уг шагналын төлөө Л.Месси болон Италийн Рома багийн Алессандро Флоренци нар өрсөлдсөн.

Оны дасгалжуулагчаар эрэгтэй төрөлд Испанийн "Барселона" клубын дасгалжуулагч Испани мэргэжилтэн Л.Энрике 31.0 хувийн саналаар хүртсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Жилл Эллис 42.9 хувиар тодорсон юм. Шилдэг хаалгачаар Бавари Мюнхэн багийн хаалгач М.Нойер, хамгаалагчдаар ПСЖ багийн Т.Силва, Реал Мадрид багийн Марсело, С.Рамо, Барселона багийн Д.Алвес, хагас хамгаалагчдаар Барселона багийн А.Иньеста, Реал Мадрид багийн Л.Модрич, Ювентус багийн П.Погба, довтолгоонд Неймар, Л.Месси, К.Роналдо нар багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Месси тав дахь удаагаа оны шилдэг тамирчин болов   
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй