
“Мөнхийн үсэг” группээс “Эртний сургаалаас суралцъя” эссе бичлэгийн уралдааныг зарлаж байна. Энэ талаараа өнөөдөр МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм. Тус группийн ерөнхий захирал Б.Ганбат, “Эртний сургаалаас суралцъя” төслийн удирдагч, ҮДБЭЧ-ын дэд захирал, найруулагч Н.Болд, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор, яруу найрагч Х.Сүглэгмаа, “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж н.Нямсамбуу нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр бид “Эртний сургаалаас суралцъя” төслийн удирдагч, ҮДБЭЧ-ын дэд захирал, найруулагч Н.Болдоос дараах тодруулгыг авсан юм.
Н.Болд: Хүүхдүүд зөв хүн болж төлөвшихийг харах бидний олсон их орлого
-“Эртний сургаалаас суралцъя” төслийн гол зорилго юу вэ?
-Өглөө, өдөр, орой бүр санаж, төсөөлж, амьдралдаа учир холбогдлыг нээн, эрхэмлэж явбал зохих эрдэнэсийн сан бол цэцэн билэгт ардын минь сургаал юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа энэхүү сургаал өнөөгийн залуусын бодолд нэгийг тунгаалгах, хүүхдүүдэд зөв хүн болон төлөвшихөд нь маш чухал нөлөөтэй. Иймд бид хүүхдүүдийг оюунлаг хүн болон болон төлөвшихийг нь гол зорилгоо болгон ажиллаж байна. Зарим хүн биднийг “Хүүхдийн нэр барьж бизнес хийж байна” гэж бодож байж магадгүй. Энэ ажлаасаа бид өчүүхэн ч орлого олохгүй. Хамгийн гол нь хүүхдүүд минь зөв хүн болж төлөвшихийг харах л бидний олсон их орлого байх болно.
-Та бүхэн есөн зохиол сонгосон гэсэн. Чухам ямар зохиолыг ямар шалгуураар онцлов?
-Төслийн баг ярилцаж байгаад хүүхдүүдэд хамгийн их мэдлэг, сургаал өгөх “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал”, “Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав шимийн дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардын тэжээх рашааны дусал”, “Чойжид дагины тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт шастир оршвой” зэрэг зохиолыг сонгосон. Хүүхдүүд эдгээр зохиолоос өөрт таалагдсанаа сонгоод эссе бичих юм. Дээрх сургаал бидний саяхан хэвлүүлсэн “Эртний сургаалын зохиолууд” номд багтсан.
-Хэдээс хэдэн насныхан, ямар шаардлага хангасан эссег та бүхэн хүлээн авах вэ?
-13-18 насныхан оролцоно. Эссег 350-450 үгтэй, утгын болон үг үсгийн алдаагүй бичих шаардлагатай.
-Шагналын санг нэлээн өндөр гэж сонссон. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээр байр эзэлсэн оролцогч сая 500 мянга, дэд байрынх сая төгрөг бол гутгаар байрт шалгарсан нь 600 мянга, тусгай байрынх тус бүр 300 мянган төгрөг, өргөмжлөл гардана.
-Бүтээлээ ямар хаягаар авч байна вэ?
-“Мөнхийн үсэг” группийн “Аз хур” номын их дэлгүүрт болон МУИС-ийн ард байрлах “Time” төвийн нэгдүгээр давхар “Аз хур” номын дэлгүүрт энэ сарын 22 хүртэл бүтээлийг бүртгэж авна. Мөн www.bookstore.mn сайтаар авна. Оролцогчид овог нэр, холбогдох утас, сургууль, анги, бүртгэлийн дугаараа тодорхой бичих хэрэгтэй. Үүнээс шалгарсан 50 оролцогч илтгэл тавих бөгөөд илтгэлээс асуулт асууж, утга учир, мөн чанарыг тайлбарлуулна. Илтгэлийн хугацаа 5-7 минут байна.
Шагналын сан өндөртэй эссе бичлэгийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.