Шууд Chart

"Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд

2016-01-21 11:29:02

“Гэртээ ганцаараа” киног хүүхдүүд байтугай томчууд ч үзэх дуртай. Үзээд байхаас ч аргагүй хөгжилтэй үйл явдал тохиолддог билээ. Тиймээс сэргэлэн цовоо Кевин хүү болон бүтэлгүй хоёр дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийн сонирхолтой баримтуудаас сонирхуулъя. 

Яг үнэндээ энэ зурган дээрх Кевиний ах Баззын найз охин огтоос эмэгтэй хүүхэд биш ерөнхий зураглаачийн хүү байсан бөгөөд түүнийг эмэгтэй хүүхдийн дүрд хувиргаж зургийг нь авчээ. Учир нь киноны найруулагч өсвөр насны хэн нэгэн охиныг гомдоохыг хүсээгүй аж.

Жүжигчин Жо Пеши (Гарри) инээдмийн төрлийн гэр бүлийн кинонд тоглож байгаагаа мартаж, зураг авалтын үеэр байнга "Fuck" гэх хараалын үг урсгадаг байжээ. Тиймээс ч киноны найруулагч түүнд хараалын үг хэлэхийн оронд "Fridge" буюу хөргөгч гэсэн үгийг хэлж байхыг зөвлөжээ.

Жо Пеши кино зураг авалтыг илүү бодитой болгож,  Макалей Гулкинг (Кевин) өөрөөсөө үнэхээр айдаг болгохын тулд түүнтэй зураг авалтын үеэр аль болох бага тааралдахыг хичээдэг байжээ. Түүнчлэн нэг удаа тэрээр залуу жүжигчнийг албаар гэмтээж байсан байна. Энэ үйл явдал дээрэмчид Кевинийг хаалганы өлгүүрт өлгөдөг хэсгийн зураг авалтыг давтаж байх үед болсон бөгөөд Пеши "Би түүний бүх хуруунуудыг нэг нэгээр нь идэх болно" гэж хэлжээ. Харин дараагаар нь жинхэнээсээ залуу Макалейн хуруунаас цус гартал нь хазсан байна.

Кевиний үздэг "Angels with Filthy Souls" буюу "Бохир зүрх сэтгэлтэй сахиусан тэнгэрүүд" гэх кино нь яг үнэндээ жинхэнэ бодит кино биш аж. Харин Гэртээ ганцаараа киноны ангиудад ашиглахаар тусгайлан авсан дээрэмчний тухай өгүүлэх богино хэмжээний сценари юм байна.

Жүжигчин Дэниэл Стерний (Марвин) нүүрэн дээрх аалз жинхэнэ аалз бөгөөд аалзыг айлгахгүйн тулд жүжигчин маань огт дуугаралгүй нүүрээ хувиргаж дараагаар нь дуугаа бичүүлж байжээ.

Тус киноны зураг авалтыг тэр чигт нь АНУ-ын Чикаго хотод авсан бөгөөд Францын олон улсын нисэх буудал яг үнэндээ бол О'Хара Олон улсын нисэх буудал байжээ. Харин бизнес ангиллын суудалтай хэсгийг орон нутгийн дунд сургуулийн сагсан бөмбөгийн талбайг тусгайлан засч зураг авалт хийсэн бол тус сургуулийн  бассейныг  Маккаллистерийн гэрийн үерт автдаг подвал болгон зассан байна.

Кинон дээр Маккаллистерийн гэр бүлийнхний амьдардаг дээрх гурван давхар байшин АНУ-ын Иллинойс мужийн Уиннетк гэх баячуудын хороололд байдаг бөгөөд Линкольн Авенюгийн 671 гэсэн хаягтай, нэг гэр бүлд зориулагдсан орон сууц юм байна. Гурван давхар энэхүү орон сууц 2011 онд 2.4 сая ам.доллараар худалдаанд тавигдсан бөгөөд 2012 онд 1.585 ам.доллараар зарагджээ. Харин одоо бол жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ.

Тус киноны Гарригийн дүрд тоглуулахаар жүжигчин Роберт Де Ниро болон Жон Ловит нарыг урьсан боловч тэдний аль,  аль нь татгалзсан байна.

Макалей Гулкиний төрсөн дүү Киран, тус кинонд орондоо байнга шээдэг Кевины үеэл Фуллерын дүрд тогложээ.

Урхи тавих дээрх төлөвлөгөөг гол дүрд тоглосон сэргэлэн цовоо хүү Макалей Гулкин өөрөө зуржээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд  
Үзсэн: 3163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй