
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ “Спортын төв ордон”-д саяхан болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хүч үзсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хөх чоно” клубын тамирчин Б.Содгэрэл, “Алдар” спорт хорооны тамирчин Н.Шинэбаяртай хагас шигшээ тоглолтын тулаанд өрсөлдөж байхдаа шүүгчтэй маргалдаж, улмаар гар далайсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Иргэд Б.Содгэрэлийг өрсөлдөгчөө мөргөсөн хэмээн үзэж, бухимдсан сэтгэгдлийг илэрхийлсээр байна.
Харин Б.Содгэрэл энэ талаар тайлбар хийхдээ “Би мөргөөгүй. Н.Шинэбаяр надаас өндөр болохоор би үсэрч цохисон юм. Гэтэл холбооныхон намайг бусдад буруу ойлгуулахын тулд тэр бичлэгийг зохион байгуулалттайгаар тараасан. Бидний тулааныг согтууруулах ундаа хэрэглэсэн шүүгч хүртэл шүүсэн шүү дээ. Тоглолтын дараа би түүнийг архи уусан эсэхийг нь шалгах гэтэл зугтчихсан. Ер нь Монголын боксын холбоо намайг эртнээс дарамталж, шахдаг байсан. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багш ч намайг эртнээс “зуусан”. Тэд намайг олон улсын тэмцээнд ч оролцуулдаггүй. Миний өмнөөс өөр тамирчинг байнга бодлоготойгоор явуулдаг. Миний бие намхан ч чадвараар илүү. Д.Банди багшид би нэг удаа намайг ялах тамирчнаа бэлтгээд ир гэж хүртэл хэлж байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бид талуудын байр суурийг авахаар МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад хүнээс тодруулсан юм.
-Б.Содгэрэл болсон явдлын талаар тайлбар хийсэн. Тэрбээр өөрийг нь гадуурхдаг тухай ярьж, тухайн үед шүүгч архи үнэртүүлсэн байсан гэсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?
Ц.Батнасан: -Олон аавын хүүгийн алийг гэхэв дээ. Гэхдээ би энэ талаар одоохондоо мэдээлэл өгөхгүй. Тэр хүн хувьдаа нэлээд шарлахсандаа тийм яриа гаргасан байх. Тэгээд ч бид УАШТ-ээ согтуу хүнээр шүүлгэхгүй шүү дээ.
-Асуудалд холбогдсон тухайн шүүгчээс шинжилгээ авсан уу?
Ц.Батнасан: -Тэмцээн эхлэхээс өмнө бүх шүүгчийнхээ даралтыг үздэг. Тэгэхээр тэр шүүгч ямар ч асуудалгүй гэсэн үг. Энэ маргаантай тулааны асуудал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүртэл очсон байна гэсэн. Тиймээс бид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МБХ-ны ерөнхий зөвлөлийн дарга Э.Бадар-Ууганыг Польш улсаас энэ сарын 25-нд ирсний дараа албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлана.
-Ер нь Б.Содгэрэлийн зан харилцааг та хэрхэн дүгнэдэг вэ?
Ц.Батнасан: -Би түүнийг бага байхыг нь л мэдэхээс цаашгүй. Намайг Японд мэргэжлийн тулаанаар хичээллэж, дараа нь дасгалжуулагчаар ажиллаад 10 жил болоод ирэхэд боксын шигшээ багт орсон байсан. Танхайн хэргээр ч “аавын хаалга” татаж байсан гэдэг юм билээ. Аав нь түүний дасгалжуулагчаар ажилладаг. Тэд байнга л ийм яриа гаргадаг.
Д.Банди: Би Б.Содгэрэлд өс хонзон санаагүй
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, Монголын сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн зөвлөх Д.Банди.
Б.Содгэрэлийг 2005 онд боксын шигшээ багт орж ирснээс нь хойш би ямар нэгэн байдлаар өс хонзон санаж байсан зүйл байхгүй. Тэр Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй УАШТ-д хэд хэдэн удаа өрсөлдөж ялагдаж байсан. У.Мөнх-Эрдэнэ үнэндээ түүнээс илт илүү л дээ. Гэтэл тэр “Та нар надад оноо өгсөнгүй. Олон улсын тэмцээнд ч оролцох боломжгүй болгож байна” гэх маягийн юм ярьж байсан. Олон улсын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ яаж ч бодсон мөн л илүү. Дэлхийн хэмжээний тамирчин гэдгийг нь манайхан сайн мэднэ. Би тун удахгүй “Энэ л миний амьдрал” нэртэй номоо гаргана. Тэнд бүх боксчны тухай тодорхой бичсэн байгаа. Б.Содгэрэлийг хэцүү нэртэд ороод гарсныг ч сонсож байсан.
Н.Баярсайхан: Түүнийг тэмцээнээс хасдаг нь зөв ч, медалийг нь хураах нь буруу
Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан.
Б.Содгэрэлийн талаарх мэдээлэл олон нийтэд нэлээн түглээ. Түүнийг буруугаар ойлгох хүн элбэг бололтой. Эрчүүдийн спортод маргаантай зүйл олон тохиолддог. Гэхдээ хэн нэгэн тэр хор шараа дэвжээн дээр дарж чаддаг байх хэрэгтэй. Б.Содгэрэл 51, 54, 57, 60 кг-д тулалддаг байхдаа сайн тоглодог байсан. Харин одоо жин нэмэхээс гадна спортын хувьд нас нь арай явсан болохоор амжилт нь суучих шиг боллоо. Ер нь Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй л эн тэнцүү үздэг байсан шүү дээ. Саяхан болж өнгөрсөн УАШТ-ий үеэр түүний биелүүлсэн хүрэл медаль, мөнгөн шагналыг МБХ хурааж, өөрийг нь тэмцээнээс хассан. Хасах нь зөв боловч медальт байр хүртэл ирчихсэн байхад тэгж урмыг нь хугалдаг нь буруудсан. Түүнийг хоригдож байсныг зарим хүн мэднэ. Яг үнэндээ тэр өөрийгөө хамгаалж л тийм байдалд орсон юм билээ. Тодруулбал, хоёр залуу дээрэлхээд байхаар нь нэгийг нь цохичихсон чинь хамар нь мурийсан гэсэн. Харин нөгөөдөх нь зугтсан дуулдсан. Энэ явдал тав орчим жилийн өмнө тохиолдож жил гаруй хугацаанд хүмүүжиж байгаад гарч ирсэн. Хүний амьдралд юу л бол юу тохиолддог биз дээ. Хамгийн гол нь одоо хэрхэн амьдарч, ямар тамирчин бэ гэдгээ харуулах нь чухал. Аав нь тамирчин байхдаа яаж тулалддаг байсан яг л тэр хэв маягаар тоглодог залуу.
Т.Баттөр: Аав, хүү хоёрт адилхан шийтгэл ирж байна
“Хөх чоно” клубын дасгалжуулагч, Содгэрэлийн аав Т.Баттөр.
Энэ асуудал чинь их эртний юм. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу МБХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа шигшээ багийн тамирчдыг өөрийнхөө хөрөнгөөр Куба Улс руу хамтарсан бэлтгэлд оролцуулсан юм. Тэр улсын тамирчдыг ч Монголд авч ирж дахин хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Тухайн үед боксын шигшээ багийн багшаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд ажиллаж байв. Энэ хүн үнэхээр сайн ажиллаж, ирээдүйтэй тамирчдыг бэлтгэсэн. Гэтэл нэг их удалгүй Д.Банди түүний ажлыг авснаар бүх зүйл өөрөөр эргэсэн. Манай хүүг өөр нэг боксчны хамт ямар ч үндэслэлгүйгээр “Энд бэлтгэл битгий хийгээрэй” гээд шигшээ багийн заалнаас хөөсөн. Би ч аргыг нь олох гээд БТСГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатарт хэд хэдэн удаа өргөдөл бичсэн боловч чадаагүй. Ид жигдэрсэн бэлтгэлтэй, амжилтаараа өсөж яваа хүнийг тийм байдалд оруулах дэндүү харамсалтай, өрөвдмөөр юм билээ. Би спортын хүн болохоороо бүр ч сайн ойлгосон. Тэр үед манай хүү үнэхээр тасархай байсан. Д.Бандийн тамирчид манай хүүг яагаад ч дийлэхгүй байсан болохоор тэр тийм арга хэрэглэсэн байх. Г.Оюунболдын ажлыг авах гэсэн хорыг ч энэ хүн дасгалжуулагч н.Батбилэгтэй хамт найруулсан. Бүр улайм цайм шүү. Тэр хоёр Г.Оюунболдыг мөн ч их гүтгэж, зовоосон. Гэтэл тэр зан нь одоо болтол тавигдаагүй нь саяхан болсон боксын УАШТ дээр ажиглагдлаа. Манай хүү УАШТ-д түрүүлсэн бол олимийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцох байсан. Магадгүй олимпод ч өрсөлдөх байсан биз. Гэтэл тэд энэ байдлаас нь айсандаа хүүг маань гадагш явуулахгүйн тулд саяын тэмцээний үеэр нам дарах төлөвлөгөө боловсруулсан. Тэр тоглолтод согтуу шүүгч хүртэл ажиллуулсан. Тэр шүүгчийг тэмцээн эхлэхээс өмнө СТО-ны үүдэнд хүмүүстэй архи ууж байхыг манай бусад шавь хараад надад хэлсэн. Тэд архи ууж байгаагаа хүмүүст мэдэгдэхгүйн тулд цэвэр усны саванд хийсэн байсан юм билээ. Тоглолтын дараа түүнийг би хүүтэйгээ дуудаж, үнэрлэх гэтэл зугтаагаад ойртоогүй. Содгэрэл “Отгонтэнгэр” их сургуульд сурч байхдаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон юм. Тэр үед ангийнх нь хүүхдийг нөгөө ангийнх нь хүүхэд цустай нь хутгалдтал зодохоор нь өмөөрсөндөө “Болиоч” гээд очсон юм билээ. Гэтэл тэр залуу өөрийг нь хүртэл зодохоор дайрахад нь биеэ хамгаалж, нэг цохисон нь хүсээд баймгүй газар аваачихад хүргэсэн. Манай эхнэр эрүүл мэндийн салбарт ажилладаг. Тэр үед хохирогч болсон залуугаас шинжилгээ авахад “Ял авах хэмжээний бэртэл биш байна” гэж шүүх эмнэлгээр нотлогдсон. Тэглээ ч би мөнгөтэй хүмүүсийн арга барилыг яаж ч дийлээгүй. Манай хүүгийн ангийн өнөө зодуулсан хүүхэд хүртэл мөрдөнд хоригдсон шүү дээ. МБХ-ныхон манай хүүгийн энэ хэргээр түрий барьж, хүмүүст нэлээн сөрөг мэдээлэл явуулж байна. Би 1975 оноос боксын тамирчин болохдоо У.Ганбат багшийн удирдлага дор хичээллэсэн. Гэтэл биднийг тухайн үеийн боксын холбооны удирдлагууд “Эрлийз дасгалжуулагчийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй” гэж хүртэл шахдаг байсан. Багш маань Хятадын эрлийз ч биднийг тэгж хохироож болохгүй биз дээ. Одоо эргээд харахад аав, хүү хоёрт адилхан ийм шийтгэл ирж байгаад гайхдаг юм. Тиймээс залуу багш нарт хандаж “Ялангуяа ирээдүйтэй тамирчдыг битгий л хохироогоорой” гэж хэлье.
Б.Содгэрэлтэй холбоотой асуудлыг Э.Бадар-Ууган аваргыг ирэхээр нэг тийш болгоно | ||
Үзсэн: 3714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.