
Идэрчүүдийн футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй клубууд өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёрдугаар сарын 13-нд эхлэх шигшээ тэмцээнд орох эрхийг одоогоор дөрвөн баг аваад байна. Тодруулбал, “B” хэсгийн “Эрчим” клуб хоёр тоглолтоос бүтэн зургаан оноог авч чадлаа. Тэд эхний тоглолтоо "ДМЮ" багийн эсрэг хийн 4:3 харьцаатай хожсон бол өчигдөр Хан-Уул дүүргийн багийг 3:1-ээр хожив. “Хан-Уул” дүүрэг болон “ДМЮ” гэсэн ижил гурван оноотой бичигдэж буй багууд нөгөөдөр шийдвэрлэх тоглолтоо хийснээр цааш шалгарах багийн нэр тодрох учиртай. Харин “ФС Сумида” хэсгийн сүүл мушгиж байна.
Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” өчигдрийн тоглолтод “ФС Сумида” клубыг 21:3 харьцаатай хожсон. Тус тоглолтод “ДМЮ” клубын 11 дугаартай Т.Анхбаяр 11 гоолыг оруулж шилдэг тоглолтыг үзүүллээ. Мөн багийн 20 дугаартай Б.Чойжилсүрэн таван гоолыг орууллаа.
Тэмцээний “С” хэсгээс “Хоромхон”, “Арвис” баг хоёр хожилтой хэсгээ манлайлан цааш шалгарах боломжтой боллоо. Багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хоорондоо хийх бол энэ хэсгээс “Улаанбаатарын унаганууд”, “Шинэ Налайх” баг хасагдаж байна.
“D” хэсэгт харин тун сонирхолтой тоглолт боллоо. Нэг тоглоод ялалт байгуулаад байсан “Хараацай” клуб тэнцэхэд л цааш шалгарах нь ойлгомжтой болох байлаа. Тэд 2:1 харьцаатай тоглолтыг тэргүүлж байсан ч “MAGIC FOOT” дараалсан хоёр гоолыг оруулж 3:2 харьцаатай хожил байгуулж чадлаа. Ингэснээр тэд ижилхэн гурван оноотой болж байна. Гэхдээ “Хараацай” клубын хувьд хэсгийн тоглолт дууссан. Харин “MAGIC FOOT” сүүлийн тоглолтоо “Соёмбын Барсууд” багтай хийнэ.
Тэмцээний “А” хэсгийг тэргүүлж байсан “Дэрэн” өчигдөр “Эрхэс” багийг ялснаар шигшээ тэмцээнд оролцох боломжтой боллоо. Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт “Монголын тэмүүлэл” ба “Алтан бөмбөг” багийн тоглолтоор үргэлжиллээ. “Алтан бөмбөг” эхний тоглолтод “Эрхэс”-тэй тэнцээд байсан бол “Монголын тэмүүлэл”, “Дэрэн”-д ялагдаад байсан билээ. Ингээд тоглолтын эхнээс санаачилгатай байсан "Монголын тэмүүлэл" 11:3 харьцаатай хожиж дөрвөн оноотой боллоо.
Клубууд хоёр дахь хэсгийн тоглолтоо хийлээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.