Шууд Chart

Ууц, буузаа "нүдлэн хамгаалъя"

2016-01-29 12:20:21

Сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд базаасан жаал жуул юм аа сүүлгүй чононоос хамгаалах их ажил бас ундардаг болж. Худалдаж авсан ууц, тавгийн идээгээ, хэдэн шөнө нойроо хугаслаж чимхсэн буузаа хулгайд алдсан тохиолдлыг бид зөндөө сонссон. Хотоос холгүйхэн нэгэн сумын төвийн таван айлын Цагаан сараар тавих гэж бэлтгэсэн ууцыг нэг шөнө хулгайлаад талийж өгсөн жишээ хоёр жилийн өмнө жинхэнэ сенсаци тарьж байлаа. Хажуу айл нь ууцаа алдсан учраас цагдаад байцаагдсан, үүднийхээ амбаарт уутлаад тавьсан буузаа тэр чигээр нь алдсан гээд олон муу жишээ дурдаж болно.

Цагаан сарын бэлтгэлээ ид хийж байгаа үед хулгай, дээрмийн хэрэг эрс нэмэгддэг нь бараг л уламжлал болсон юм уу даа. Өнөө жил ч Цагдаагийн газраас ойрын өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг өсөх хандлагатай байгааг мэдээллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өчигдрийн байдлаар 130 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний тал хувь нь хулгайн хэрэг байна. Түүнчлэн өнгөрсөн сард гарсан нийт гэмт хэргийн 60 орчим хувь нь хулгайн хэрэг байжээ. Хүн олноор цугларсан зах, дэлгүүр, автобусанд зорчиж яваад мөнгө, гар утас, бусад өмчөө алдах тохиолдол өдөр алгасахгүй гарч байна. Баяр дөхөхөөр энэ төрлийн хэрэг улам ихэсдэг аж. Өөрөө баярлахын тулд өрөөлийг хохироох нь байж болох үйлдэл үү.

Бас нэг башир аргаар ууц, өвчүү хулгайлдгийг энд сэрэмжлүүлэг маягаар хүргэе. Цагаан сар дөхөхөөр ууц, өвчүү чанана гэсэн гэрүүд олширдог. Тэгвэл ийм гэрт чануулах гэж өгсөн ууц, өвчүүгээ тэр чигээр нь алдсан тохиолдол мөн урд жилүүдэд гарч байсан. Ууц чанана гэсэн хүмүүс үйлчлүүлэгчид “Орой ирж ууцаа аваарай” гэчихээд орой очихоор нь нүүгээд явчихсан жишээ бий юм.

Хэзээ монголчууд улаан мах хулгайлж, идэх хоолоо залилж олдог байлаа даа. Эдийн засаг хямраад, цаг цөвүүн болсон учраас ийм байдалд хүрч байна гэж сүржигнэх нэгэн байж болох ч угтаа энэ бүхэн ухамсрын доройтол юм. Энэ бүхний золиос нь настан буурлууд хийгээд охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гээд бодохоор дэндүү өрөвдөлтэй. 70 гаруй настай эмэгтэйг гурван залуу орцонд дээрэмдэхдээ шат руу чирч унагаан хүнд гэмтээсэн хэрэг оны эхэнд гарч олон хүнийг цочирдуулсан.

Тэгвэл энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, өндөр настан Э-г гэрт нь дээрэмдсэн хэрэг бас гарсан. 

Хэрэгтнүүдийг барьсан ч настнуудад учруулсан гэмтэл, сэтгэл санааны хохирол их байгаа юм. Настан буурлуудаа хүндэтгэн, хайрладаг ёс хаана гээгдчихсэнийг бүү мэд. Угтаа Цагаан сарын баяр бол настан буурлуудаа хүндэтгэх ураг удмын баяр. Гэтэл энэ баярын бэлтгэлээ базаахын тулд тэднийг гомдоох, гэмтээх шаардлагагүй баймаар. 

Цагдаагийн газраас бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, гадуур явуулахгүй байхыг анхааруулаад байна. Ажил ихтэй байгаа ч та бүхэн энэ сэрэмжлүүлгийг дагахыг хичээгээрэй. Учир нь гэр бүлийн гишүүд маань бидэнд хэдэн төгрөг, ганц монетан бөгжнөөс ч илүү үнэ цэнэтэй шүү дээ.  

Түм түжигнэж, бум бужигнасан их хотод сайн нь муутайгаа зэрэгцэн оршиж байгаа гэдэгт итгэж явахад алзахгүй болов уу. Халтираад унасан таныг түшиж босгох нь хэд байж, түшиж босгох нэрийдлээр эд зүйлийг тань цөлмөөд өнгөрөх нь бас хэд байх бол...  

Эцэст нь өгүүлэхэд, ууц, бууз, тавгийн идээ, бэлэг сэлт, гэр бүлийн гишүүдээ ч “нүдлэн хамгаалъя”.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Ууц, буузаа "нүдлэн хамгаалъя"   
Үзсэн: 4957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
14.43.145.xxx [14.43.145.xxx] 2016-01-29 12:52
Tegeed gertee manaad syyval hen ajil hiij mungu oloh ym mungugui ger bvleeree ulburch vheh ym uu ?Naad hylgaicyydaa yhamsartai bolgooch!

Бидэнтэй нэгдээрэй