Шууд Chart

Зика вирусаас урьдчилан сэргийлэх тарилга боловсруулахад 2 жил шаардлагатай

2016-01-29 12:28:24

Сүүлийн саруудад Карибын тэнгисийн сав газар, Төв болон Өмнөд Америкийн зарим улс оронд дэгдэж, сүүлд Европын холбооны гишүүн Дани улсад мөн халдварын тохиолдол илрээд байгаа зика вирус цар тахал болох аюултай гэдгийг Америкийн эрдэмтэд анхаарууллаа. Ийм учраас зика вирусын халдвар тархахаас сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн онц байдлын хороо байгуулах шаардлагатай гэж эдгээр эрдэмтэд үзэж байгаа юм.

Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд гаргасан тэдний нийтлэлд өгүүлснээр, зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тарилга бүтээхэд наад зах нь хоёр жил шаардлагатай гэнэ. Харин энэ тарилгыг туршиж, олон улсад хэрэглээнд нэвтрүүлэхэд 10 жил хүртэл хугацаа ч шаардагдаж магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.

Ирэх наймдугаар сард ээлжит зуны Олимпын наадмыг зохион байгуулах Бразил улсаас гадна Пуэрто Рико, Мексик, Гаити зэрэг 20 гаруй улс оронд зика вирусаар халдварласан тохиолдол бүртгэгджээ. Энэ вирус нь шар чичрэгийн шумуулаар дамжин халдварладаг. Иймээс халдвар дэгдсэн бүс нутагт зорчих шаардлагатай бол шумууланд хатгуулахаас сэргийлж, арьсаа аль болох ил гаргахгүй байх, шумуулнаас хамгаалах тос түрхэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвар гарсан бүс нутагт зорчихоос зайлсхийхийг онцгойлон сэрэмжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зика вирусаас урьдчилан сэргийлэх тарилга боловсруулахад 2 жил шаардлагатай  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй