
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2015” наадам өчигдөр СТӨ-нд болов. Манай сайт байр эзэлсэн уран бүтээлчид болон гэрэл зургийг уншигч танаа хүргэсэн билээ. Харин энэ удаад тус наадмаас бэлтгэсэн сурвалжлагыг толилуулж байна.
Наадмын нээлтийг Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Тэнгэрийн орон” симфони удиртгал хөгжимөөр эхлүүлсэн. 19:00 цагаас эхлэх ёстой байсан дээрх наадам 15 минутын дараа хөшгөө нээлээ.
Хөтлөгчид тус наадмын талаар товч танилцуулсны дараа гала тоглолтод оролцож буй 25 дуу ар араасаа “хөврөв”. Олон дуу өрсөлдөж байгаа болохоор тэднийг хэсэг хэсгээр нь болгож, үзэгчдийн сэтгэлийг өөр зүйл рүү татаж, тэс өөр үзүүлбэр оруулахыг зохион байгуулагчид хүссэнгүй бололтой. Тиймээс нэгэн жигд, шинэлэг зүйлгүй наадам болох нь эхнээсээ мэдрэгдсэн гэж болно.
Үзэгч, оролцогчдын хамгийн их анхаарал татсан зүйл бол шүүгч. Сүүлийн үеийн ямар ч наадамд шударга болохоо байсан гэдэг ойлголт гүн бат суусан болохоор тэд “Хэний талын хүмүүс ирсэн байна вэ” гэдгийг харах гэж ийнхүү яарсан хэрэг л дээ.
Наадмын зөвлөхөөр төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, шүүгчээр Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазар, Гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Буянбаатар, Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр нар ажилласан. Энэ цаг үед ямар ч салбар, хөдөө хот, хэн хэнгүй тал тохой ярьдаг болсон. Тэр ч утгаараа шүүгчээр ажилласан эрхмүүдийг Б.Бямбабаярын тал тохиойныхон байна гэцгээх. Өнгөрсөн зунаас МХЗХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа Х.Алтангэрэл гэдэг залуу мөн л Б.Бямбабаярынх гэдэгт харьяалагдаг гэцгээж байх. Тиймээс ч дуунд дуртай, дуу хуурт хорхойтой хэн бүхэн таавар дэвшүүлж “Өнөөдөр Н.Жанцанноров, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од нарын нэг нь түрүүлэх юм байна” гэж ам амандаа шивэр авир ярилцсан болохоор үзэгч би тэдний таамаг хэр ортой болохыг наадмын төгсгөлд харахаар суув.
Тус наадмын утга учир нь нийтийг хамарсан дууг тодруулах. Гэтэл сүүлийн 10-аад жил хэний ч мэдэхгүй, явцгүй дуу тодроод байгаа нь зохион байгуулалт, өнөөх яригдаад улиг болсон тал тохойны асуудалтай шууд хамааралтай гэх үзэгчийн дүгнэлт газар авснаар илтгэгдэнэ. Өнгөрсөн жилийн наадмуудаас тоймлон харахад энэхүү хардлага нотлогдох мэт дүр зургууд өрнөж, тухай бүртээ хэвлэл мэдээллээр шуугиад өнгөрч байсан харагдана.
Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг өөр нэг хөгжмийн зохиолчдын холбоо байгуулж, Б.Бямбабаяртай тамга тэмдгээс гадна бусад хүчин зүйлээс үүдэж нэлээн маргалдсан удаатай. Д.Цэцэрлэг түүнийг сүүлдээ дийлэхээ байгаад шүүх цагдаадаа тулсан ч “Морин хуур-2011” наадмын эзэн болсноор зөрчил намжсан байдаг.
Өчигдөр болсон наадмын шалгаруулалт эхлээгүй байхад эхний дөрвөн байр эзэлсэн оролцогчийн нэр, өргөмжлөл дээр нь бичээстэй байсан гэж нэгэн хөгжмийн зохиолч дуулгасан.
МХЗХ-ны тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн намар уг нь солигдсон болохоор энэ жилийн наадмыг шинэлэг, шударга болно байх гэж олон хүн итгэж байсан. Гэтэл энэ мэт зүйл илэрсэн болохоор холбооны удирдлагууд солигдсон ч бодлого нь хэвээрээ юм гэсэн бодол олон хүнд төрсөн нь лавтай.
Дээрх холбооны тэргүүн Х.Алтангэрэлийг тэргүүн байр эзлэхэд үзэгчид “Болио. Ичиж амьдар л даа. Өөрөө аваад байхдаа яадаг юм” гээд хашгирч байсныг тэр өөрөө ч сонссон биз. Тиймээс энэхүү наадам хэзээнээс жинхэнэ утга учраа олох бол гэсэн мөрөөдөл толгой дотор эргэлдэнэ.
Энэ жилийн наадмын гран-приг хүртсэн хүн 1 сая 500, нэгдүгээр байрынх 1 сая, хоёр ба гуравдугаар байр эзэлсэн нь 700, 500, тусгайгийнх 300 мянган төгрөг, өргөмжлөлийн хамт гардсан. Гэхдээ тэд хэдэн төгрөг өгч, эсвэл хэдэн төгрөгт тэнцэхүйц хэмжээний тус хүргэсэн болоод тэр шагналыг гардсан бол гэсэн хардалт төрж сууна. Эцсийн эцэст энэхүү наадмыг мөнх орших бүтээлийн бус мөнгөний наадам болжээ гэж нэрлэмээр санагдлаа.
“Морин хуур” мөнх орших бүтээлийн бус мөнгөний наадам болжээ | ||
Үзсэн: 1583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.