Шууд Chart

Маргааш болох “Болор цом”-д Л.Ганзул түрүүлэх магадлалтай

2016-02-01 12:07:38

“Болор цом” наадам айсуй. Дээхэн энэ наадмын тов ойртох тусам яруу найрагт дуртай хүн бүхэн янз бүрийн таамаг хэлэлцдэгсэн. “Тэр түрүүлэх байх, үгүй ээ түүний шүлэг сайн болсон байна билээ. Гэхдээ шүлгээ л зөв сонгож унших хэрэгтэй” гээд л энэ яриа үргэлжилнэ. Яг л үндэсний их баяр цэнгэл наадмын бөх, морь, харваачийн түрүүг таамаглаж байгаа аятай дүр тодорно. Бараг л өөрсдөө энэхүү наадамд шүлгэн хүлгээ уралдуулах гэж байгаа юм шиг хөөрөх нь найрагч ард түмэн гэдгээ улам бататгана. Зарим нь хэн нэгэн яруу найрагчийн шүлэг ямар нэгэн сонинд нийтлэгдвэл нямбай гэгч нь тойруулж хайчлаад халаасалчихна. Тухайн үед “Болор цом”-д түрүүлсэн эздийн шүлгийг цээжээрээ өчүүхэн ч торолгүй уншчихдаг хүн олон байсан. Жаахан халамцчихаараа зохиогчтой нь адилхан унших гээд их юм болох нь ч бий. Өнөө хэд нь ч Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан, Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч нарыг дэргэдээс нь харсан юм шиг л хөөрцөглөнө. Бүр алга ташина гээч.  

Нэгэн удаа энэхүү наадам Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болоход билет нь дуусч, үзэгчид ихэд уурлаж билээ. “Ядаж үүднээс нь сонсъё” гэж очсоноо тэвчээр нь алдарсан уу, чихэлдээд ороход болмоор санагдав уу нэг л мэдэхэд хаалгыг нь зад татаад орж байсан удаатай. Дараа, дараагийнх нь наадмын тасалбар ч худалдаанд гарлаа л бол хэдхэн хоноод дуусчихна. Арга ядахдаа нэг тасалбарыг урж, хоёулаа орох гээд баригдсан хөгжилтэй тохиолдол ч байдаг.

Гэтэл одоо цаг өөр болжээ. Дээрх наадам болно гэж бараг сар гаруйн өмнө зарлагдаад байхад тасалбар нь өнөөдөр хүртэл багц багцаараа эздээ хүлээгээд байж байна. Үнийн хувьд нэг их биш гэж болохоор. Яагаад ийм байдалтай болов гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Хамгийн түрүүнд МЗЭ-ийн хороо толгойд бууж, менежментээ сайжруулах хэрэгтэй гэж бодогдох. Гэвч ямар ч сайн менежмэнт байлаа гээд оюунлаг хэрэгцээг чухалчилж, хөрөнгө оруулах нь ховор болсон цаг иржээ. Түүнээс гадна цаг үеэ дагаад хүүхэд, залуус яруу найраг сонирхох бүү хэл уртхан мэдээг ч уншихдаа төвөгшөөдөг оюуны залхуурал нүүрлэчихсэн гэхэд хилсдүүлсэн гэхгүй байх. Үүний нэг жишээ нь сүүлийн үеийн залуучууд энэ жил 87 жилтэйгээ золгож буй тус хорооны тухай ямар ч ойлголтгүй байх нь элбэг байна.  

За тэгээд наадамд оролцож буй найрагчдын бүтээлийг сонсоод үзээрэй. Зарим нь дунд сургуулийн хүүхдээс дээрдэхгүй юм уншина. Тиймээс ч Б.Лхагвасүрэн гуай “Болор цом” хэмээх энэ том наадам үзэгчээ алдаж байгаа нь яруу найрагч гэж хэлэхээс ичмээр оролцогчдоос үүдэлтэй” гэж хэлсэн удаатай.  

Гэхдээ л найрагт хорхойтой нэгний хувиар энэ жилийн наадмын түрүү хэн байх тухай таамаг дэвшүүлмээр санагдлаа.

Хамгийн түрүүнд сүүлийн жилүүдэд байнга шахуу нэрлэгдээд буй Лхамсүрэнжавын хүү Ганзул, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар нарыг хэлэх байна. Л.Ганзулын хувьд өнгөрсөн жил зохиогдсон хэд хэдэн наадамд түрүүлснээс гадна шүлэг нь улам чанаржиж байгаа болохоор ингэж таамаглахаас ч аргагүй юм. Тэгээд ч “Болор цом”-ыг Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар нэлээн эрт авсныг эс тооцвол Г.Мөнхцэцэг, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар нарын зэрэг 1990-ээд оныхон хувааж аваад гэртээ залчихсан. Тиймээс хошой эзэн л төрөхгүй бол энэ жилдээ шинэ хүн бараг үлдээгүй.  

Тэдний араас Монголын яруу найргийн дэвжээн дээр “Шинэ мянган”, “Нэн шинэ үе”, “Шинэ үнэр”, “Хөх мэдрэхүй” гэх мэт олон бүлгэм, нэгдэл бий болсон. Тодруулбал, “Шинэ мянган”-аас л гэхэд 2005 оноос хойш Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа, Л.Хасар, Д.Болдхуяг, Н.Гантулга нар найрагч бүрийн хүсээд байдаг хэргэмийг хүртсэн. Иймд залуучуудыг төлөөлж О.Цэнд-Аюуш, Э.Энхболд нар дээгүүр уралдах магадлалтай.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар, яруу найрагч М.Билэгсайхан нарыг ард түмэн энэ наадмын эзнээр яагаад тодордоггүй юм бол гэж гайхдаг л юм. Ш.Гүрбазар өөрийнхөө хүчээр түрүүлэх гээд яагаад ч чадаагүй болохоороо УДЭТ-т болсон наадмын үеэр “Би энэ наадамд хөгшин ухна болтлоо оролцлоо. Гэвч ганц ч удаа шагналт байрт багтсангүй. Тиймээс би энэ жилээс хойш нэрээ татна” гээд нэг шүлэг уншчихаад нулимсаа арчаад гарч байсан удаатай. Гэх мэтчилэн найргийн их наадам тойрсон эрээн бодлууд толгойноос салахгүй эргэлдсээр. Маргааш тодрох  “Болор цом”-ын сонин хачинтай энэ талбартаа ахиад нэг тааръя.

Хаан суудалтай, найргийн тэнгэртэй миний Монголын хөвгүүд, охидын шүлгэн хүлэг хурдан байх болтугай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маргааш болох “Болор цом”-д Л.Ганзул түрүүлэх магадлалтай   
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-02 10:58
Yruul bat orshigee. Saihan bichdeg shuu. 3 dahia unshlaa
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-02 10:54
Ymarch uraldaan temtseend ter turuuleh boluu ene boluu gd l yria haa gazar l gardag biz de .ganzul tegeed ch sain yruu nairagch
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-02 10:53
Daldiig harsan yum alga l bn sh de. Iim iim humuus awch bsan ene udaa iim bolj magadgui l gesen bn .hun l muulad suuhiin sonin boljee. Ard tumeen.
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2016-02-01 21:51
Энэ Баярсайхан гэж хүү далдыг хардаг болсон юм байхдаа. Маргааш болох "Болор цом"-д Лхамсүрэнжавын хүү Ганзул, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар нарын нэг түрүүлнэ гээд олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр бичээд байх юм. Эсвэл нөгөөдүүл нь бичүүлээд байдаг юм уу? Одоо нөгөөдөр хэрэв энэ 2-ын нэг нь түрүүлэхгүй бол Болор цомыг авах юмгүй наадам боллоо гээд л авч өгөх юм байна даа. Иймэрхүү сэтгүүлч нэртэй усан толгойтнууд их юм даа
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-01 15:07
Надад захиалаад бичүүлээд байдаг мөнгө нь ч алга. Би ямар ч улс төрч биш. Энэ ямар ч сонгууль биш.
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-02-01 15:06
Миний тухай бичээд бгаа нөхөд болиорой хөөе. Нөгөөдүүл нь өөрөө бичүүлээд байна гээд ойлгочихсон ч байх шиг.
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2016-02-01 12:14
ene odoo uuriiguu inegeed bichuuleed bdg ym uu. minii medehiin 2 dahi udaagaa ebne medee orj bna.

Бидэнтэй нэгдээрэй