Шууд Chart

Хэн юу гэж ярих нь хамаагүй, ямартай ч тэд “Болор цом”-ын эзнийг тодруулсан

2016-02-03 16:41:31

Энэ наадмыг ёстой л үзье гэсэн хүмүүс цуглажээ  

Яруу найргийн “Болор цом” наадам өчигдөр СТӨ-нд боллоо. Жил хүлээж болдог тус наадам энэ жил Улаанбаатарт болсон нь өмнөх жилүүдэд орон нутагт зохиогдоход үзэж амжаагүй нийслэлчүүдийн найргийн цангааг тайлах шиг санагдлаа. Учир юу гэвээс үзэгчид энэ наадмыг ёстой л үзье гэж зорьж ирээд таалсан шүлгээ чихээрээ биш, тархиараа сонсох шиг болов.

Сархад хүртсэн ганц нэг яруу найрагчийг эс тооцвол манай үзэгчид соёлтой болжээ. Өмнө нь цагаа барихгүй ирчихээд нэг их гавьяа байгуулсан юм шиг хөлхөлдөөд л, утсаараа чанга чанга яриад л, гудамжинд байгаа юм шиг хоорондоо ярьж тачигнатал инээлдээд л байгаа харагддаг байж билээ. Гэтэл тэд өнөөдөр үзвэрийнхээ товлосон цагийг яг барьснаас гадна ёслолын хувцас өмсч ирсэн нь сайшаалтай санагдав. Тэднийг ингэж ирдгийг харж байгаагүй болохоор зохион байгуулагчдын даалгаврыг биелүүлсэн байж магад гэж бодов. Наадмын дүн гартал нэг ч хүн гэрийн зүг гэлдрээгүй нь их хүлээснийг нотлох шиг. Тус наадмын ажиглалт эерэгээр эхэлсэн.    

П.Бадарч, Ж.Бямбаа нар албан ёсоор зодог тайлав

“Болор цом” наадмыг үзэх гэж ирсэн хүний заримд нь “Хэн хөтөлж явуулах бол” гэсэн сониуч бодол төрдөг. Хөтлөгч сайн бол тухайн арга хэмжээ төдий чинээ сайхан болдог болохоор тэр л дээ. Нээлтийн арга хэмжээг Ардын уран зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Бямбаа нар эхлүүлж, хөтлөгч Г.Агаанноров, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нарт шилжүүлсэн. П.Бадарч, Ж.Бямбаа нар энэхүү наадмыг олон жил хамтарч хөтөлсөн бөгөөд энэ жилээс албан ёсоор зодог тайлснаа мэдэгдсэн юм. Тиймээс үзэгч бид дараа дараагийн наадмын хөтлөгчөөр тэднийг нэхэх шаансгүй болов.

Ойролцоо өнгийн дээл өмссөнүүд нь тайзан дээр хол суугаарай

Наадам эхлэхээс өмнө хөшигний араар орж сонирхвол найрагчид хэлхгэр, хэлхгэр дээл өмсчихсөн, зарим нь дөнгөж ирсэн бололтой бүсээ бүслээд зогсож байв. Ойрд дээл өмссөн олон хүн хараагүй болохоор бараг л өөр газар ирчихсэн мэт, нэг бол сумын наадам үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун. Мөн өмнө нь тэд шилтэй цэнхрийн бөглөө мултлаад сууж байдаг байсан бол энэ жил харьцангуй томоожжээ. Тэгээд ч найрагчид цугласан газар сархдын үнэр сэнгэнэж байх ёстой биш дээ. Тэдний ихэнх нь дээлтэй ирсэн болохоор үзэгчийн зарим нь “Цагаан сар дөхөж буй тул ийм сонголт хийсэн байх” гэж таамагласан бол нөгөө хэсэг нь “МЗЭ-ийн хороо найрагчиддаа захиалгаар дээл хийлгэсэн юм байх даа” гэсэн хошин таамаг дэвшүүлж байв. Үнэндээ тэд ойролцоо өнгийн дээлээр гоёж, тайзан дээр зэрэгцэн суух нь хүртэл дээрх таамгийг нотлох мэт санагдсан. “Болор цом”-ын хошой эзэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан үзэгчийн суудлаас хөшигний ард гүйж ирээд “Ойролцоо өнгийн дээл өмссөнүүд нь тайзан дээр гарч ирэхдээ ядаж хол, хол суугаарай” гээд санаа нь зовсон байдалтай сануулж байхав дээ. Гэвч тэд дараагийн даваанд ямар шүлгээ уншихаа бодож, түүний үгийг эс тооно.

Ардын уран зохиолчтой, алга ташилт нижигнэсэн наадам боллоо

Энэ жилийн наадамд Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэд олноор өрсөлдөнө гэсэн яриа мэр сэр гарч байв. Үүнд итгэсэн үзэгч олон ч байсан биз. Гэвч энэ удаа Ардын уран зохиолч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн П.Бадарч, “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар, Н.Гантулга нараас бусад нь нэрээ бүртгүүлсэнгүй. П.Бадарч шүлгээ уншихаас өмнө “Т.Галсан, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар намайг энэ жил оролцвол бид орно гээд байсан юм. Гэтэл Б.Лхагвасүрэн шүүгч хийх нэрийдлээр бусад нь хүн чанараа таниулаад үзэгчдийн суудал руу шигдчихлээ. Хууртагдсан би л шүлгээ унших нь дээ” хэмээн үзэгчдийг хөгжөөгөөд авав. Тэгээд ч П.Бадарч хэдэн жилийн өмнө болсон наадмын үеэр “Би зодог тайлсан болохоос шуудгаа тайлаагүй. Хэзээ нэгэн цагт оролцож магадгүй шүү” гэж байсан үгэндээ эзэн болохоо харуулаав амжив. Тэгсэн Д.Цоодол “П.Бадарчийн гомдлыг тайлаад би нэг шүлэг хэлье” гээд төрдөө их л гомдож буй сэдэвтэй бүтээлээ хүргэсэн нь хүмүүст нэгийг бодогдуулсан болов уу. “Болор цом”-ын эздээс Ц.Хулан, Ш.Лхамноржмаа, Б.Мягмаржав нар мялаалгын шүлэг уншиж, үзэгчдийн сонорыг мялаав.  

П.Бадарчийг хоёрын даваанд тэнцүүлэхэд тэрбээр “Намайг тоосон шүүгчиддээ баярлалаа. Гэхдээ би энэ шүлгээ уншчихаад нэрээ татаж болов уу. Залуучууд өрсөлдөг” гэснийг шүүгчид хүндэтгэсэн юм. Ийнхүү энэ жилийн наадам Ардын уран зохиолчтой, алга нижигнэсэн сайхан наадам боллоо.

Таамаг бараг зөрсөнгүй

Жил бүрийн тус наадам улсын баяр наадмын түрүү бөх, морь, харваач шиг таамаглагддаг. Энэ жилийн хувьд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзулыг түрүүлж, Ц.Эрдэнэбаатарыг аман хүзүү, Б.Баттулга, О.Цэнд-Аюуш нарыг айрагдах байх хэмээн тооцоолж байсан. Гэтэл сүүлчийн шалгаруулалт буюу гурвын даваанд нэрээ сонссон найрагчдаас Б.Баттулга хасагдаж, “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх нар бараг хэний ч таамагт оролгүйгээр хүч түрэн орж ирсэн юм. Х.Эрдэнэбаатарыг хүмүүс энэ жил өнжинө хэмээн бодсон болохоор ийнхүү таамаглаагүй байсан хэрэг. Хэрвээ оролцохыг нь мэдсэн бол тэр тааварт байх хүн л дээ. Ихэнх найрагчийн шүлэг нийгмээ өөрчлөх, энэ цаг үедээ сэтгэл дундуур байгаагаа илтгэсэн сэдэвтэй шүлэг уншсан нь энэ жилийн наадмын нэг онцлог болов.

Наадмын төгсгөлд шүүгчээр ажилласан Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын хошой тэргүүн, яруу найрагч Б.Лхагвасүрэн байр эзэлсэн хүмүүсийн дүнг танилцуулах үед үзэгчдийн зүгээс нэг эрхэм “Л.Ганзул түрүүлнэ” гээд хашгирахад тэрбээр “Наадам гэдэг угаасаа даваатай, унаатай. Тэгээд ч сайн, муу үг дагаж явдаг жамтай. Бид ямар ч байсан дүнгээ гаргасан. Үзэгч та нар сэтгэлдээ тунгаана уу, нулимаад гаргана уу өөрсдөө мэдэцгээ. Өнгөрсөн жилийн наадам Төв аймагт болоход Ц.Эрдэнэбаатар түрүүлж болохоор байсан ч “Нутагтаа болдог наадамд нутгийнх нь хүүхэд заавал түрүүлдэг болох нь” гэсэн ярианаас айсандаа албан хүчээр хоёрдугаар байрт оруулсан. Энэ жилийн хувьд тэр яах аргагүй түрүүлэх хүн” хэмээв. Ийнхүү хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрт “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, айргийн тавд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, шагналт байрыг Б.Баттулга эзэлсэн юм. Үүнээс харахад найрагт дуртай, мэдрэмжтэй үзэгчдийн таамаг бараг зөрсөнгүй.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэн юу гэж ярих нь хамаагүй, ямартай ч тэд “Болор цом”-ын эзнийг тодруулсан  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй