
Яруу найргийн “Болор цом-2015” наадамд дөрөвдүгээр байр эзэлсэн, тус наадмын дэд байрын болон МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, Монголын радиогийн сэтгүүлч О.Цэнд-Аюушийн шүлгийг уншигч танаа хүргэе.
Уйтгарт эх нутгийн дуу
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Гадаа бөгтийн зогсох үхэр тэрэгнүүд
Газар дээгүүр өнхөрсөөр жижигхэн болсон байдаг
Сар жаргахад тэд цэнхэртэж үзэгдээд
Сайхан өвгөдөө зөөсөөр хуучирсан байдаг
Саруулхан талаа хэмжиж ханаад
Сансрын уудмыг мөрөөдөж байдаг
Уйтгартайдаа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Хөв хөх тэрэгнүүд бөхийн зогсох нь
Хөсөг нүүдэл дууссан юм шиг гунигтай байдаг
Урагшаа л өнхрөх мөнхийн тавилантай үхэр тэрэгнүүдийг
Уулын буга чирэхэд бэлэн байдаг
Гэнэн согоо хүртэл тайга дотор
Гэрэлтэн зогсохдоо бэл рүү хардаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Шугуй дотроос халиун буга ширтэж
Шувууд тэнгэрээс буусан байдаг
Маргааш өглөө нүүх айлуудын хөсөг тэргийг
Марал буганууд манаж хонодог
Нүүдэлчний хөх тэрэгнүүдийг өмгөөлсөн буганууд
Нүгэлтэй мөргөлдөхөд бэлэн байдаг
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Хөвч дундаас ширтсэн буганууд
Хөлөө цэцгэн дээгүүр агаар шиг зөөж
Бөгтийн зогсох үхэр тэрэгнүүдийг
Бөглүү алс руу хөтөлж явдаг
Агаар дээр гишгэх бугануудын араас
Аяархан үхэр тэрэгнүүд хөөрч эхэлдэг
Уйтгартайдаа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Буцах эрхгүй үхэр тэрэгнүүд гэвч заримдаа
Бууралтаж гүйцээд нугачаанд үлдсэн байдаг
Буга гэтэл уулнаас уруудаж буугаад
Бутарсан тэрэг рүү зөөлөн, зөөлөн очдог
Өвс ногоонд хучигдсан хөх тэрэгний дэргэд
Өвдөж шаналсан буга чичирч зогсдог
Уйтгартайдаа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Эртний тийм модон тэрэг рүү мэхийсэн буга
Эврээрээ хугархай аралыг өргөхөд
Зовлонт тэрэг зорголын тэргүүн дээр
Зорогдсон юм шиг харагддаг
Шаналант буга хөөрхий тэргийг тээсээр уул өгсөхдөө
Шархадсан юм шиг доголсоор явдаг
Уйтгартайдаа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг
“Болор цом-2015”-д дөрөвдүгээр байр эзэлсэн яруу найрагчийн шүлэг | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.