
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин, Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт З.Ойдовтой ярилцлаа.
-Тун удахгүй Сар шинийн баяр болох гэж байгаа болохоор таныг энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар яриагаа эхлэе?
-Цагаан сарыг манайхан эртнээс тэмдэглэж ирсэн. Өвлийг өнтэй сайхан давж, хавартай золгож буйгаа тэмдэглэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд цагаан идээгээр ширээгээ засч баярладаг байсан болохоор Цагаан сар хэмээн нэрлэх болсон гэж эрдэмтэд ярьдаг. Түүнчлэн 13 хүртэлх насны хүүхэд болон 80-аас дээш насны ахмадуудад бэлэг гардуулдаг гэж сонссон. Миний хувьд ахмадуудаа хүндэтгэж, амар мэндийг нь эрэн айлчлахын нэр гэж боддог. Манайх бусдын л адил тэмдэглэдэг. Шинийн нэгнээс гуравны хооронд ямар нэгэн хог тарихгүй, цэвэрлэхгүй, шинэ хувцсаа өмсөж баярладаг. Хэрвээ хог цэвэрлэх юм бол буян барагдана гэж цээрлэдэг.
-Энэ жил нутаг руугаа явах уу, хотод шинэлэх үү?
-Хотод шинэлнэ. Би жил бүр нийслэлд тэмдэглэдэг. Нас гайгүй байхад шинийн нэгний өглөө хийморийн овоонд хоёр удаа гарч, мандаж буй нарыг харсан. Одоо ч хөл явахгүй нь.
-Ирэх наймдугаар сарын эхээр олимп эхэлнэ. Манай чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл, барилдаан танд ямар санагдаж байна вэ. Ахмад тамирчны хувьд зөвөлгөө өгч байна уу?
-Чөлөөт бөхийн УАШТ-ийг би ордонд очиж, маш сайн үзсэн. Манай залуучууд сайн барилдаж байна билээ шүү. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт С.Батцэцэгээс бусад нь ялагдсан. Тэгэхээр нь би дэлхийн медальтнууд ийм амархан харьж байгаа юм уу, доодуул нь ийм хурдан ахиж байгаа юм уу гэж бодож суулаа. Гэтэл манай чөлөөтийнхөн угаасаа илт ахиж байгаа юм байна. Олимпийн хошой аварга, Дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран при” тэмцээнд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-ээр хожиж түрүүлсэн. Тэр бөх П.Орхоны хоёр гараас мултарч чадахгүй байна билээ. Хэрэв Каори Ичо П.Орхоны гарыг аргалж байгаад хөлд нь орох юм бол эвгүйдүүлнэ. П.Орхон түүнийг ялснаар бусад тамирдынхаа сэтгэлзүйг сэргээж чадлаа. Оросын зарим дасгалжуулагч “Каори Ичог ялах тамирчин Монголоос тодордог юм байжээ” гэж хүртэл ярьсан байсан. Тэгэхээр П.Орхонд олимпийн аварга болох боломж байгаа нь харагдлаа.
З.Ойдов: П.Орхон Олимпийн аварга болох боломжтой | ||
Үзсэн: 1903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.