Шууд Chart

Хонь жилд спортын салбарт тохиосон онцлог 10 үйл явдал

2016-02-08 09:14:08

Спортын салбарт 2015 онд тохиосон онцлог 10 үйл явдлыг уншигч танаа хүргэж байна.


НЭГ. С.Батцэцэгт дахин баярлалаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, эмэгтэй чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга, Олимпийн наадмын анхны хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан ДАШТ-ээс хоёр дахь алтан медалиа хүртэж, Монголчууд биднийгээ дахин баярлуулсан.


ХОЁР. Япончуудыг гайхашруулсан үе түүнд бий

Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд 23 жил хөлс, хүчээ шавхаж, Монгол бөхчүүдийнхээ "Алтан хараацай" болон түүхэнд томоохон амжилтын эзэн болж буй Нямжавын Цэвэгням зодог тайллаа. Түүнийг ийм олон жил барилдахыг Япончууд хараад гайхсан гэдэг. Ясны бөх гэдэг энэ буюу.  


ГУРАВ. Тэвчээр гэдгийг Ц.Мөнхзаяа харуулсан

Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ээс, Монгол Улсын Гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа алтан медаль хүртсэн. Тэрбээр тухайн үед мөрөндөө гэмтэлтэй байсан ч шүд зуун хүч үзсэн нь зөвхөн биднийг ч биш, дэлхийн хүчирхэг тамирчдыг гайхашруулж чадсан юм.


ДӨРӨВ. Их хөдөлмөр түүнийг хоосон орхисонгүй

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан А.Алтанхуяг Монгол Улсын начин цол хүртсэн. Тэрбээр 20 буюу хамгийн олон жил дээрх спортоор хичээллэж, улсын цол хүртсэн бөхийн нэг болсон.


ТАВ. Дээд амжилт эвдсэн агуу аварга

Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын буюу Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан Монголын аваргуудын хооронд болж Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какүрюү  М.Анандыг ялснаар 35 дахь түрүүгээ хүртсэн. Ийнхүү тэрбээр өөрийнхөө дээд амжилтыг өөрөө эвдэн, өөрөө өөртэйгээ өрсөлдөж эхэлсэн.


ЗУРГАА. Тэр ээжийнхээ ачийг хариулж яваа

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр уг нь аварга болох амлалт ээждээ өгч явсан ч түүндээ хүрч чадаагүйдээ нулимс унагаж, “Ээждээ амласан үгээ биелүүлж чадсангүй” гэсэн нь олон хүний зүрхэнд хүрсэн. Гэхдээ тэр 2013 онд Залуучуудын ДАШТ, 2014 оны насанд хүрэгчдийн ДАШТ, Армийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж ээжийнхээ ачийг хариулсан сайн охин.


ДОЛОО. Х.Цагаанбаатар зодог тайлав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар өнгөрсөн жил зодог тайлсан нь бөх сонирхогчдод гэнэтийн мэдээ болсон. Учир нь түүнийг “Рио-2016” олимпод хүч үзнэ хэмээн хэт итгэж байсан болохоор энэ юм. Тэрбээр 20 жил энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд шавь бэлдэж, татамигаас нэг хэсэгтээ холдохгүй гэдгээ амласан.


НАЙМ. Өмнөдэлгэр сумаас 17 жилийн дараа төрийн наадмын түрүү тодорлоо

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1999 онд хамгийн сүүлд улсын баяр наадамд түрүүлсэн. Түүний залгамж халааг нутгийнх нь хүү Энхтөгсийн Оюунболд өвлөж, 17 жилийн дараа түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн.

ЕС. Г.Ган-Эрдэнийг түрүүлнэ гэж таамагласан хүн цөөхөн байлаа

Нацү башёд Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртсэн нь сүмо сонирхогчдын таамагт бараг байгаагүй. Тэрбээр энэхүү цомыг хүртсэн Монголын зургаа дахь бөх. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ч зүй ёсоор татаж байв.

АРАВ. Хүчирхэг Монголын тэнхээт бүсгүй

Мөнхжанцангийн Анхцэцэг хэмээх энэ бүсгүй өнгөрсөн жилийн хүндийг өргөлтийн ДАШТ-д наймдугаар байр эзэлсэн. Монголын хүндийг өргөлтийн маргаашийн гэрэлт од болсон түүнд маш их ирээдүй бий гэж мэргэжилтнүүд үнэлдэг юм билээ.  Түүнд бэлтгэл хийх бааз, уураг витамин хангалттай бол дэлхийг ч "өргөх" тэнхээ бий.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хонь жилд спортын салбарт тохиосон онцлог 10 үйл явдал  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй