
Урлаг, соёлын салбарт 2015 онд тохиосон онцлог 10 үйл явдлыг уншигч тантай эргэн дурсацгаая.
НЭГ. Г.Ариунбаатарын манлайлал
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадам өнгөрсөн оны долоодугаар сард ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо болоход Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн юм.
ХОЁР. Г.Мэнд-Ооёо “Чингис хаан” одон хүртлээ
Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дэлхийн урлаг соёлын академийн хүндэт доктор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олголоо.
ГУРАВ. “Авьяаслаг Монголчууд” дэлхийд өрсөлдөнө
Дэлхийн үзэгчдийн сонирхлыг татсан нэвтрүүлэг бол С.Коуэллийн 2005 оноос эхлүүлсэн "Got Talent". Үүнийг "Mongol TV | HD" телевиз албан ёсны эрхтэйгээр “Авьяаслаг Монголчууд” хэмээн нэрийдэж үзэгчдэд хүргэсэн. Энэ нь манай улсад болсон хамгийн өндөр буюу тэргүүн байр нь 100 сая төгрөгийн шагналтай шоу байлаа.
ДӨРӨВ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан “Алдрын од” шагнал хүртэв
Монголын рок попын урлагт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн оруулсан хувь нэмэр их. Иймд тус хамтлагийнханд “Алдрын од” шагналыг гардуулав. Үүнийг цаашид уламжлал болгон жил бүрийн долоодугаар сарын 30-нд соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгохоор боллоо.
ТАВ. "Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглолоо
Алдарт “Учиртай гурван толгой” дуурийг өнгөрсөн оны долоодугаар сарын 10-нд Чингисийн талбайд анх удаа тоглосон. Гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗТДГ-ын санаачилгаар театрын тайзнаа нээлттэй зохион байгуулсан билээ.
ЗУРГАА. Дуучин Э.Амартүвшин дэлхийн дуучин гэдгээ бататгав
Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин Их Британийн BBC агентлагаас зохион байгуулсан "Cardiff Singer of the World" наадмын шилдэг тавд шалгарч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн онцгой жил байв. Түүний хувьд дуурийн урлагаар олон улсын чанартай уралдаанд байнга оролцож, ганзага дүүрэн амжилттай ирж, эх орон, элэг нэгт түмнээ байнга баярлуулахаас гадна, Монголынхоо нүүр царай, дуурийн урлагт брэнд болж явна.
ДОЛОО. “Хөсөгтөн” хамтлаг “Авьяаслаг Азичууд”-д шалгарлаа
Дэлхийд ардын урлагаа сурталчилж буй “Хөсөгтөн” хамтлаг "Asia”s Got Talent" буюу “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож, хоёрдугаар байрт шалгарсан юм. Тэд хэдийгээр түрүүлээгүй ч авьяасаараа Азичуудыг төдийгүй дэлхий дахиныг алмайруулж чадсан билээ.
НАЙМ. Жүжигчин Б.Амарсайхан Холливудад тоогдов
“Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин” “Бодлын хулгайч”, “Аравт” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн Балжиннямын Амарсайхан Холливудад тоогдож, “Марко Поло” олон ангит уран сайхны кинонд тоглосон нь нэгэн онцлог үйл явдал болсон.
ЕС. Дэлхийн сонгодогууд тайзнаас дахин "мэндчиллээ"
Өнгөрсөн жил дэлхийн сонгодогууд манай улсын тайзнаа дахин гарсан нь үзэгчдэд хүрлээ. Тодруулбал, ДБЭТ-ын хамт олон алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Нойрсож буй гүнж", У.Шексперийн "Ромео Жульетта" жүжгийг амилуулсан билээ.
АРАВ. ЮНЕСКО-д ингэ хөөслөх зан үйл, Бурхан Халдун уулаа бүртгүүллээ
Намибын Виндхук хотноо болсон ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар монгол малчин түмний ингэ хөөслөх зан үйлийг /The Coaxing Ritual for Baby Camels/ ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ.
Франц Улсын нийслэл Парис хотноо болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав. Монгол Улс 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элссэн байдаг.
Хонь жилд урлаг, соёлын салбарт тохиосон онцлог 10 үйл явдал | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.