
Английн хөлбөмбөгийн премьер лигийн 26 дахь тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү тоглолтууд лигийн тэргүүлэгчдийн дунд болсноороо гол чимэг болов. Лигийг тэргүүлэгч “Лейстер Сити” клуб “Арсенал”-ын талбайд зочлон тоглож улирлын гурав дахь хожигдлоо хүлээлээ.
Тоглолтын нэгдүгээр үед Ж.Варди торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн ч хоёрдугаар үед “Арсенал” баг Т.Уолкотт болон Д.Уэлбек нарын гоолоор ялалт байгуулав. Ялангуяа тоглолтын нэмэлт цагт Д.Уэлбек Герман залуу М.Өзилийн дамжуулалтаар хожлын гоолыг оруулсан. Ингэснээр “Арсенал” эцсийн мөчид хожил байгуулж тэргүүлэгчийн өрсөлдөөндөө үлдэж чадлаа. Д.Уэлбекийн хувьд өвдөгний бэртлийн улмаас нэлээд хугацааг талбайн гадна өнгөрүүлээд байсан юм.
Харин улирал дуусгаад дасгалжуулагчаа явуулах гэж байгаа “Манчестер Сити” клуб өөрсдийн “Этихад” цэнгэлдэхдээ М.Почеттиногийн шавь нарт 2:1 харьцаагаар хожигдлоо. Ийнхүү “Тоттенхэм” клуб “Манчестер Сити”-г хожсоноор лигийн сүүлийн таван тоглолт дараалан ялалт байгуулаад байна. Сити клубын хуьд сүүлийн хоёр тоглолтондоо дараалан хожигдол хүлээсэн.
Тоглолтын 72 дахь минутад Ситигийн шинэ цэрэг К.Ихеаначо тооны харьцааг тэнцүүлэв. Гэхдээ энэ өдөр Манчестер хотын баг биш Лондон хотын баг хожил байгуулсан. “Тоттенхэм” багийн Дани залуу К.Эриксон тоглолт өндөрлөхөөс долоон минутын өмнө хожлын гоолыг оруулсан. Ийнхүү тэд 53 оноотойгоор “Арсенал”-ын хамт лигийн дэд байрт шалгарлаа. “Тоттенхэм” клуб энэ сарыг дуустал лигийн хүрээнд хожлын цуврал нь үргэлжлэх магадлал тун өндөр байна. Тэд “Суонси” болон “Вест Хэм” багтай тоглоно.
Мөн энэ өдрийн чимэг нь “Ливерпүүл” болон “Астон Вилла” багийн хооронд болсон. Чимэг гэсний учир нь энэ улиралд “Ливерпүүл”-ийн шилдэг тоглогч болох Д.Старриж, Ф.Коунтиньо, Р.Фирминио нар хамтдаа гараанд гарсан. Мөн хамт гараанд гарсан залуус тоглолтын тооны харьцааг хамтдаа нээсэн гэхэд болно.
Тоглолтын анхны гоолыг Ф.Коунтиньогийн дамжуулалтаар Д.Старриж мөргөж оруулсан. Ийнхүү “Ливерпүүл” клубын шилдэг гурвал анх удаагаа хамтдаа талбайд гарсан уг тоглолтод 6:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожив.
Гэхдээ уг тоглолтод хожил байгуулсан “Ливерпүүл” клубын дасгалжуулагч өөрсдийгөө “Баярлаж, хөгжилдөх мөч биш. Өрсөлдөгч баг маань амаргүй үеийг даван туулж байна” хэмээн хүндэтгэл илэрхийлсэн юм. Үнэхээр ч “Астон Вилла” клуб энэ улиралд тун муу амжилттай явж байгаа. Нэгэн цагт Европын Аваргуудын лигийн цомыг өргөж, Английн лигийн түрүүг долоон удаа хүртэж явсан “Астон Вилла” клуб энэ улиралд 26 тоглолтод гурван хожил, долоон тэнцээ, 16 хожигдол хүлээснээр лигийн сүүл хэсэгт 16 оноотой жагсаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дасгалжуулагч Т.Ширвүүдийг Францын “Лион” клубт ажиллаж байсан Рэми Гардыг авчирсан ч байдал дээрдсэнгүй. Тэрбээр багаа удирдсанаасаа хойш дөнгөж нэг хожил байгуулаад байна.
“Лейстер Сити” клуб “Арсенал”-ын талбайд зочлон гурав дахь хожигдлоо хүлээлээ | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.