Шууд Chart

Футзалын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна

2016-02-18 10:28:17

Футзалын идэрчүүдийн УАШТ-ий шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг багуудын хэсгийн тоглолт үргэлжилж байна. Хуваарийн дагуу өчигдөр нийт есөн тоглолт футзалын ордонд болсон. 15 хүртэлх насанд өрсөлдөж байгаа “Хараацай” клуб хэсгийн хоёр дахь тоглолтоо “Солонго-Халиун-Од” багтай хийж үндсэн цагт 4:1 харьцаатай ялснаар дөрвөн оноотой хэсгээ тэргүүлээд байна. Сэлэнгэ аймгийн баг өчигдрийн тоглолтод “Говь-Алтай” аймгийн багийг 6:4 харьцаатай ялснаар “Хараацай” багийн хамтаар ижил дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж буй.

15 хүртэлх насны “D” хэсэгт багтсан “Зөгийнүүд” хэсгийн сүүлийн тоглолтоо “Дэрэн” клубын эсрэг хийж ялагдсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Учир нь энэ хэсэгт гурван баг өрсөлдөж байгаагаас тэд оноо авч чадаагүй юм.

Тэмцээний 17 хүртэлх насны зарим баг мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэмцээний “А” хэсэгт багтсан Говьсүмбэр аймгийн баг ээлжит нэгэн ялалтаа Хан-Уул дүүргээс салгаж чадсанаар хэсгээ итгэл төгс хошуучилж байгаа бол “Говь-Алтай” аймгийн баг харамсалтай нь ялагдсанаар хэсгийн сүүл мушгиж байна. Тэдэнд тэмцээнийг үргэлжлүүлэх боломж ерөнхийдөө үгүй болсон гэж хэлж болно. Харин тэднийг ялсан “MAGICFOOT” дөрвөн оноотой болсноор өөрсдийн боломжоо ахиуллаа.

Орон нутгийн багууд бүс тус бүрт хуваагдан урьдчилсан шатны тэмцээнд оролцож, ийнхүү шигшээд оролцох эрхээ аваад байсан. Тэгвэл эдгээр багийн төлөөлөл болсон Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн багууд өчигдөр өрсөлдөгчиддөө ялагдлаа. Дээрх аймгийн багууд тэмцээний “В” хэсэгт “Дэрэн” болон “Хараацай” гэсэн туршлагатай багтай өрсөлдөж байгаа билээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хувьд аль алинд нь боломж тун хүнд байна.

17 хүртэлх насны “С” хэсгийн тэргүүлэгчид болох “Эрчим”, “Улаанбаатарын унаганууд” хоорондоо тааран тоглож, унаганууд ялалт байгуулснаар хэсгээс гарах эрхээ баталгаажуулж чадлаа. Мөн Идэрчүүдийн лигийн тэмцээнд оролцох эрхээ ч давхар авсан. Харин “Арвис” энэ тэмцээнд хамгийн холоос оролцож байгаа Баян-Өлгий аймгийн багийг буулгаж авснаар “Эрчим” клубтэй ижил гурван оноотой боллоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй