Шууд Chart

Энэ хавар 20 гаруй сая эх малын 60 хувь нь төллөнө

2016-02-22 17:30:42

Гуравдугаар сарын эхээр мал төллөж эхэлдэг ч энэ жил зарим нутагт жаахан оройтож магадгүй төлөвтэй. Учир нь өнгөрсөн жил зуншлага оройтож, өвсний гарц нийт нутгаар тааруу байсан тул малчид хахир өвөл, хаврыг давж, малынхаа тоо толгойг бүрэн авч үлдэхийн тулд малынхаа хээлтүүлгийг орой эхлүүлжээ.  

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 20 гаруй сая эх мал тоологдсон. Гэхдээ энэ жил 60 орчим хувь нь л төллөнө гэсэн урьдчилсан мэдээ гаргаад байна. Жишээ нь, Баянхонгор аймгийн хэмжээнд тоологдсон эх малын 30 хувь нь төллөнө гэж  ХХААЯ-ныхан хэллээ. Тус яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун “Өнгөрсөн жил Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн ихэнх суманд зуншлага сайхан байсан болохоор эдгээр сумын малчин малаа бүрэн хээлтүүлсэн. Хавар цас их орж, цагийн байдал хүндрэхгүй бол тэд төлөө бүрэн хүлээж авах боломжтой” гэв.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Архангайд 19, Сүхбаатарт 18 мянган мал хорогджээ. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумынханд олгох нөөцийн өвс, тэжээл ч дууссан аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд Засгийн газар болон ОБЕГ-т хандаж нэмэлт өвс, тэжээл өгөхийг хүссэн өргөдөл их ирүүлж байгаа гэнэ.  

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 27 хүртэл ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурах төлөвтэйг анхааруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ хавар 20 гаруй сая эх малын 60 хувь нь төллөнө   
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй