
МХБХ-оос зохион байгуулдаг футзалын идэрчүүдийн УАШТ энэ жил Алтай, Хангай, Талын бүс болон Улаанбаатар хотын клуб дүүргүүдийн урьдчилсан шатны тоглолтуудаар нэгдүгээр сарын 9-нөөс эхэлсэн билээ.
Талын бүсийн тоглолтууд Дорнод аймагт зохиогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв болон Дундговь, Дорнод аймгийн багууд оролцсон. 15 хүртэлх насанд Говьсүмбэр аймгийн баг түрүүлж, Төв аймаг удаалан шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан бол 17 хүртэлх насанд мөн Говьсүмбэр аймаг түрүүлж, Дорнод аймаг удаалсан.
Алтайн бүсийн тоглолтууд Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо зохиогдож 15 хүртэлх насанд Говь-Алтай аймаг түрүүлэн, Ховд аймаг удаалсан бол 17 хүртэлх насанд Баян-Өлгий түрүүлж, Говь-Алтай аймгийнхан удаалсан юм.
Хангайн бүсийн тэмцээн нэгдүгээр сарын 19-23-нд Эрдэнэт хотод зохиогдсон бөгөөд нийт зургаан аймаг оролцож 15 хүртэлх насанд Дархан-Уул аймаг түрүүлж, Сэлэнгэ аймаг удаалсан бол 17 хүртэлх насанд мөн Дархан-Уул түрүүлж, Сэлэнгэ аймаг удааллаа.
17 хүртэлх насны хүрэл медалийн төлөө Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” болон Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубын баг өрсөлдлөө. Тоглолтын хоёрдугаар үе өндөрлөхөөс хэдхэн минутын өмнө “Хараацай” 3:2 харьцаатай тэргүүлж байсан ч дараалсан хоёр гоолыг хаалгандаа алдсанаар медалийн үзүүрээс атгаад алдлаа.
Э.Шинэбаяр дасгалжуулагчийн хувьд хоёр насанд давхар медаль хүртэх боломжтой байсан ч чадсангүй. Тэд тэмцээний “В” хэсгийг тэргүүлэн гарч улмаар ¼ шигшээд Говьсүмбэр аймгийн багийг 3:0 харьцаатай ялж хагас шигшээд “Хоромхон” багт ялагдан хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Тэгвэл идэрчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн “ДМЮ” ¼ шигшээд “Арвис” клубын залуусыг 7:3-аар хожиж хагас шигшээд “Дэрэн” багт 3:1 харьцаатай ялагдаад байсан юм.
Тэмцээний оргил хэсэг болох аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж, 15 хүртэлх насанд гайхалтай байж чадсан “Дэрэн” болон “Эрхэс” клуб учраа тааран тоглосон. Энэхүү тоглолтод “Эрхэс” оноогоор илүүрхэж, 5:0 гэсэн том давуу талыг үүсгэсэн.
Улмаар тэргүүллээ хадгалж чадсанаар 9:3 харьцаатай буулгаж аван алтан медалийн эзэд боллоо. “Эрхэс” клуб нь шинэ оны дараа байгуулагдсан бөгөөд өсвөрийн УАШТ-ий 11 хүртэлх насанд багаа хүрэл медаль хүртсэн том амжилтыг гаргаад байсан бол энэ удаа идэрчүүдийн тэмцээнд ийнхүү түрүүлж чадлаа.
Тэмцээний 17 хүртэлх насны шигшээ тоглолтод “Дэрэн”, “Хоромхон” баг өрсөлдлөө. Өмнөх 15 насанд түрүүлж чадаагүй “Дэрэн” клуб энэ насандаа тун сайн тоглолтыг үзүүлж өрсөлдөгчөө 7:4 харьцаатай ялснаар идэрчүүдийн УАШТ-ий алтан медалийг хүртэж байна. Харин Б.Гансүх дасгалжуулагч “Хоромхон” клуб мөнгөн медалийн эзэд боллоо.
“Эрхэс” клуб алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.