Шууд Chart

Хавдрын эсрэг үндэсний аяны нээлт боллоо

2016-02-24 18:45:58

Манай улсын хүн амын нас баралтын таван тохиолдол тутмын нэг нь хорт хавдраас шалтгаалж байна. Хорт хавдрын улмаас нас баралт өндөр байгаа нь өвчлөлийн шинэ тохиолдлын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой байна.

Тиймээс ХСҮТ, МҮОНРТ, Хаанбанк хамтран жил бүр "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг зохион байгуулдаг болсон. Өнөөдөр зургаа дахь удаагийн аяны нээлт боллоо. Энэ аян өнөө жил найман аймагт хэрэгжинэ

Өнөө үед дэлхий дахинаа жилд 14.1 сая хүн хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хэрвээ хорт хавдраас сэргийлэх, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд жил бүр хорт хавдраар өвчилж байгаа хүний тоо 19.6 саяд хүрэх төлөвтэй байна.

Монгол Улсад 2015 онд 5800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 4000 нас баралт бүртгэгджээ. Хорт хавдрын шинэ тохиолдлын 59 хувь нь хөдөө орон нутагт, 41 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. "Хаан банк" сан, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ-ээс "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг зургаа дахь жилдээ хэрэгжүүлэх хамтрагч байгууллагуудын гэрээг үзэглэн, аяны товыг зарлалаа.

Өмнөх таван удаагийн аяны хүрээнд Эмч мэргэжилтний ажлын байрны дагалдан сургалтыг 420 удаа зохион байгуулж, үзлэг, шинжилгээнд 91 мянган хүнийг хамруулан орон нутагт 403 удаа мэс ажилбар хийсэн байна. Мөн олон  нийтийн мэдээллийн  хэрэгслээр 373 удаагийн нэвтрүүлэг, мэдээ, ярилцлага нэвтрүүлж, гарын авлага 170 мянгыг хэвлэж, сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны хүрээнд 470 бүтээл хүлээн авчээ. 

Энэ үеэр Хаан банкны Гүйцэтгэх захирал Норихико Като "Өнгөрсөн хугацаанд Хаан банк хавдрын эсрэг аянд 720 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, мөн орон нутгийн 2000 гаруй ажилтнуудаа сайн дурын ажилтнаар бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээсэн. “Хавдрын эсрэг үндэсний аян" хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна" гэв. 

Энэ жил "Хавдрын эсрэг үндэсний аян"-ыг Дархан-Уул, Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь аймагт зохион байгуулна. Аяны онцлог нь аймаг, дүүргийн түвшинд хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг болон хөнгөвчлөх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой бүсчилсэн сургалтыг бусад аймаг орон нутгийг хамруулан зохион байгуулах юм. Энэхүү бүсчилсэн сургалтад аймаг, дүүрэг тус бүрээс таван эмч мэргэжилтэн, нийтдээ 150 эмч мэргэжилтэн хамрагдана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавдрын эсрэг үндэсний аяны нээлт боллоо   
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй