
Яруу найрагч Ш.Уянгын 50 насны төрсөн өдөр, "Гандан уулын цэцэг" номынх нь баяр өчигдөр “Аз хур” номын их дэлгүүрт боллоо. Түүний яруу найраг, найраглал, нийтлэл, ярилцлага, орчуулгын бүтээлийг эгч Ш.Энэрэл нь эмхэтгэн ийнхүү уншигчдын хүртээл болгосон юм. Номын баярт Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав, Д.Нацагдоржийн шагналт Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, яруу найрагч М.Амархүү, Д.Чинзориг, Д.Ган-Очир, М.Саруулдалай, Ө.Бат-Эрдэнэ, Т.Эрдэнэцогт, Л.Батцэнгэл нарын зэрэг эрхэм хүрэлцэн ирсэн байв.
Шагдарын Уянга хэмээх нэр Монголын яруу найрагт цуурайтаж явсан ч арай л эрт тэнгэрт хальсан нь харамсалтай. Тэрээр яруу найраг бичиж, орчуулж, жүжиг балет туурвин, олон арван нийтлэл бичсэн. Түүний анхны номыг 2002 онд яруу найрагч Д.Сүхбаатар анд нь хэвлүүлж байв.
Ш.Уянга нь 1966 онд Төв аймгийн Номтын ам хэмээх газар төрсөн. Москва хотын Агаарын геодези-зураг зүйн сургуулийн болон МУИС-ийн физикийн ангийг төгсч, инженер мэргэжил эзэмшсэн. “Үнэн”, “Бодлын солбицол”, “Улаанбаатар” сонинд ажиллаж, нөхдийн хамт “Капитал”, “Монгол тамга”, “Коментарий” сонинуудыг санаачлан эрхэлж, хэвлэл мэдээлийн цаг наргүй их ажилтай "уралдаж" байлаа. Уран сайхны кинонд нэрт яруу найрагч Р.Чойномын дүрийг ч бүтээсэн удаатай.
"Гандан уулын цэцэг" номын нээлт болов | ||
Үзсэн: 571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.