
БНСУ-ын Пусан хот-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж байгаа талаар Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасангаас тодрууллаа.
-Пусан-Улаанбаатарын чиглэлд шинэ нислэг нээгдэж байгаа гэдэг нь үнэн үү?
-Тийм. Өнгөрсөн оны аравдугаар сард Турк улсад болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр хийсэн уулзалтаар энэ чиглэлд нислэг үйлдэхээр БНСУ-ын талтай тохиролцсон.
-Нислэгийг хэзээнээс, ямар авиа компани үйлдэх вэ?
-2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт хоёроос гурван удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон. БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм.
-Шинэ нислэг нээгдэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр онгоцны тийзийн үнэ буурах магадлалтай гэж харж байна. Одоогоор Монгол, Өмнөд Солонгосын хооронд “KAL”, манай МИАТ компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ шинэ нислэг хоёр дахь нь болж байгаа юм.
-Цаашид шинээр нислэгийн чиглэл нээх төлөвлөгөө бий юу?
-2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байна.
С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.