Шууд Chart

Жианни Инфантино “ФИФА”-гийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2016-02-29 16:31:17

Олон Улсын хөлбөмбөгийн холбоо буюу “ФИФА”-гийн шинэ Ерөнхийлөгчөөр Европын Хөлбөмбөгийн холбооны нарийн бичиг Жианни Инфантино сонгогдлоо. Энэхүү сонгууль өнгөрсөн бямба гарагт Швейцарийн Цюрих хотод болсон юм.

Шинэ гэдгийн учир нь одоогоос есөн сарын мөн Швейцарийн Цюрих хотноо ОУХБХ-ий Ерөнхийлөгчийг сонгох ээлжит их хурал болж, амьдралынхаа дийлэнх жилд тус байгууллагад зүтгэсэн Жозеф Блаттер сонгогдож байсан билээ. Гэсэн ч түүнийг энэхүү суудалд суусны дараагаар жижиг том асуудлууд ар араасаа хөвөрч улмаар зарим нэг асуудал эл болсон тул хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд таван жилээр оролцох эрхийг хасах шийдвэрийг Олон Улсын хөл бөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос гаргасан.

Ингээд 2015-2019 он хүртэлх хугацаанд хөл бөмбөгийн нэгэн зууны арвин түүхтэй тус байгууллагыг удирдан залах хөлгийн ахмадгүй болсноос үүдэж ОУХБХ-ны дүрмийн дагуу ээлжит бус их хурлыг 2016 оны хоёрдугаар сарын 26-нд сонгон зохион байгууллаа.

Ээлжит бус их хурлаар шийдэгдэх Ерөнхийлөгчийн албан тушаалд дараах таван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигч тус бүр 15 минут индэрт гарч өөрийгөө танилцуулах үеэр Өмнөд Африкаас нэр дэвшсэн Токио Сэксвэл нэрээ татсан байна.

Ингээд дөрвөн нэр дэвшигч бүхий сонгууль болж эхний санал хураалтаар:

Али би Ал Хуссэйн 27 санал

Шэйх Салман би Эбрахим Ал Калифа 85 санал

Жэром Шампэйн долоон санал

Жианни Инфантино 88 санал авч ОУХБХ-ны сонгуулийн дүрмийн дагуу нийт саналын 3.2 санал авч чадаагүй учраас дахин санал хураалт явуулсан бөгөөд  50+1 гэсэн зарчмын дагуу хоёр дахь санал хураалт явуулж нийт хүчин төгөлдөр бүхий 207 саналаас

Алиби Ал Хуссэйн дөрөв

Шэйх Салман би Эбрахим ал Калифа 88 санал

Жэром Шампэйн нэг ч санал аваагүй

Жианни Инфантино 115 санал авч ФИФА-гийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дэлхийн 209 орон оролцсон уг ээлжит бус их хуралд Монгол Улсаа төлөөлж Монголын Хөл бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож шинэ Ерөнхийлөгч сонгох саналаа өглөө.

А.Ганбаатар Швейцарь Улсад болсон энэхүү ээлжит бус их хурлын үеэр Бразил, Унгар, Герман, Япон, БНСУ зэрэг орны хөл бөмбөгийн холбоотой уулзаж санал сэтгэгдэл солилцлоо. ХБНГУ-аас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч урьж ажиллуулах талд ярилцаж байгаа бол Японы хөл бөмбөгийн холбоотой охид, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг сайжруулах талд мөн БНСУ-ны хөл бөмбөгийн холбоотой хамтран орон нутгийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Үүний хүрээнд ирэх наймдугаар сард Английн Манчестер Юнайтед болон БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Пак Жи Сун Монгол Улсад хүрэлцэн ирэхээ амлав. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөл бөмбөгийн холбоо “Зико” сантай хамтран ажиллах бөгөөд ирэх есдүгээр сард мөн алдарт тамирчин Зико өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болоод байна.

ОУХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жианни Инфантиногийн мөрийн хөтөлбөр нь МХБХ-ны өнөөгийн бодлоготой тун төстэй. Шилэн дансны хөтөлбөр болоод гишүүн байгууллагуудаа дэмжиж ажиллах мөн гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж ажиллах зэрэг нь түүнийг сонгогдоход томоохон түлхэц боллоо.

Дуулиан шуугиантай холбоотойгоор ФИФА-д шинэчлэлийн хэмээх хороо байгуулагдаж олон улсын чадварлаг хөл бөмбөгийн тогоонд чанагдсан хүмүүс нийлж ФИФА-гийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шинэчлэн найруулсан. Ийнхүү эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг дахин сэргээх асуудлыг даван туулах гэсэн гол зорилт тавин ажиллаж бүтэц зохион байгуулалтандаа шинэчилсэн өөрчлөлтийг мөн тус удаагийн ээлжит бус их хурлаар баталлаа.

Хурлын дараагаар хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгчдөд ФИФА өөрийн музейг танилцуулсан байна. Уг музейд Монголын Хөл бөмбөгийн Холбооны үндэсний шигшээ багийн өмсгөл болон шигшээ багийн тоглолтын бичлэг, веб сайтын мэдээлэл зэрэг тавигджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жианни Инфантино “ФИФА”-гийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй