
Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул “Рио-2016” руу “зүтгэнэ”. Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд Азербайжаны Габала хотод болсон Олимпийн эрх олгох тэмцээнд VI байр эзэлснээр ийнхүү “Рио-2016”-д цэц мэргэнээ сорихоор болоод байна. “Хүч” спорт хороонд данстай тэр хийн гар бууны 10, спорт гар бууны 25 метрийн дасгалд цэц сорьдог.
ОУХМ Б.Алтанцэцэгийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг Ц.Мөнхзул 2008 оны олимпид оролцож наймдугаар байр эзэлсэн удаатай. Тухайн үед хийн гар бууны 10 метрийн дасгалд Олимпийн медаль хүртэх боломж байсан. Энэ талаараа тэрбээр “Сэтгэлзүйн бэлтгэл жаахан дутсан. Өөрөө өөртэйгээ сайн ажиллаж чадаагүйгээс медалийн оосроос атгаад алдсан” гэж байсан.
Олимп, ДАШТ-ээс медаль зүүх боломжтой гэдгээ 2013, 2014 онд дахин баталсан. Тодруулбал, 2013 онд Ираны Тегеранд болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2014 оны Инчоны Азийн наадамд багаараа хүрэл медаль хүртсэнээрээ ямар чансаатай тамирчин бэ гэдгээ харуулсан.
Ц.Мөнхзул 2006 онд Дохад болсон Азийн наадмаас багаараа хүрэл, оюутны "Универсиад"-аас мөнгө, хийн бууны Азийн аваргад багаараа алт, хувиараа мөнгө, дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл, 2005 оны Зүүн Азийн наадмын алт, мөн бусад тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Дасгалжуулагч нь “Түүний сул тал нь урьдчилсан буудлагад сайн бууддаг атлаа финалд алдаа гаргадаг. Үүнийгээ л засаж чадах юм бол тэр Олимпийн медальтан болох боломжтой” хэмээж байв. Тэр энэ алдаагаа засаж чадвал "Рио"-гийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулах хувьтай.
Сонирхуулахад, Ц.Мөнхзул мастер 1994 оноос буудлагын спортоор хичээллэсэн бөгөөд тухайн үед Ганзориг дасгалжуулагчийн удирдлага дор урт бууны төрлөөр хичээллэж, 1999 оноос төрлөө сольж гар буунд шилжсэн байна.
У.Мөнхзул "Рио"-гийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулах хувьтай | ||
Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.