Шууд Chart

Дөрвөн хамтлаг нэгджээ

2016-03-07 14:16:13

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Монголын “Boyband” залуу хамтлаг нэгдэн “Best hits” хэмээх тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, “Motive”, “Нэгэн зүгт”,  “Sync”, “S4”  хамтлаг “Lux” клубт хамтлаг тус бүр хит болсон 5-6  уран бүтээлээ үзэгчдэд өргөн барих аж.

Мөн урилгаар дуучин Агиймаа, BX, “No name” хамтлагийн дуучин Оргил, DJ ZAYA, DJ CHINBA нар оролцох бөгөөд тэд үүрийн 04:00 цаг хүртэл үзэгч тантай байх гэнэ.

Энэхүү тоглолтын талаар зарим хамтлагийн уран бүтээлчээс тодруулга авсан юм.

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа: Залуус бидэнд маш их урмын үг хэлсэн

-Бидний хамтарсан анхны тоглолтыг сонсогч залуус маань тэсэн ядан хүлээж байгаа нь илт мэдрэгдэж байна. Тэд “Уран бүтээлийг нь сонсох дуртай дөрвөн хамтлагийнхаа тоглолтыг нэг тайзнаас үзэх гэж байгаадаа баяртай байна, баярлалаа” гэсэн урмын үгийг сошиал сүлжээ хуудсаараа дамжуулан илгээж байна. Үүнээс бид урам зориг, эрч хүчийг аваад тоглолтын бэлтгэл ажлаа маш сайн хангаад байна.  Магадгүй тэр өдөр бидний аль нэг хамтлаг тус тусдаа тоглолтоо хийж болох байсан ч бүсгүйчүүдтэйгээ мартагдахааргүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүссэндээ ийн шийдсэн юм. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч эрчүүд маань хайртай бүсгүйгээ баярлуулаарай гэсэн үүднээс тоглолтынхоо тасалбарын үнийг маш боломжийн үнээр тогтоосон. Энэ төрлийн нэгдсэн тоглолтыг 20 мянган төгрөгөөр өөр хаана ч үзэхгүй болов уу.  Мөн “Lux” клуб маань 200 машины зогсоолтой. Тоглолтын зохион байгуулалт ч маш цэгцтэй болох болно. Бид нэг шинэ үеийн залуус гэдэг утгаараа тоглолтын найруулга болон бусад зүйлст ихээхэн анхаарч ажиллаж байна.

“Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнаа: Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Гуравдугаар сарын 8-нд бүсгүйчүүддээ зориулж нэгэн гайхалтай тоглолтыг орчин үеийн Монголын Boyband болох залуу хамтлаг нэгдэж хүргэх гэж байна. Энэ тоглолтод  маш олон залуу ирж, сонсох дуртай дуугаа сонсч, дагаж дуулах байх. Хамтлаг тус бүр өөрсдийн хит дуугаа дуулна. Тэр ч үүднээс тоглолтоо бид “Best hits” гэж нэрлэсэн. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан. Бид тайз, гэрэл,  үзүүлэх тоглолтдоо маш их анхаарч, олон гоё санаа гаргасан байгаа. Энэхүү тоглолт 100 хувь амьд болно.

“Sync” хамтлагийн дуучин Б.Мөнх-Оргил: Үзэгчдийг доргиосон тоглолт болно

-Нэгэн үеийн залуус нэгдэн тоглолт хийж байгаа болохоор үзэгчид бидний тоглолтыг маш эерэгээр хүлээн авч байна. Бидний зүгээс бүх юм бэлэн болсон. Одоо тоглолтын өдрөө л тэсэн ядан хүлээж байна даа. Энэхүү тоглолт амьд, ёстой л үзэгчдийг доргиосон үдэш байх болно.

“S4” хамтлагийн дуучин Т.Гарьдмагнай: Бид залуустайгаа хамтарч бүсгүйчүүдээ баярлуулахыг л хүссэн

-Энэ тоглолтыг зохион байгуулах  санааг “Нэгэн зүгт хамтлагийн дуучин С.Заяа гаргасан. Тэгээд ч залуу уран бүтээлчид, бие биетэйгээ улам нягт холбогдож, бие биенээ дэмжиж, сайхан найз нөхөд байж чаддаг юм шүү гэдгийг энэхүү тоглолтоороо харуулахыг хүссэн. Энэ дөрвөөс гадна нэгэн үеийн олон Boyband хамтлаг бий. Гэвч тэд тодорхой шалтгааны улмаас нэгдэж чадаагүй байна. Дараа дараагийн үйл ажиллагаанд маань нэгдэх байх. Бидний хувьд дууг нь сонсох дуртай зарим хамтлаг нэгдэж “Мартагдашгүй” хэмээх тоглолтоо өнгөрсөн намар хийсэн. Үүнээс ч бид мөн үлгэр жишээ авч  “Best hits” тоглолтоо хийж байна. Ах нар маань хамтарч нэгдэж байхад бид ч нэг үеэрээ нэгдэж чаддаг юм гэдгийг мөн харуулахыг зорьж байна. Энэ тоглолтоос бид ашиг хонжоо олохыг урьтал болгосонгүй. Залуустайгаа хамт эмэгтэйчүүдээ баярлуулахыг л хүссэн. Нэгэн нууцыг задлахад бидний хамтарсан  нэгэн шинэ уран бүтээл тун удахгүй гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дөрвөн хамтлаг нэгджээ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй