Шууд Chart

Зохиол нь шинэлэг бус ч, жүжиглэлт сайтай “Атганд үлдсэн эрдэнэ”

2016-03-07 14:24:36

Нэлээн хэд хоногийн өмнөөс үсээ хусуулсан жүжигчин Д.Ганчимэг бүсгүйн зураг цахим ертөнцөд шуугиан тариад байв. Хүмүүст хүлээлт үүсгээд байсан “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны нээлт өнгөрсөн бямба гарагт “Хүннү Молл”-д болсон юм. Тус кино нь “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дэх бүтээл билээ.

Алтан-Овооны өвөр рүү нэг цагаан адуу салхи татуулан дэл, сүүлээ хуурын эгшиг шуранхайлах адил чичрүүлэн давхисаар цас шиг цагаан дээлтэй бүсгүйн дэргэд ирнэ. Тэр цагаан хүлэг шүтээнт хайрханы эзэн савдаг юм. Хазаарынх нь сагалдарганд шигтгээтэй сувдыг тэр бүсгүй үзэж байхдаа санаадгүй унагаж газарт тараах үед зүүд сарнив.

Таван ханатай гэрийн зүүн орон дээр хажуулдан хэвтэж байсан жирэмсэн бүсгүй дээрх зүүдийг ийнхүү тархиндаа төрүүлж байв. Харин нөхөр нь сумынхаа наадамд зодоглохоор явжээ. Монгол наадам жам ёсоороо болж, тэргүүн байр булаалдах мөчид үзэгчид өөр өөрсдийн дэмждэг хүчтэнээ магтан  сайшааж, хазайхад нь даган хэлтийж, хөл алдахад нь зэрэг шүд зууж дэнчигнэх мэт харагдана. Ийнхүү түрүү бөхөөр гэртээ зүүдлэн унтаж байсан өнөөх жирэмсэн бүсгүйн нөхөр тодорно. Тэрбээр аймгийн арслан цолтой бол үзүүрлэсэн хүчтэн нь аймгийн заан цолтой. Тэрбээр тахимаа өгөөд зөрөхдөө чихэнд нь “Хүүхэн хүүхэд цувуулсан арслан байснаас хөтлөөд явах хүүтэй заан байсан нь дээр” гэж хэлнэ. Энэ үг түүнийг маш их доромжлолд сөхрүүлнэ. Учир нь арслан цолтой тэрбээр бөхийн удам залгах хүүтэй болох гэсэн боловч хүсэхэд хясна гэгчээр харамсалтай нь удмыг нь залгах үр мэндэлсэнгүй. Түүний хамгийн том горьдлого тун удахгүй мэндлэх үр нь байв.  

Аадар бороо цутгасан нэгэн орой эхнэр нь амаржсан ч тэднийд дахиад л охин хүүхэд мэндэлжээ. Хоног өдөр жирэлзэн өнгөрсөөр 20 орчим жил боллоо. Олон жил хүүтэй болох гэсэн аав нь бага охиндоо Тайван гэдэг нэр хайрлаж, эрэгтэй хүүхдийн дээл өмсгөж, үсийг нь хусаад нутгийнхандаа “Би удам залгах хүүтэй болсон” хэмээн худлаа үг тараав. Нутгийнхан нь  ч өмнөө барьдаг ганц арслангаа удам залгах хүүтэй болсонд нь ихэд баярлана.  

Худал үгийг олон давтахаар үнэн болдог гэгчээр өнөөх охин нь үнэхээр эрэгтэй хүүхэд адил эршүүд болж, эмнэг хангал адуу хүртэл сургана, бугуйлдана. Зарим үед өөрийгөө эмэгтэй гэдгээ ч мартана. Гэхдээ том савтай ус өргөх, хөвгүүдтэй барилдахад тэнхээ нь яахан хүрэх билээ. Гэвч тэд түүний тэрхүү байдлыг нь үл анзаарна.

Тэднийх өнөөх үзүүрт үлдсэн бөхийн гэр бүлд яс махнаасаа дургүй. Арга ч үгүй дээ “Хүүхэн хүүхэд цувуулсан арслан байснаас хөтлөөд явах хүүтэй заан байсан нь дээр” гэж хэлүүлсэн юм чинь. Хүүхдүүдээ тэдний хүүхдүүдтэй битгий ойрт гэж хүртэл захидаг байв.

Тэрхүү өс санасан айлынх Хангай хэмээх нэг хүүтэй. Чинээлэг айлын ганц хүү болоод ч тэр үү дураараа гэдэг нь жигтэйхэн. “Энэ нутагт би ганцаараа том дуугарна. Өөр хэн ч биш” гэж хүртэл найзуудыгаа зодож байсан авирыг нь зогсоох хүн байсангүй. Байсангүй ч гэж дээ, байлаа ч баян айлын хүүхдийн хандыг нь дарах гэж байгаад хэрэгт орно гэсэндээ нутгийн залуус зайгаа барьдаг.

Тайван хэний ч мэдэхгүй агуйдаа очихоороо өөрийнхөөрөө байж чаддаг. Тэнд жижгэвтэр толь байрлуулж, ээжийнхээ дээлийг өмсөөд, гурваар сүлжсэн урт гэгч нь гэл хар хиймэл үс зүүн мөрнийхөө урдуур унжуулаад өчүүхэн инээмсэглэл тодруулан зогсоно. Эмэгтэй л хүн болсон хойно тэрбээр бусад бүсгүйн адил гоёж, эрх чөлөөтэй байхыг хүссэндээ энд ирж ийнхүү сэтгэлээ хуурч байгаа нь энэ.

Нэгэн орой хүний нүд хариулж байгаад өнөө агуйныхаа урд байх хүрхрээнд орж байхдаа өнөө баян айлын ганц хүү Хангайд харагдана. Эхлээд Хангай нүдэндээ итгэхгүй байсан ч өөрт нь мэдэгдэлгүй буцна. Маргаашаас нь Тайванг сэм ажиглахад морь унаж яваа байдал, хүнд хүчир ажил хийхдээ дааж ядаж буйг нь хараад эмэгтэй гэдэгт нь улам итгэнэ. Тэр явдлаас хойш түүнийг Хангай зодох нь битгий хэл эхлээд өрөвдөж байсан бол сүүлдээ хайр сэтгэлтэй болно. Тайванг агуйндаа гоёлоо зүүгээд сууж байхад нь сэмхэн орж ирж, бүх үнэнээ хэлснээр тэдний хайр сэтгэл үргэлжилнэ...  

Үлгэр мэт эхэлсэн тус кино жаргалтайгаар төгсөх нь мэдээж. Менежментээр “бөмбөгдсөн” “Хувьсал” продакшныхан ч энэхүү бүтээлдээ сэтгэл хангалуун байв. Бүтээл гэдэг төрүүлсэн хүүхдээс нь өөрцгүй болохоор арга ч үгүй. Энэхүү киноны зохиолыг тус продакшны уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Уранчимэг бичиж, найруулсан юм билээ. Түүнийг зохиол бичсэн гэхэд олон хүн гайхаж байсан бол зарим нь “Байж болох л юм” хэмээж байсан. Гагцхүү ямар зохиолоор кино бүтээсэн нь сонирхол татаж байлаа. Кино төгссөний дараа эргэн бодоход иймэрхүү сэдэвтэй өгүүллэг олон байдгийг сануулах шиг болсон. Тэгээд ч нэрнийх нь утга учир юунд оршсоныг олон үзэгч гайхаад өнгөрсөн. Ямартай ч тус уран бүтээлчдийн яриад байсан шиг шинэлэг зохиолоос төрсөн кино мэндэлсэнгүй. Харин жүжиглэлт сайн байсныг нуух юун. Зарим кинонд дуучин, бүжигчин, үсчин хүртэл тоглохыг харсаар байгаад залхсан болохоор мэргэжлийн жүжигчин дүр бүтээх нь тэс өөр мэдрэмж төрүүлдгийг мөн олж харлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиол нь шинэлэг бус ч, жүжиглэлт сайтай “Атганд үлдсэн эрдэнэ”   
Үзсэн: 10130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2016-03-29 09:49
гол дүрийн залуугийн талаар юу ч бичихгүй юм. Ганчимэг Ганчимэг гээ л байхын. Энэ залуугын талаар бичээч хэт туйлширах муу
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-03-07 15:45
Ganchimeg shantarshgui busgui cain jujigchin umaa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-07 15:06
Ганчимэг байлтай?

Бидэнтэй нэгдээрэй