
“Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн сартай охины ээж Д.Нандинцэцэг өнөөдөр бидэнд хандсан юм. Тэрбээр хэд хоногийн өмнө дээрх эмнэлэгт охиноо хэвтүүлж эмчлүүлэн тариа, дусал хийлгүүлэхийн тулд уян зүү хөлд нь тавиулжээ. Тэрбээр “Хүүхдэд маань тавьсан уян зүү судаснаасаа сугараад гурав хоног болсон. Үүнийг энэ эмнэлэгийнхэн огт мэдэхгүй байсаар хүүхдийн маань хөл бандайж хавдлаа. Өртөг өндөртэй хэрнээ үйлчилгээндээ анхаардаггүй тэдэнд гомдож байна” гэсээр бидэнтэй уулзсан юм.
-Та хоёр энэ эмнэлэгт хэвтээд хэд хонож байна вэ?
-Ханиадтай гэсэн оноштойгоор ирж хэвтээд дөрөв хонож байна. Хэвтсэнийхээ маргааш хүүхдийнхээ хөлөнд уян зүү тавиулаад хоёр тариа хийлгэсэн. Тэгсэн чинь өмнөхөөсөө их уйлсан. Тэгэхээр нь би сувилагчаас нь “Уян зүүтэй хэрнээ яагаад уйлаад байгаа юм бол. Гайгүй байгаа” гэхэд “Хүн юм чинь мэдрээд уйлж байхгүй юу” гэж хариулсан. Гурван цаг хэртэй үргэлжилсэн дуслаа дуустал уйлсан. Оройных нь тариаг хийхэд бүр шээс алдаж уйлаад байхаар нь сувилагч унтуулдаг тариа хэд, хэдийг хийж байж унтуулсан.
-Та эмчид нь үзүүлээгүй юм уу?
-Хэд, хэд гуйсны эцэст үзүүлсэн чинь цээж хэсгийг нь үзэж, чагначихаад “Зүгээр байна” гээд гарсан. Гэтэл өчигдөр тариа хийсэн сувилагч нь харчихаад “Танай охин арай өөр уйлаад байна аа” гэсний дагуу дахин нягталж үзэхэд уян зүү нь сугарсан байхыг мэдэж, мулталж авсан. Тэгэхээр өмнөх хийсэн бүх дусал, тариа нь судсаар нь дамжилгүй арьс, махных нь дундуур орсон гэсэн үг. Хөл нь одоо хавдчихсан байгаа биз дээ (үзүүлэв). Бүх шингэн нь судсаараа биш арьс, махных нь завсраар гүйсэн болохоор ингэж хавдахаас ч яахав дээ. Зүүг нь авсны дараа хэсэг хугацаанд хүйтэн жин тавьсан. Тэгсэн эмч нь “Удаан хугацаагаар ингэж болохгүй” гэсэн болохоор одоо жинг нь тавихаа больсон. Хоёр хоносоны дараа би сувилагчид нь “Эгчийн дүү, ингэж улайгаад байгаа нь зүгээр үү” гэхэд “Боолтондоо тэгж байгаа юм” гээд тоогоогүй.
-Хэдэн төгрөг төлж энэ эмнэлэгт хэвтсэн юм бэ?
-Хоногийн 110 мянган төгрөг. Үүн дээр эм, тариа, үйлчилгээ нэмэгдээд хоногт 250 мянган төгрөг болдог юм байна. Үнэ их болохоор нь сайн үйлчилгээтэй, хариуцлагатай байх гэж бодсон чинь миний сэтгэлд хүртэл үйлчилж чадахгүй байна. Би үнэхээр гомдолтой байна. Мэдсэн бол өөр эмнэлэгт л хэвтдэг байж.
-Сая та эмнэлэгийн дарга нартай уулзаад гарч ирж байна. Тэд ямар хариулт өгч байна вэ?
-Өөрсдийгөө л өмөөрөөд байх юм. Намайг юм хэлэхээр “Өчигдрийн л дусал, тариа нь гадуур нь хийгдсэн. Түүнээс өмнө нь яагаа ч үгүй. Хэрэв гурав хоног үргэлжилсэн гээд байгаа бол баримтаа аваад ир” гэсэн. Өмнө нь ингэж уйлдаггүй байсан хүүхэд уян зүү тавиулсны дараа ийм болсон нь тодорхой байгаа биз дээ. Уйлаад байхаар нь эмчийнх нь өрөө рүү тэврээд ордог. Тэгэхээр сүүлдээ намайг ад үзсэн байдалтай “Тэврээд хоно л доо” гэж загнасан.
-Одоо та яая гэж бодож байна?
-Эмнэлэгийн дарга нь “Манай үйлчилгээ таалагдахгүй байвал өөр эмнэлэгт ханд” гэж хэлсэн. Бидний гомдлыг салбарын яам нь хүлээж авах юм уу, үгүй юу бүү мэд. Ирээдүйд миний охины хөл хэвийн байх үгүйг би хэлж мэдэхгүй байна шүү дээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Интермед” эмнэлэгийн дарга, охиныг эмчилж байгаа эмчтэй уулзсан боловч хариулт өгөхөөс татгалзсан юм. Тэд энэ тухайгаа “Манайд албан бичиг ирүүлвэл ярилцлага өгнө” гэж тайлбарласан. Тиймээс энэ удаад бид охины ээж Д.Нандинцэцэгийн байр суурийг хүргэлээ.
Д.Нандинцэцэг: Би “Интермед” эмнэлэгийнхэнд үнэхээр их гомдож байна | ||
Үзсэн: 4113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.