Шууд Chart

Сонгомол барилдааны хоёр тамирчин хориотой эм хэрэглэжээ

2016-03-23 12:17:13

ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын яамны коллегийн гишүүд, Оросын спортын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили нар өчигдөр мэдээлэл хийжээ. Энэ үеэр М.Мамиашвили

“Манай холбоо зарим бөхөөс мельдоний хэрэглэж байсан эсэх талаар шинжилгээ хийхэд олон арван бөхөөс илэрсэн. Тиймээс тэд сэтгэл зүйн дарамтад ороод байгаагаас гадна зарим нь “Рио-2016” олимпид хүч үзэж чадахгүй байдал орлоо. Иймд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэднийг цухас дурдвал өнгөрсөн жилийн ДАШТ-ий 82 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Европын спортын наадмын аварга Евгений Салеев, Дэлхийн цомын төлөө тэмцээний 130 кг-ын жингийн алтан медальт Сергей Семёнов нар юм. Ингэснээр манай улсын тамирчид энэ эмийг хэрэглэсэн 12 дахь удаагийн тохиолдол боллоо. 1952-2012 он хүртэлх зуны олимпийн наадамд манай бөхчүүд нэг ч удаа сэргээш хэрэглэж байсангүй. Би бөхчүүд, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ итгэж байна. Ямар ч тохиолдолд Оросын баг энэ жилийн олимпийн наадамд хүчтэй бүрэлдэхүүнтэй очно” гэсэн юм.  

Тэгвэл ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович

“ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан долоон орны бөхөөс мельдоний бэлдмэл хэрэглэсэн тухай мэдээллийг WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг манай холбоонд өгсөн. Бөхчүүд ийм олноор сэргээш хэрэглэсэн нь манай бөхийн спортод урьд өмнө нь гарч байгаагүй. Дээрх хоёр бөхийн талаар би сонсоод  маш их гайхсан. Яагаад гэвэл Оросын бөхчүүд сэргээшийн асуудалд нухацтай ханддагийг би сайн мэднэ. М.Мамиашвилийн удирддаг ОСБХ нь сэргээшийн эсрэг маш хатуу байр суурь баримталдаг. Иймээс дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Бүх учрыг олох шаардлагатай” гэв.  

WADA, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн 2015 оны есдүгээр сарын 16-ны шийдвэрээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн тэмцээний үед болон дараа нь мельдоний хэрэглэсэн тамирчны шинжилгээнээс дээрх төрлийн бэлдмэл илэрвэл сэргээш хэрэглэсэн гэж тооцно гэсэн шийдвэр гаргасан. Мельдонийг хориотой эм, эмийн бэлдмэлийн S4 жагсаалтад оруулснаас хойш дэлхийн 20-иод орны 110 тамирчин хэрэглэснээс 18 нь ОХУ-ынх байгаа аж.

“Милдронат” гэсэн албан ёсны нэртэй мельдоний бэлдмэлийг тухайн тамирчин өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтын үед бие бялдрын тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, тэмцээний үед сэтгэл санааны хэт хөөрлийг буулгах зорилгоор хэрэглэдэг байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэд зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ч уудаг байсан гэдэг.

ОХУ-ын эрдэмтэн, профессор Ивар Калвиныш энэхүү бэлдмэлийг зохион бүтээсэн бөгөөд сэтгэгдлээ хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар дэлхийд жил бүр хоёр сая орчим хүн мельдонийг эмийн бэлдмэл байдлаар хэрэглэдэг. Мельдоний бол сэргээш биш. Түүнийг хэт ачааллын үед зүрхний болон булчингийн эд, эс үхэхээс хамгаалж тамирчид хэрэглэдэг. 1970-аад оны үед ЗХУ-ын бүрэлдэхүүний Латви улсын Органик синтезийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа би мельдоний бэлдмэлийг анх гаргаж, ургамлын өсөлтөд хяналт тавих, амьтад, тахианы өсөлтийг идэвхжүүлэх бэлдмэл болгон ашиглаж болохыг туршилтаар нотолсон. Би мельдоний бэлдмэлийг пуужингийн түлшийг устгах шаардлагын үүднээс туршилт хийхдээ бүтээсэн. Гэхдээ хожим нь амьтдын зүрхний ажиллагааг хэвийн болгодог нь тогтоогдсон учир клиникийн анагаах ухаанд ашигладаг болсон юм. Мөн 1976 онд ЗХУ-д зохиогчийн эрхийн гэрчилгээ авч, 1984 оноос анагаах ухаанд хэрэглэхийг зөвшөөрсөн. Түүнээс өмнө Афганистан улсад интернационалч үүргээ биелүүлж байсан зөвлөлтийн цэргүүд хэрэглэдэг байсан. 1984 онд АНУ-д мөн зохиогчийн эрхээ баталжуулсан бол 1992 онд ЗХУ задарсны дараа Латви улсад дахин бүртгүүлж зохиогчийн эрхээ баталжуулсан. Гэхдээ АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эмэнд хяналт тавих байгууллага энэхүү эмийг хэрэглэхийг сайшаагаагүй. Нэр хүндтэй “Drug Testing and Analysis” сэтгүүлийн 2015 оны арванхоёрдугаар сарын дугаарт “Зарим туршилтаар мельдоний бэлдмэл нь бэлтгэл сургуулилтын үед тамирчдын амжилтыг ахиулдаг, тэсвэр хатуужлыг дээшлүүлдэг, сэтгэл санааны хямралаас хамгаалдаг” гэж бичсэн байсан. Спортын салбарт Оросын тамирчдын гаргаж буй хосгүй амжилтад атаархсан Америкчууд элдэв хорт явуулга хийхдээ WADA-г ашиглаж байгаад би харамсаж байна. Аль орны ямар лабораторит ямар туршилт хийсэн болоод хүний бие бялдарт хор хөнөөлтэй гэсэн дүгнэлт гаргав. Ямар үндэслэлээр мельдонийг сэргээшийн төрөлд оруулсан юм бэ. Баримт, туршилтын дүн байгаа бол дэлхий нийтэд ил болгохыг зохиогчийн хувьд би WADA-гаас шаардаж байна” гэжээ. WADA-гаас түүнд тодорхой хариулт өгөөгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгомол барилдааны хоёр тамирчин хориотой эм хэрэглэжээ   
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-31 14:35
MANAI SHIGSHEEGIIN EMCH NAR ENE MELIDONI GEED BAIGAA EMIIN TUKHAI MEDDEG L BAIGAA DAA , BURKHAN MINI
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-03-31 14:35
MANAI SHIGSHEEGIIN EMCH NAR ENE MELIDONI GEED BAIGAA EMIIN TUKHAI MEDDEG L BAIGAA DAA , BURKHAN MINI

Бидэнтэй нэгдээрэй